Хөгжингүй орнуудыг анзаараад байх нь ээ дундчууд нь нийгмийн давхаргынх нь дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Байртай, машинтай, дажгүй ажилтай дундчууд нийгмийг авч явдаг, өндөр хөгжлийн шалтгаан болдог гэх гээд байна л даа.
Америк, Англи, Герман гээд хөгжлөөрөө түүчээлсэн гүрнүүд гэхэд л дундчууд олонтой, төр засгаас нь дундчуудаа дэмжсэн бодлогод хүчтэй анхаарч чаддаг. Дэлхийн том гүрнүүдийн нэг, ганц намын тогтолцоотой Хятад ч хүчирхэг нийгмийг үгээгүй хоосон ажилчин тариачин биш дажгүй орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй дундчууд авч явдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Урд хөршид ядуу тариачид нь багасч дундчуудын хүрээ жилээс жилд өргөжиж байгаа. Дундаж давхаргынхан нэмэгдэх хэрээр эрэлт ихэсдэг, эрэлт ихсэхээр зах зээл нь дагаад хөгждөг жамтай. Хятадын дундчуудын буянаар Ази энэ зууны хагас гэхэд Америкийн өмнө гишгэнэ гэж олон улсын шинжээчид онцолж буй. Хөгжилтэй улсуудын төр засаг дундчуудаа дэмждэг нь ийм учиртай. Манай улсад ч 2012 оны сонгуулийн дараагаас дундчуудаа дэмжих бодлого хүчтэй хэрэгжээд эхэлчихсэн.
АН-ын засгийн эрх аваад хийсэн үлдэцтэй ажлын нэг нь яах аргагүй найман хувийн орон сууцны зээлийн хөтөлбөр. Хямд хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээр 50 орчим мянган айл үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Найман хувийн зээлээр байранд амьдарч байгаа нийт өрх гэвэл наян мянга дөхнө. Өмнө нь арилжааны банкны зээлийн багцын ихэнхийг гар утас, хивс, цахилгаан бараа гээд тансаг хэрэглээний зээл эзэлж байсан бол өдгөө байдал эрс өөрчлөгдсөн. Саяас дээш орлоготой өчнөөн айл найман хувийн зээлд хамрагдаж, дэмий зүйлд мөнгөө зарахаа больсон гэдэг бол том үр дүн. Үл хөдлөх хөрөнгөтэй дундчуудын эгнээ ингэж тэлж эхэлсэн нь найман хувийн орон сууцны зээлийн өгөөж гэх гээд байна л даа.
Найман хувийн орон сууцны зээлийн хүү саявтар таван хувь болоод буурчихлаа. Эцсийн дүндээ хөгжил авчирдаг дундчуудын хүрээ дахиад тэлнэ гэсэн үг. Энэ бол том олзуурхал. Гэхдээ сүүлийн үед нэг зүйл их тод анзаарагдах боллоо. МАН-ын зүгээс аль хэдийнэ шүүмжлэл үнэртсэн бор шувууд нисэлдээд эхэлсэн. Уг нь МАН бага хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд хэрэгтэй, эдийн засагт ахиц авчрах шийдэл гэж мэдэж байгаа. Харамсалтай нь АН санаачилж эхлүүлсэн болохоор тэд таван хувийн зээлд заяа нь таатай хандахгүй. Ирэх сонгуульд парламентад овоо хэдэн суудал авчихвал хэрэгжүүлэхгүй гээд түмэн шалтаг тоочоод гэдийчихэж мэдэх өндөр магадлалтай. Өндөр магадлалтай ч биш юм байна, ер нь тэгнэ. Тэгэхээр та бидний амьдралыг сайжруулах, алсдаа Монголыг хөгжилтэй улс болгох нэг гарц болсон таван хувийн зээл цаашид амжилттай хэрэгжих нэг л зам бий. Тэр нь АН ирэх сонгуулиар ялах. УИХ-д ядаж л 50 суудал авах. Ингэж байж тэд санаачилж эхлүүлсэн таван хувийн орон сууцны зээлээ амжилттай хэрэгжүүлнэ.
Таван хувийн орон сууцны зээл одоогоор тодорхой хязгаартай хэрэгжиж байгаа. Санаачилсан нөхөд нь үргэлжлүүлээд хэрэгжүүлэх эрх дархтай болчихвол хязгаар босго нь намсаж, бүх л хүн таван хувийн хүүтэй зээл авч байртай болох боломж нээгдэх нь тодорхой асуудал. Түүх сөхөөд үзэхээр хямд хүүтэй байрны зээл, иргэдээ орон сууцжуулах бодлогын эхлэл суурийг АН тавьсан байдаг. Наад захын жишээ нь дөчин мянган айлын орон сууц хөтөлбөр. Тэр үед МАН үлгэр гэж шүүмжилж байсан. Үлгэр биш бодит амьдрал дээр хэрэгжсэнийг өдгөө бултаараа харцгааж байна. Таван хувийн зээл ч ялгаагүй үлгэр биш, хэрэгжүүлэхээс аргагүй бодитой үндэслэлтэй шийдвэр.
Ипотекийн таван хувийн зээлийг улс төрийн шоу, урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэр байхгүй тул улсаараа сонгуулийн дараа эдийн засгийн дампууралд хүрнэ гэж АН-аас бусад нь шүүмжлээд эхэлчихлээ. Тэд 2009 онд тохиосон АНУ-ын ипотекийн хямралыг дурдаж ирээд л шүүмжилж байна. Үнэндээ Монгол Улсын ипотекийн тогтолцоо АНУ-ынхаас тэс ондоо. Малайзын Чагамасын моделоос үүдэлтэй гэдгийг захын эдийн засагч тайлбарлаад хэлчихнэ. АНУ-ын орон сууцны зээлийн хямралын гол шалтгаан нь subprime буюу стандарт бус ангиллын ипотекээр баталгаажсан үнэт цааснаас үүдэлтэй. Стандарт орон сууцны зээл ихэвчлэн урьдчилгаа төлбөртэй, 30 хүртэлх жилийн хугацаатай, тогтмол хүүтэй байдаг. Хямралд хөтөлсөн ипотекийн зээлийн шалгуурыг харахад л манайхаас тэс өөр нь мэдэгдэнэ. Зээлдэгчид сарын зээлийн төлбөрийнхөө хэмжээг өөрчлөх боломжтой, төлбөр барагдуулах хугацаа нь 30 жилээс урт, бүр цаашлаад яривал бичиг баримтгүй зээл олгож байсан эрсдэл хүртэл анзаарагддаг. АНУ-ын хямралын гол шалтгаан болсон моргэйжийн зээл ид хэрэгжиж байхад орон сууцны зээлийн сурталчилгаанд нь “бичиг баримтгүй олгох зээл”, “100 хувийн санхүүжилт”, “зөвхөн хүү төлөх зээл”, “нийлмэл зээл” гэсэн үгнүүд түгээмэл ашиглагдаж байсан гэдэг.
Дахин хэлэхэд манай улсад хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн тухайд урьдчилгаа төлбөртэй, 30 хүртэл жилийн хугацаатай, тогтмол хүүтэй гэдгээрээ АНУ-ын зээлээс ялгарч байгаа. Өөрөөр хэлбэл стандарт зээл гэсэн үг. Тэгэхээр зарим улстөрчдийн яриад шүүмжлээд байгаа шиг бэрхшээл эдийн засаг талаасаа лав алга. Эдийн засаг талаасаа эрсдэлгүй гэхээр таван хувийн зээлд эргэлзээд байх шалтгаан харагдахгүй байна.
Таван хувийн орон сууцны зээлийн хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх өгөөж нь ч бодитой. Нийслэлийн иргэдийн 60 хувь нь гэр хороололд, 40 хувь нь орон сууцанд амьдарч байгаа. Утаа үйлдвэрлэдэг 60 хувийг орон сууцжуулж байж л агаарын бохирдолд баяртай гэж хэлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр наад зах нь Улаанбаатарын утааг элдэв мөнгө зарахгүйгээр баталгаатай арилгах ганц хөтөлбөр болж таарч байна. Элдэв өвчний шалтгаан болсон хөрсний бохирдлоос ч зовлонгүй салах аятайхан боломж. Зөвхөн утаа, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх гэж улсын төсвөөс 2011 оноос хойш 74 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэсэн статистик бий. АН-ын хувьд ийм их хэмжээний мөнгийг зарахгүйгээр асуудлаа шийдчихье, далимд нь иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй болгоод авъя гээд байгаа л хэрэг. Ийм хэрэгтэй хөтөлбөрийг эсэргүүцээд байгаа шалтгаан нь ямар ч үндэслэлгүй, бага хүүтэй орон сууцны зээл дэлхийн улсуудад нэгэнт хэрэгжээд өгөөжөө өгсөн гэдгийг өмнө онцолсон учраас дахиж нуршаад яахав.
Харамсалтай мөртлөө бултах аргагүй гашуун үнэн гэвэл таван хувийн ипотекийн зээл яаж ч бодсон АН-д дургүй популист улстөрчдөд болон МАН-д таалагдахгүй. Тэд хэзээд ямар нэг шалтгаан бодож олоод шүүмжилсээр суух нь ойлгомжтой. Тэгэхээр хямд хүүтэй байрны зээлийг үргэлжлээсэй гэж хүсч байгаа иргэдийн хувьд энэ ажлыг эхлүүлсэн АН ирэх сонгуулиар УИХ-д тавин суудал аваасай гэж найдах л үлдэж байна даа.