Comment.mn

Н.Багабандийг УИХ-д, С.Баярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр “болов”

1458276532_img_5034_500x500Энэ удаагийн сонгууль үзэж харах юм ихтэй сонгууль болох нь тодорхой болоод байгаа билээ. Урьдчилсан байдлаар УИХ-д Дархан аварга Сүхбат, Ёкозуна Дагвадорж, МУГЖ Жавхлан, Арго багш, “Тимон” Учрал, дуучин Нара нарын хүмүүс нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Тэгвэл улстөрд ч гэсэн урлаг соёлынхноос дутахааргүй сонин содон хүмүүс УИХ-д нэр дэвшихээр болж байгаа сурагтай.

Мэдээж тэдгээрийн хамгийн сонин содон нь экс Ерөнхийлөгч Н.Багабанди болж байна. 2005 онд Ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш “Титэм үг” бичиж, МАН-ын ганц нэг гишүүнийг дэмжсэнээс өөрөөр улстөр оролдоогүй Н.Багабанди улстөрд эргэн ирэхээр шийдэж УИХ-д нэр дэвшихээр болжээ. Магадгүй түүний энэ үйлдэл Ерөнхийлөгчдийн ааш аяг, амбицаас болсон байх. Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа Монгол Улсын төрийн тэргүүн хэмээх хамгийн том албан тушаал хашиж байсны хувьд энэ албан тушаалаа басхүү өөрийгөө хүндлээд улстөрөөс хөндийрөх ёстой бичигдээгүй соёлыг Н.Энхбаяр зөрчсөн. Улмаар Шадар сайд болохоосоо ичихгүй хэмээсэн. Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд бас л амбиц нь дууссангүй, амар сайхандаа жаргахаас илүү олон улсад гарч ажиллахын түүс болон явна. Түүний хувьд олон улсад гарч ажиллаж л байвал ямар ч ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч байснаа үл тоон голохгүй хийнэ.

Тийм л их улайран зүтгэлт түүнээс мэдрэгдэж, 2017 онд Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа НҮБ рүү явахаар бэлдэж эхэлснийг эх сурвалжууд үгүйлж байгаа юм. Албан тушаал, авлигын амтыг мэдэрч, амтанд нь орж түүнийхээ төлөө төрсөн үрээ хүртэл хөсөр хаядаг “шинэков” улстөрчдийн хажууд төрийн тэргүүнүүд эрх мэдэл, мөнгөний амтанд бялуурсан баймаар.

Гэсэн ч Ерөнхийлөгчийн хажуугаар Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүний албыг давхар хашиж Монгол Улсын нууцтай холбоотой бүхий л мэдээллийг мэддэг П.Очирбат гуай “Оюу-Толгой”, “Энержи Ресурс” зэрэг гадна, дотнын цөөнгүй компанийн ТУЗ-д ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлээд түүнийхээ хөлсөнд ганц “Оюу-Толгой”-гоос л гэхэд сарын 30 гаруй мянган ам.долларын цалин авч, “сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг”-ийн адилаар Монгол Улсын төрийн тэргүүний нэр нүүрийг эх орноосоо урваж, улсаа худалдаж идчихэлгүй “худалдаж идэв”.

Харин Н.Энхбаяр, Н.Багабанди нарын Ерөнхийлөгчид “одоогийнх шигээ ухаантай өмнө нь байсан бол ч…” гэдэг шиг улстөрд эргэн ирж, өмнө нь хийж гүйцэлдүүлээгүй санаагаа хэрэгжүүлэхээр айсуй. Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд энэ хоёроос арай ондоо, улстөрийн шинэ гараагаа Монголоос бус гадаадаас хайж байна. Ингэж л гадаад, дотоодод улстөрийг “аяга таваг угааж, шал шүүрдэх”-ээс дахин эхэлж буй тэдэнд одоогийнхоос нь том мөрөөдөл бий бололтой юм даг. Харин хүнд өвчний улмаас гадаад явсан гэх С.Баярыг МАН-ынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сойх магадлал тун өндөр байна. Учир нь, одоогийн дүр зургаас харахад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж буучих учраас хүчтэй өрсөлдөгч байхгүй байгаа юм.

Тиймдээ ч тэр үү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Тэр болтол С.Ганбаатарын нэр хүнд улам өсөх ч МАН түүний эсрэг С.Баярыг тавьж, ялна хэмээн итгэж байгаа аж. Харин МАН-ын нэр хүндтэй зүтгэлтэн Н.Багабандийг намын нэр хүнд сэргээхэд чухал хувь нэмэртэй хэмээн түүнд намын жагсаалтын нэгдүгээр байрыг өгөхөөр болжээ. Тэгэхээр өөр шалтгаан л нөлөөлчихгүй бол ирэх сонгуулиар Н.Багабанди экс Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн болох нь тодорхой юм.

Эх сурвалж: undesten.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.