Comment.mn

МАОЭХ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Мон-Атом” ТӨХХК-ууд санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Мон-Атом” төрийн өмчит ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, “Мон-Атом” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Галбадрал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Санамж бичгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд компанид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, компанийн ажилтнуудын чадавхи дээшлүүлэх сургалтууд хамтран зохион байгуулах зэрэг олон ажил хийгдэх юм. “Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо”-ноос томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниудыг дэмжин ажилласнаар бүтээн байгуулалт нэмэгдэж, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байр нэмэгдэх сайн талтайг энэ үеэр онцолж байв.

Гарын үсэг зурах ёслолын үеэр холбогдох албаны хүмүүсээс дараах тодруулгуудыг авлаа.

Э.Галбадрал: Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг ураны салбарт нэвтрүүлнэ

/“Мон-Атом” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал/

Санамж бичгийн гол зорилгын талаар товч мэдээлэл өгвөл?

Санамж бичгийн хүрээнд бид бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Олон Улсад мөрдөгддөг ажил олгогч эздийн холбоо гэж юу байдаг талаарх нэгдсэн ойлголт, хувийн хэвшилтэй хэрхэн хамтын ажиллагааны хүрээнд холбогдох гэхчлэн асуудлаар байгууллагууд нэгэндээ дэм болох, мэдээлэл солилцох юм. Нөгөө талаасаа Олон Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын нэгдсэн стандартуудыг Монголд нэвтрүүлэх, цаашлаад манай ураны салбарт хамтын ажиллагаан дээр хэрхэн нэвтрүүлэх боломжийн талаар хамтарч ажиллана.

Тэгэхээр тодорхой зорилтот сургалтууд зохион байгуулагдана гэсэн үг үү?

– Бидний хариуцаж буй салбар өөрөө Олон Улсын хэмжээний стандартуудыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг ягштал мөрдөхийг шаарддагаараа онцлогтой. Тиймээс Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтын ажилагаатай байж, харилцан ойлголцолын хүрээнд ажлаа явуулах шаардлага тулгарсаар байдаг. Энэ ч утгаараа өнөөдрийн үзэглэж буй санамж бичиг бидний хувьд цаашид анхаарч, ажил хэрэг болгох учиртай том асуудлуудын нэг юм. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд компанид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, компанийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх сургалтууд зохион байгуулагдана.


Х.Ганбаатар: Компаниудад нийгмийн төлөвшлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарна

/Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч/

Санамж бичгийн гол зорилгын талаар?

– Манай ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Үндэсний хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлж буй компаниудын Монгол ажилчдыг чадавхжуулах, нийгмийн хариуцлагатай байх чиглэлд нь дэмжиж, хамтарч ажиллах байр суурьтай байдаг. “Оюутолгой” төсөл сүүлийн хагас жилд эхэлж, цаашлаад “Арева” төслийн хэмжээнд зогсохгүй үргэлжилнэ гэж бид харж байгаа. “Эрдэнэс тавантолгой”-н урд хөршид өгөх өрөө нүүрсээрээ нөхөж, ажилчдаа ажлын байраар хангаад явах нь хамгийн чухал байна. Ер нь өнөөдөр эдийн засгийн хүнд нөхцөлд валютын ханшийн зөрүүгээс үүдэн бид хүндрэл үүрч байгаа ч гэсэн валютын орлогоор зарж болох бүх зүйлсээ дэмжиж гаргах ёстой. Ингэж байж бид ажлын байраа хадгалж, өрх гэрийн орлогыг хэвийн хэмжээнд барьж чадна. Цаашлаад томоохон төслүүдийг дэмжиж буй туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаа хэвийн байх замаар эдийн засгаа босгоход чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс энэ компаниудад байгаа нийгмийн төлөвшлийг сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлага үүссэн ирсэн.

Компаниудад тухайлсан ямар асуудлууд байна?

– Зарим компаниуд л гэхэд үйлдвэрчний гурван эвлэлтэй байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ажилчдын зүгээс тодорхой шалтгаангүйгээр шүүмжлэх, янз бүрийн тайлбар тавих зэргээр асуудал үүсгэж, нэр хүндээ алддаг түгээмэл үзэгдэл байна. Бид үүнийг хуулийн дагуу Олон Улсын жишгээр журамлаж, нэгдсэн нэг байр суурьтайгаар асуудалд хандахад анхаарах юм. Гэхдээ үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг эсэргүүцэхгүй, нийтийн эрх ашгийг зөрчихгүйгээр хуулийн дагуу ажил явагдах орчинг бий болгоход анхаарч байгаа гэсэн үг.

Танай зүгээс дээрх компаниудад Олон Улсын тодорхой стандартуудыг нэвтрүүлэх асуудлаар ямар зорилтот ажил хийгдэх үү?

– Олон Улсад мөрдөгддөг аюулгүй ажиллагааны 18001, нийгмийн хариуцлагын 26000, чанрын стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Мон-Атом” төрийн өмчит ХХК-тай хамтран ажиллана. Стандартуудыг нэвтрүүлэхэд чиглэсэн зорилтот сургалтуудыг ажилчдад нь очиж хийх, олон нийтийн байгууллагуудтай нь байр сууриа нэгтгэх зэргээр санамж бичгийн хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулагдах юм. Ингэж бид ажилчдыг чадавхжуулж, Олон Улсын түвшинд бэлтгэх боломжтой гэж харж байгаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.