Эх сурвалж: www.assa.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Сүүлийн үед УИХын гишүүн Х.Баттулгын тухай асуудал гэгч олон түмний санаа бодлыг их үймүүлж шуугиан тарьж байна л даа. Тэгэхлээр монгол төр авлигачидтай тэмцэнэ, шударга ёсыг дээдэлнэ гэдэг энэ уриа лоозонг хэрэгжүүлж байгаа юм шиг дүр харагдаад байгаа юм. Гэтэл энэ асуудлыг яг нарийн тунгааж бодоод үзэх юм бол их олон талтай асуудал. Нэгдүгээрт нь өнгөрсөн хэдэн удаагийн сонгуулийн үеэс эхлээд л сонгууль дөхөөд ирэхлээр л авилгын эсрэг тэмцэл хүчтэй явж байна гэдэг сэтгэгдэл төрүүлэх ч гэдэг юм уу, эсвэл их хуралд байгаа нэгнийхээ нүүрийг дахиж хармааргүй байгаадаа тэгдэг юм уу нэг л их хэрэг мандуулдаг.
Тэгээд сонгуулийн дараа бүгд л чимээгүй болно л доо. Ингээд харахад Х.Баттулгын “хэрэг” гэдэг бол дахиад нөгөө ээлжит давталтын үед нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс өрнүүлж байгаа компанит ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Энэ бол Монгол төрийг үүсгэж байгуулах бидний зарчим, үзэл бодол өөрөө гажуудалд орсны нэг илрэл шүү дээ.
Хоёр дахь асуудал нь яг тэр хөрөнгө мөнгө идсэн шамшигдуулсан гэсэн асуудал яриад байна. Энэ нь шүүхээр нотлогдоогүй асуудал. Бид олон талын мэдээлэл авч байна. Нэг талаас нь төрийнхний зүгээс ярьж байгаа зүйлүүд, сэтгүүлчдийн зүгээс ярьж байгаа зүйл, нөгөө талаар Х.Баттулгын өөрийн ярьж байгаа зүйл. Гэтэл бодит байдал асуудал яг юунаас үндэслэлтэй вэ гэдгийг бид бас өөрсдийнхөөрөө харж тунгааж чадна шүү дээ.
Гаднын “Самсунг” гэдэг компанийн л мөнгөтэй холбоотой юм байна. Гаднын компаний Монголын компанитай хэрэв санхүүгийн маргаан үүсгэж байгаа бол тэр иргэний хэргийнхээ шугамаар явахаас биш нэг улсын их хурлын гишүүнийг шүүх нь эрүүдээд унах явдал биш шүү дээ энэ чинь.
Тэгэхлээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монголын улс төрд гаднынхны гар хөл бол их гүнзгий оржээ. Энэ бол зүгээр далимдуулж байгаа асуудал юм уу даа гэж би хувьдаа ойлгож байна. Ер нь бол УИХ-д Монголын томоохон бизнес бүлэглэлүүд байгаа гэдэг нь хэнд ч илэрхий.
Би тэднийг олигархи гэж хэлээд чамгүй л шүүмжилдэг юм. Х.Баттулга өөрөө баян хүн үү гэвэл баян хүн. Том Женко компанийн удирдагч уу гэвэл мөн. Гэхдээ бизнес бүхэн адилгүй. Олсон зөөсөн хурааснаа Монголынхоо төлөө, эх орныхоо төлөө гэж зориулж яваа, улс орон ч хөгжиж цэцэглэг, өөрийнх нь бизнес ч хөгжиж цэцэглэг гэхдээ улс орныхоо нэр төрийг дэлхийд өргөж яваа цөөхөн бизнесмений нэг нь энэ хүн шүү дээ.
Би юу гэж хэлэх гээд байна вэ? гэвэл их хуралд орсон бизнесийн бүлэглэлүүдийнхний дотор жаахан ухвал юм гарахгүй хүн бараг байхгүй дээ.
Нэг л хандлага хэлэх гээд байна л даа би.
1947 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан Труминг гэдэг хүн Сомосын тухай ярьсан байдаг. Сомос бол нохой нохой гэхдээ манай нохой гэсэн байдаг. Хоттой хонинд чонотой нийлсэн ноход орж ирчихээд байхад ганц өөдөөс нь хуцаж байгаа хоточ нохойгоо олны өмнө нийлээд зодоод эхэллээ. Ингээд бид нар өнөөдөр бизнесменүүдээ харахаар хэн нь эх орныхоо төлөө гэж явна, хэн нь бас гаднынхантай сүлбэлдэж тэдний гар хөл болоод явж байна вэ гэдгийг ялгаж харах ёстой юм.
Х.Баттулгын өөрийнх нь явуулсан үйл ажиллагаа, бизнесээ ч хөгжүүлсэн байдал нь тэр олсон хураасан зүйлээ улс орныхоо улс төрийн бүтцийг тогтворжуулахын төлөө зарцуулж байгаа байдал, ардчилсан хувьсгалынхаа анхны хүмүүсийг дэмжиж явж байгаа байдал, дээрээс нь энэ жудо бөх цаашлаад Шинэ сум төсөл, Их майдар төсөл, Сайншандын хүнд аж үйлдвэрийн төсөл … гээд энэ бүх хөтөлбөрүүдээ гаргаж байгаа нь энэ хүн бол эх орныхоо төлөө чин сэтгэлээрээ зүтгэж яваа гэдгийг л харуулж байгаа юм.
Энэ хүнийг өнөөдөр чичлээд элдэв өнгийн мэдээллийн хэрэгслээр шуугиан дэгдээж сонгуулийн өмнө улс төрөөс шахаж гаргах гэж байгаа нь монгол түмэнд их сонин сэтгэгдэл төрүүлж байна.
Үүний цаана бизнес бүлэглэлүүдийн хоорондын зөрчил тэмцэл гэхээсээ илүү цаана нь Монголын баялаг руу гараа шургуулах гэсэн гаднынхны нөлөө л их хүчтэй явж байна. Хэнд ч нууц биш зүйл.
2008, 2009 оны хямралын үеэс эхлээд л хуучин засгийн газрын сайд байсан хүмүүс ч хүртэл өөрсдөө ярьсан шүү дээ. Монголын их хурал хэний их хурал юм бэ? Монгол улсынх юм уу МCS-ийнх юм уу? гэж.
Өнөөдөр МCS группийнхэн Энержи ресурсийнхээ тэрбум гаруй долларын алдагдлыг Таван толгойг золионд гаргаж нөхөхийн тулд улайрч байна шүү дээ. Үүнийг харсаар байж, цаад үндсийг нь ойлгосоор байж улс төржүүлж өөр аргаар шийдэх гэдэг нь үнэхээр харамсалтай байна.
Нөгөө талд нь бид энэ асуудлыг аваад үзэхэд ер нь төр маань хэний төлөө үйлчилж байна вэ? гэдгийг харах болжээ. Оюутолгойг тавиад туучихсан. Одоо тэгээд Оюу толгойг ярихаа ч байж мартаж эхэллээ.
Гэхдээ Оюутолгойг монголчууд мартахгүй л дээ. Монголын үнэт өв баялаг. Оюутолгойг Монголын ард түмнээс салгаж завшсан тэр этгээдүүд хэзээ нэгэн цагт монгол төрийн өмнө, монголчуудын өмнө толгой бөхийх цаг ирнэ!
Тэр цагт Оюу толгойг золионд гаргаж завшсан этгээдүүд өөрсдөө сайхан дулаахан газарт бэлэн хоол идэх ч цаг ирж магадгүй. Нэгэнт Оюутолгойг гадна дотнын нийлсэн сүрэг шуналын хүүдийнүүд маань ингээд шийдчихсэн болохоор таван толгойг ингэж болох юм байна гэж ойлгоод байгаа юм.
Ийнхүү гадны хөлд Монголын төр өнөөдөр сөгдөж байна. Бид харж байна үүнийг.
Гадаад дотоодын шуналд хөтлөгдсөн хүмүүс бөөнөөрөө дайрч байна шүү дээ.
Тэдний төлөө үйлчилж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарим бүр нийтлэгчид маань хүртэл энэ талд нь улаан цагаан явж байна.
Бид үүнийгээ ялгаж харах хэрэгтэй. Миний бодоход өнөөдөр монгол төрийнхөө төлөө, монгол түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэж яваа хэн нэгнийгээ золионд гаргах ийм замаар бид явах юм бол монгол төр монгол үндэстэн улам л доройтох болно. Би өөр нэг зүйлд сэтгэл эмзэглэж суудаг юм.
Сүүлийн үед монгол төрийнхөн дотор боловсролоороо бие биеэ их шоглодог болж. Тэр Ганбаатар гэдэг хүнийг боловсролгүй гэж элдэв өнгөөр хэлж хэдэн телевиз дамжуулж байцаасаар байгаад их хурал дээрээс эхэлсэн тэр үйл явдал тэгэсгээд төгсгөлд хүрлээ шүү дээ.
Гэтэл одоо мэдээлэл гарах бүрд л Х.Баттулгыг мэдлэг боловсрол муутай гэх юм. Чингис хаан сургууль төгсөөгүй юм шүү дээ. Нөгөө талдаа ямар нэгэн хавтас сугавчилсан хулгайчаас хавтас өвөртлөөгүй эх оронч нь дээр шүү! Эх орноо монголоо гэсэн сэтгэл тэр хүнд байгаа! Хавтастай хулгайч гэдэг чинь бүр боловсорсон хулгайч. Ингэж бодохоор энэ их хурлынхан, төр засгийнхан хэн нь хэн бэ? гэдгээ өөрсдөө нэг эргээд хараач ээ.
Одоо жишээ нь дөрвөн ерөнхий сайдын үеийг дамжуулаад эдийн засгийн ухааны талаас ичээд нүүрээ хийх газар олдохгүй нэг зүйл байдаг юм. Манай ерөнхий сайд болж байгаа, төрд ажиллаж байгаа улсууд өнөөдөр нэгдүгээр курсийн оюутны боловсрол байхгүй. Эдийн засгийн хувьд. Нэмүү өртөг нэмүү өртөг гээд нөгөө л марксикмийн үеийн нэмүү өртгөө л ярина. Тэгэхэд Өвөр монголын хөтлөгчид нэмэгдсэн өртөг гээд яриад сурчихсан байгаа юм шүү дээ. Нэмэгдсэн өртөг гэдэг чинь ашиг орлого, татвар, дээрээс нь цалин хөлс, элэгдлийн шимтгэл бүгд орж байгаад нэмэгдсэн өртөг болно. Нэмүү өртөг гэдэг чинь марксист эдийн засгийн ухааны зөвхөн ашигтай холбоотой ойлголт шүү дээ. Нэр томъёо ч байхгүй мөртлөө хэн нь хэнийгээ дээрэлхэх гээд байгаа юм бэ?
Энэ бол монгол түмэнд их муухай үр дагавар үлдээнэ. Бид монгол төрд боловсрол багатай ч гэлээ сургууль төгссөн, сургууль нь бага ч гэлээ насан туршдаа Чин үнэнчээр зүтгэж мөнхийн гавьяа байгуулсан улсуудыг мэднэ. Самбуу гуай байна. Бичээч байсан л хүн шүү дээ. Бумцэнд гуай байна. Ийм улсуудаа бид түүхэндээ харсаар байж өнөөдөр хэн нэг хүнээ чичилж боловсрол багатай дуугарч болохгүй, ийм тийм гэж хэлж болохгүй. Магадгүй засгийн газрыг удирдах, хөтөлбөр хэрэгжүүлэхэд боловсрол хэрэг болж болно. Монголоо гэсэн сэтгэл бол ерөнхийлөгчид ч хэрэгтэй төрд зүтгэж байгаа хүн бүхэнд хэрэгтэй. Энэ бол гол шалгуур. Эх орноо гэсэн үзэл. Өнөөдөр эх орончдыг шоглох нь гадаадын хөрөнгө оруулагчдын гарыг долоож байгаа хүмүүсийн л хийж байгаа ажил л даа. Эх оронч гэдэг үзлийн нөгөө талд нь бэртэгчин гэдэг үзэл байдаг юм.
Монгол төрд бэртэгчингүүд дэндүү их үүрлээд байгаа юм биш үү. Ийм байдлаар бид явах юм бол хөрөнгийн шуналыг давж дийлэхгүй. Эд нар өнөөдөр Монголын эдийн засгийг хөгжүүлье, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийе гэхээсээ илүү хамгийн амар ашиг хонжоо олж болох Монголын эд баялаг, эрдэнэсийн сан, газар шороог гаднынханд худалдах энэ зам руу тэмүүлнэ.
Өнгөрсөн дөрвөн жилд төрийн бодлого үүн рүү их ноцтой хэвийсэн. Үүний нь эсрэг тэмцэж байгаа хүмүүсээ популистууд гэж шоолно гэдэг бол тэр хүмүүс өөрсдийгөө л бэртэгчин гэдэг дээрээ гарын үсэг зураад түүхэнд үлдээж байна гэсэн үг. Үүнийг бид бодож явах ёстой.
Эргээд Баттулгын асуудал дээр ороход одоо сонгууль ойртож байна. Баттулгыг монголчууд мэднэ гэж боддог.
Монголчууд энэ хүнээ хэзээ нэгэн цагт авилгачид энэ хүнийг шоглоод байсан юм энэ хүн муу хүн гэж хаяхгүй шүү дээ. Монголын ард түмэн өөрсдөө яаж ийгээд хамгаалаад энэ хүнээ төрд аваад явах учраа олох байх гэж бодож байна!