Л.БАТБААТАР
Монгол орны нийт нутагт агаарын хэм нэмэх болж, цас мөс ханзарч байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн дулаан нэмэгдсээр Улаанбаатарт өчигдөр 10 хэмийн дулаантай өнжив. Гэхдээ улсын нийт нутагт жилийн дулаан улиралд усны, хур борооны үер болдог онцлогтой. Өнөө жил ч, агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөвөрлөсөн цас хайлж, Улаанбаатарын зарим хэсэгт шар усны үеэр боллоо. Хэдийгээр шар усны үеэр нь уулархаг нутгаар голчлон тохиолддог ч газар олголт, Улаанбаатар хотын хүн амын нягтаршлаас шалтгаалан энэ үеэрт автах айлуудын тоо төдийлэн буурахгүй байна.
Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногийн эхээр Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Далангийн 1, 2, 29 дүгээр гудамжны 300 гаруй айл шар усны үерт автаж, эд материалын хохирол амссан тухай мэдээлэл гарсан юм. Тиймээс бид энэ дагуу тус байршилд шар усны үеэр ямар хэмжээнд байгаа, тухайн бүст амьдарч буй иргэд ямар байдалтай байгааг сурвалжиллаа.
“Шар усны үерын аман дээрх айлууд багасаагүй”
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо зүүн талаараа автозамын, баруун талаараа үерийн далангийн хооронд хашигдан орших хотгор, нам доор байрладаг юм байна. Энэ орчмын газрыг Далангийн гэж нэрлэдэг аж. Биднийг очиход Далангийн гудамжаар явган хүн явах аргагүй шар усны үерт автсан байв. Гудамжаар ус туучин явах залуутай уулзаж шар усны үерийн талаар ямар бодолтой байгааг асуухад хойд зүгийг заан “Энэ хөтлийн цаана нуур бий. Нуурын даланг сэтэлснээс шар усны үер болсон гэж хүмүүс ярилцаж байсан” гэдгээс гавьсангүй.
Харин “Хилчин” хотхоны арын гудамжны эхний айлын хашааны хаалга онгорхой байсан тул бид орж үзсэн юм. Энэ айлын хашаа бүхэлдээ усанд автсан байдалтай байсан ч гэр, өвлийн шавар байшингаа өндөрлөж барьсан тул усанд автаагүй байна.
Тус айлын эзэн “Шар усны үеэр болоод алхаж, гишгэх газар алга. Жил, жилийн өдийд энэ хавиар шар усны үерээс шалтгаан лаг шавар болчихдог. Манай хашаанд бас нэг айл байж байгаад усанд автсан. Тэгээд нүүчихсэн. Ер нь, манай энэ хавийн газарт 30 гаруй айл л байсан. Гэтэл Далангийн хэсэг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах сургаар 300 гаруй айлтай болчихсон. Нэг хашаанд 2-3 айл бий. Хашаандаа 2-3 айл буулган мөнгө авж, амьжиргаагаа залгуулдаг нь ч бий. Ер нь, гэр дугуйлах газар л олдвол гэр барьж байна. Бороо орох болгонд энэ хавийн газар усанд автдаг ч айлууд нэмэгдсээр л байх юм” гэлээ.
Харин долдугаар хорооны иргэн Б “Өнөөдөр гудамжны усыг гурван удаа сорууллаа. Айлуудын хашаан доторх усыг соруулсангүй. Бага насны хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадахгүй байна. Гурван жилийн өмнө шар усны үер болдоггүй байсан. Тоосгоны үйлдвэрийн цэвэрлэгээний ус далангийн цаагуур урсдаг байсан. Үерийн ус зайлуулах шугамыг айл бууж хааснаар үер болдог болж байна” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны хоёрдугаар хэсэг орших Далан гэх энэхүү газар нь хонхор байрлалтай газар гэдгийг дээр дурдсан. Тиймээс хурсан усыг суваг татан гадагш урсгах боломжгүй байдаг юм байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын ахлах байцаагч, онцгой байдлын дэд хурандаа А.Батбаяртай утсаар холбогдож лавлахад “Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эхний ээлжинд айлуудын хашааны усыг нь соруулж өгнө. Ингэхдээ бохирын ус соруулдаг машин ашиглахаас өөр аргагүй. Учир нь, соруулсан усаа нэг км газар зөөвөрлөж асгах шаардлагатай. Далангийн айлуудын урд талд “Хилчин” хотхон баригдсан учраас ус зайлуулах боломжгүй болсон. Инженерийн шугам сүлжээ байгуулж л гудамжны болон айлын хашаан дахь усыг зайлуулна. Өөр арга байхгүй. Тэр хавийн айлууд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан байгаа. Тиймээс нүүгээд явж чаддаггүй. Дүүргийнхээ Газрын албатай хамтран “Та нар үерийн аманд буусан байна. Эрсдлийн аюултай бүс учраас нүүнэ үү” гэсэн шаардах хуудас өгдөг юм. Тэгэхээр “Бид өөрсдийн хашаа хороогоо хаяад нүүж чадахгүй” гэдэг. Харин бидэнд өөр авах арга хэмжээ авах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй” гэж учирлалаа. Сонгинохайрхан дүүргээс ажлын хэсэг гарч шар усны үерт хавтсан айлуудад тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Үүнд иргэд талархалтай хандаж байв. Мөн ус ихээр тогтдог хотгор газруудад хайрга асгахаар болжээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Засаг дарга Б.Сэлэнгэ “Усанд автсан гурван айл бий. Эдгээр айлын хашааны усыг соруулж байна. Маргаашнаас амралтын өдөр харгалзахгүй ажиллана. Иргэдийн хүчээр усны үер зайлуулах хоолой, шуудууг цэвэрлэнэ. Ирэх даваа гарагт дүүргийн Засаг даргын орлогчийн удирдлага дор ажлын хэсэг хуралдана. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор айлуудыг нүүлгэх журамтай” гэсэн юм.
Ямартай ч, шар усны үерээс болж эд материал, амь насны хохирол гараагүй ч наад зах нь хашаа хороондоо чөлөөтэй алхах боломж энэ хэсэгт байхгүй байна. Шавар, шавхай усны аюулыг иргэд мэдэж байгаа ч, гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох газар тул айлууд ч зөвшөөртэй, зөвшөөрөлгүй нүүж ирсээр байгаа юм байна.
Эх сурвалж: www.assa.mn