-“Ширний” хэрэгт хариуцлагагүй хандсан Хорио цээрийн хяналтын “экс” даргыг дахин томилох нь зөв үү-
2016 оны эхээр МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж томилогдож МХЕГ-ын дэд дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга зэрэг төрийн албан хаагчдыг ажлаас нь халснаар “МХЕГ-ын бүтцийн өөрчлөлт” нэртэй “операци” эхэллээ.
Энэ бүтцийн өөрчлөлтөөр мөрөөрөө ажлаа хийж, амьдралаа залгуулж яваа олон арван төрийн албан хаагчид ажилгүй болж, төрийн албаны туршлагагүй, мэдлэг, чадвар хомс “намчингууд” орыг нь залгах гэж анкетаа барин эрхэм түр орлон гүйцэтгэгчийн үүдэнд дугаарлаж байна.
Үүгээр зогсохгүй аймаг, нийслэлийн МХГ-ууд ч энэ халаа, сэлгээнд өртөх бэлтгэл ажил хангагдсан гэнэ. Учир нь Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын үеэр аймаг, нийслэлийн МХГ-ын дарга нарыг дуудан ирүүлж ажлаа өгөхөд бэлдэхийг лүндэгнэсэн байна. Хэрвээ сайн дураараа ажлаа өгөхгүй бол дотоод аудитын шалгалт оруулна гэж аймгийн дарга нарыг дарамталж эхэлжээ.
Түүнчлэн Хил хорио цээрийн хяналтын газрын даргыг өөрчилж, өнгөрсөн жил их хэмжээний боловсруулаагүй түүхий адууны ширийг зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэхийг завдсан хэргээр шалгагдаж байсан Г.Адьяасүрэн гэх эмэгтэйг хоёрдугаар сарын 26-ны баасан гаригт Хил, хорио цээрийн хяналтын газрын даргаар томилоод, мөн өдрөө АТГ-т уг албан тушаалд томилж болох эсэх талаар бичиг явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллагсдын анхаарлыг татаж эхэлсэн аж.
Ингээд АТГ-ын хариу ирэхийг хүлээхгүйгээр уг албанд томилсон нь холбогдох албаныханд мэдээлэгдсэн тул өнгөрсөн долоо хоногийн эхээр АТГ-аас Г.Адьяасүрэнг Хил, хорио цээрийн газрын даргаар томилох эсэх талаар шалгаж хариу явуулаагүй байхад хууль зөрчиж, уг албан тушаалд томилсон тул тушаалаа түдгэлзүүлэхийг анхааруулсан утгатай албан бичгийг ирүүлсэн тул МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж хоёрдугаар сарын 26-ны өдрийн тушаалаа хүчингүй болгосон байна.
Гэтэл Г.Адьяасүрэн тушаал нь хүчингүй болчихсон байхад шинэ албандаа хээвнэг ирсэнээр барахгүй олуулаа суудаг байцаагч нарыхаа том өрөөг өөрийхөө жижиг өрөөгөөр сольж, засвар хийлгэж байгаа сурагтай. Улс орны маань эдийн засаг хямралд орсон хүнд байгаа энэ үед Ерөнхий сайд нь бүсээ чангалж, төсвөө хэмнэхийг төрийн яам, агентлагийн удирлагуудад үүрэг даалгавар өгөөд байхад томилогдох эсэх нь тодорхойгүй албан тушаалд горилогч этгээд төсвийн мөнгөөр өрөө тасалгаанд засвар хийлгэж байгааг юу гэж ойлгох вэ?
Г.Адьяасүрэнг яагаад энэ албанд “дахин” томилогдох эсэх нь анхаарал татаад байгаагийн учир нь тэрбээр өмнө нь буюу 2015 оны нэгдүгээр сарын 19-ний шөнө 12 ачааны машинд ачсан 68 мянган адууны нойтон ширийг Замын Үүд дэх Гаалийн газрынхан илрүүлсэн хэрэгт холбогдож байсан удаатай юм билээ.
Тухайн үед МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Л.Баярхүү гэм буруутайд тооцогдсон тус компанид мал эмнэлэг, эрүүл ахуйн гэрчилгээ хийж өгөхдөө адууны нойтон биш, боловсруулсан шир хилээр гаргах гэж буй мэтээр мэдүүлсэн. Энэ нь Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолыг зөрчсөн хэрэг болж МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх Замын Үүд дэх боомтын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга С.Баясгаланд үүрэг даалгавар өгч сүрийг үзүүлсэн ч “элдэв” бичиг гарын үсэг үлдээгээгүй Г.Адьяасүрэн дарга огт хамаагүй мэтээр уг хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгожээ. Үнэн хэрэгтээ Засгийн газрын тогтоол гарсан л бол түүнийг дагаж мөрдөх хэрэгжилтэд хяналт тавих ажлыг Г.Адьяасүрэн дарга хариуцах л үүрэгтэй. Гэвч хир халдаагаагүй ч салбарынхан нь бол шүүмжлэлтэй хандсаар байсныг нь Ц.Шаравдоржийн өмнөх дарга Ш.Раднаасэд ажлаас халж нэг ч атугай гэмтнийг мэргэжлийн хяналтын салбараас “цэвэрлэсэн” юм билээ. Гэтэл Г.Адьяасүрэнг шинэ дарга Ц.Шаравдорж шилж авчраад хууль зөрчин байж дахин “заллаа”. Энэ нь АТГ-ын хяналт шалгалт, ашиг сонирхлын зөрчил зэрэгт хэр хамаарах нь тодорхойгүй байна. Тиймээс одоо прокурорт хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан экс даргыг Хорио цээрийн хяналтын газрын даргаар дахин томилогдох эсэхийг харж суух л үлдэв бололтой. Гэхдээ Засгийн газарт АН, “Шударга ёс” эвсэл хамтарч байгаа нь энэ гээд Ерөнхий сайд энэхүү онцгой агентлагийг “хөмсөг нүдний гадуур” гэгчээр орхиж болохгүй. Тиймээс ч ажлаа авсных нь дараахан халаа сэлгээ хийж бужигнуулахгүй байхыг анхааруулж байсан санагдана.
Харамсалтай нь Ерөнхий сайд одоо МХЕГ-т очоод ч атугай чухам ямар гээчийн будилаан үүсгээд байгааг нь албан хаагчдаас нь сонсох хэрэгтэй болов уу. Ялангуяа үрэлгэн зардал хийгээд улс төрийн шалтгаантай халаа сэлгээнийх нь тухайд онцгойлон газар дээр нь танилцах цаг болжээ. Ерөнхий сайдад тухайн агентлагийн даргаас ямар “гоё” рапорт ирдгээс нөхцөл байдал тэс өөр байгаа учраас ийм санал тавьж байна. Улс төрийн сонгууль болдогоороо болох ч төрийн алба, тэр тусмаа хяналтын алба, хилийн хорио цээрийн алба онцгой чухал хэвээрээ үлдэх тул энэ талаар онцгой анхаарна гэж Ерөнхий сайдад найдъя!
А.Сүрэн