Comment.mn

Иргэдэд олддоггүй газрыг эрх мэдэлтнүүд наймаалцсаар…

12802964_185298018514163_2743050939782516149_nИргэдэд олддоггүй газрыг Засаг даргын орлогч Т.Чулуунгэрэл, Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Энхжаргал нар наймаалцаж дуусах болоогүй юу

Налайхын газар нутаг үе үеийн эрх баригчдын хөлжих хэрэгсэл болоод удаж байгаа гэдгийг иргэд сайн мэддэг. Б.Баяндэлгэрийн үед цэцэглэж байсан газрын наймаа улам хөгжиж дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын үед улам л даамжирч байна. Тэд өмнө нь газар, төсвийн мөнгийг ээлжлэн иддэг байсан бол одоо бүр цагаандаа гарч бүлэглэн иддэг тогтолцоонд шилжжээ. Эдгээр эрхмүүд Иргэдийг алга дарам хашааны газар авья гэхэд ямар ч газар байхгүй ээ гэдэг. Мянга мянган иргэд газраа өмчилж чадахгүй өнөөг хүрч байгаа. Гэтэл өнөө иргэдэд олддоггүй газрыг дүүргийн эрхтэн дархтангууд өөрсдийн танил тал, ах дүү, хамаатан садандаа хэдэн зуун га-гаар өврөөсөө гарган олгож, наймаалцсаар л байна. Тэдний энэ үйлдэл бүр хэрээс хэтэрч Засаг дарга, төлөөлөгчид нь өөрсдөө “иргэн” гэдэг нэрээр бие биедээ хорь, гучин га-гаар нь газар олгодог системд шилжжээ.12798989_189511521426146_1962087663248281268_n
Үүний тод жишээ нь саяхан болж өнгөрсөн ИТХ-ын хэлэлцэх асуудалд 3-р хороонд байршилтай 20 га газрыг малын тэжээлийн ургамал тариалах зориулалтаар иргэн Чулуунгэрэлд эзэмшүүлэхээр оруулжээ. Иргэн Чулуунгэрэл гэдэг нь дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч төдийгүй өмнө нь малын ферм барих нэрийдлээр 30 га газрыг хувьдаа авсан байдаг.
Үүний нөгөө талд ах Б.Баяндэлгэр нь Засаг дарга байх үеэс л МАН-ын нэрээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, эрх мэдэлд дулдуйдан 2014 оноос АН намтай ашиг сонирхлоо нэгтгэсэн үндэслэлээр МАН-аас хөөгдсөн гэх төлөөлөгч Т.Энхжаргал мөн л иргэн нэрээр 3-р хороонд байршилтай Баянгийн бүрдэд 1,5 га газрыг зүчээ барих зориулалтаар, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай гэрлэн дохионы уулзвар дээр зарлалын самбарын зориулалтаар 0,02 га газрыг “Хангай сервис” ХХК-ийн нэр дээр тус тус авахаар хоорондоо тохирон хуралд оруулжээ. Төлөөлөгч Т.Энхжаргал өмнө нь дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Т.Энхтайваны төрсөн дүү бөгөөд дээрх “Хангай сервис” ХХК нь тэдний гэр бүлийн компани гэдгийг Налайхчууд бүгд л сайн мэддэг. Уг нь тэд Налайхын газар нутаг, ард түмний ажил, амьдралаар сүүлийн хэдэн жил тоглож ханасан байлгүй, санаа нь зовдог болов уу гэтэл үгүй байжээ. Харин ч ичих нүүрээ элгэндээ нааж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан үгсэж, иргэн нэрээр ийнхүү аашлах нь яг л яахаас ч буцахгүй өлөн чононууд дунд иргэд амьдарч буй сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байна. Энэ бол тэдний эх захгүй, эрээ цээргүй үйлдлүүдийн нэгхэн л жишээ юм. Тэд ийм жишгээр сүүлийн олон жилүүдэд ханаж цадахгүйгээр авсаар байгаа их хэмжээний газрууд дээрээ Налайхчуудад тустай өчүүхэн ч болов бүтээн байгуулалт хийсэн бил үү.

Үүнээс гадна 2-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Соёл урлагийн ордны баруун урд ногоон байгууламжаар тохижуулах 11,1 га газрыг иргэн Э.Мөнхжаргалын эзэмшилд, Цонжинболдог, Налайхын тал орчмын 150 га газрыг төрийн байгууллагын ажилтнуудад олгохоор тусгажээ. Гэтэл Налайхад ийм их хэмжээний газар эзэмших тийм олон төрийн байгууллага, төрийн албан хаагчид байгаа билүү. Ингэж өнгөлөн далдлалт хийчихээд жирийн иргэдийн өдөржин, шөнөжин дугаарлаж зогсож, алалдан, талалдаад ч авч чадахгүй байгаа газрыг АН-ын төлөөлөгчид, өөрсдийн хүмүүстээ хичнээн га-гаар хуваахаар хуйвалдсан нь хэнд ч тодорхой.1Ингээд зогсохгүй Баянцогтын хойд талаас эхлэн Нисэхийн торон хашааны урдуур уурхай дундуур гарч ҮТП-ын зүүн тал хүртэлх 85 га, Баянцогтын баруун талаас Наадам толгой хүртэл 75 га, Цэргийн ангийн торон хашааны баруун үзүүрээс Наадам толгой хүртэл 55 га, Наадам толгой орчим 10 га газар нийт 225 га газрыг дүүргийн Морин спорт уяачдын холбоонд олгохоор төлөвлөж оруулжээ.

Газрын наймаа ингэж үргэлжилсээр сүүлдээ Баржингийн аманд 19 га газрыг тарвага үржүүлгийн газар байгуулах зориулалтаар иргэн С.Цэрэндалайд, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3, 5-р хороонд байршилтай газар олгохоор шийджээ.2Жирийн иргэд хүссэн газраа авахын тулд ямар бэрхшээлийг туулдгийн нэг жишээ нь, өнгөрсөн зуны аагим халуунд Налайхчууд чацаргана тариалах газар олгох сургаар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны үүдэнд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл хэдэн өдөр л хөл толгойгүй дугаарласан явдал байлаа. Энэ нь дүүргийн Соёл урлагийн ордонд бүртгэлээр үргэлжилж, эцэст нь сугалаагаар азаа үзэн цөөн тооны хүн чацаргана тариалах газартай болсноор дууссан байдаг. Олон зуун хүн хэдэн өдөр дажин болох шахаж дугаарласан чацаргана тариалах газрын хэмжээ нь ердөө 5 га байсан гэсэн шүү.

Тэгвэл үүнтэй агаар нэг болсон бодит үйл явдал буюу өмнөх хурлын чуулганаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, чуулганаар батлагдаагүй 100 га газрыг чацаргана тариалах зориулалтаар дур мэдэн “дуудлага худалдаа“-нд оруулах ажлыг дүүргийн Өмч, газрын харилцааны хэлтэс зохион байгуулж 40-өөд сая төгрөгөөр худалдсаныг төлөөлөгчид дүүргийн Засаг даргад асуудал болгон тавьсан байна.
“Дуудлага худалдаа” нэрийн дор явуулсан хууль бус ажиллагаанд Налайхын нэг ч иргэн, нэг ч аж ахуйн нэгж оролцох нь байтугай мэдээ ч үгүй, дүүргийн засаг баригчдын хоёр, гуравдагч хүмүүс нууцаар оролцож энэхүү 100 га газрыг хувааж авчээ. Дүүргийн Засаг даргын оролцоотой Өмч газрын харилцааны газрын зохион байгуулсан энэхүү 100 га газрын дуудлага худалдааны орлого нь нийслэлд орж, харин газар нь Налайхдаа боловч эзэд нь гадныхан болсон нь харамсмаар. Энэ асуудлыг МАН-ын бүлгийн төлөөлөгчид тун хурцаар хөндөж, олонх болох Ардчилсан Намын төлөөлөгчид шүүмжилсэн ч Засаг дарга ”Нэгэнт болоод өнгөрсөн асуудал” гэж үг хэлүүлэхгүйгээр нам дарсан гэнэ. Уг нь “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэж хуучны үг байдаг даа.

Дүүргийн жирийн иргэдийн хүсэвч, хөөцөлдөвч олдохгүй байгаа алга дарам газар энэ мэтчилэн орон нутгийн Засаг баригчдын “буруу гар”-аар орж дүүрэгт орсон орлого ч үгүй, эзэмшсэн иргэд ч үгүй л ёстой “байнд ч үгүй банзанд ч үгүй” гэгчийн үлгэр болж байгаа бололтой.

Эх сурвалж: “Шинэ Налайх” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.