С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг саатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэр бүхий иргэдээс С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн байна.
Тус материалд ноцтой гэж болохоор зүйлс байгаа тул О.Баасанхүү гишүүн өөрөө судалж байгаа аж. Энэ талаар тэрбээр “Төр нийгмийн нэрт зүтгэлтний аллагын хэрэг нь төрийн нууцад хамаардаг тул иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг задлалгүй, нухацтай судалж байна. Харин судалж үзсэнийхээ дараа ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргана” гэж хэллээ.
Түүний хэрэгтэй холбогдуулан Б.Булгантай хамт хоёр ч хүнийг саатуулан шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа боловч хууль хяналтын байгууллагаас түүний хэргийг “нууцын зэрэглэлтэй” хэмээн тайлбарлаад хэвлэлийнхэнд одоогоор мэдээлэл өгөхгүй байгаа билээ. Одоогийн байдлаар тэднийг хориод 3 сар болчихоод байгаа юм. Мөн түүнийг гэрийнхэн болон өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй байгаа. Ямартай ч энэ долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Д.Булганы ээж Байгальмаа “ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа” гэх гомдлын дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд шалгалт хийхээр Төв аймгийн Цагдан хорих төвд ажилласан.
Ж.Батзандан ярихдаа “Булганы биеийн байдал харьцангуй гайгүй байна. Хоригдож байгаа байрны нөхцөл байдлын талаар өөрөө ямар нэгэн гомдол байхгүй гэсэн. Харин өмгөөлөгчтэйгөө тогтмол, долоо хоногт дор хаяж нэг удаа уулзах, унших ном, сэтгүүл тогтмол оруулж өгөх хоёр хүсэлт тавьсан. Санаа зовох зүйлгүй. Бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэж хэлсэн” гэж ярьсан байгаа. Харин Монголын тагнуулын байгууллага, улстөрчид энэ хэрэгт оролцдог, мөрдөн байцаагчийг байнга сольдог зэрэг нь хэрэг илрэхэд саад болж байгаа гэж Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголд ажиллахдаа хэлсэн байдаг. Тэд Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах шаардлагатай гэх дүгнэлтэд хүрсэн юм. Мөн С.Зориг агсны ар гэрийнхнийг нь хүртэл шалгах нь зөв гэх зөвлөмж гаргасан байгаа юм билээ. Ямартай ч түүний хэрэгтэй холбоотой зарим баримтууд тодорхой хэмжээгээр илэрсээр байгаа юм байна.
Н.Ганаа