Өнөөдөр Монгол улсын гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн тоон судалгаа байдаг. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд бол 40 хувь нь хүүхдүүд байна. Тэгвэл таслан зогсооход хамгийн хэцүү атлаа эцэстээ хүний амиар цэг тавьдаг хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл. Хүчирхийлэгчид хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох гэхэд хүчирхийлэлд өртөгч өөрөө хамгаалдаг нь хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг байна.
Гэр бүлийн тухай хууль батлагдан хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох нөхцөл бүрдээд байгаа. Харин бодит байдал дээр хариуцлага тооцох гэхэд хүчирхийлэлд өртсөн хүн өөрөө хамгаалаад зогсчихдог учир хүчирхийлэл үргэлжилсээр байдаг. Хүчирхийлэл үйлдэгчийг хамгаалаад нас барсан жишээг дурдвал:
· Төрөөд 10 хонож байсан 23 настай бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ.
· Эхнэртээ уурлан уушгийг нь сүхэдчихээд гэмтлийн эмнэлэгт хүргэлгүй өөрөө дэлүүг нь оёсон.
· Хөвсгөл аймагт орос хэлний багш бүсгүйг нөхөр нь хорионд хоол өгөлгүй байлгасаар амь насанд нь хүрсэн байна.
Тэгвэл хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан түр хамгаалах байр ашиглалтад орсон. Ингэснээр хүчирхийлэлд өртсөн хэсэг хэд хоног ч болтугай аюулгүй орчинд байх боломжтой болж байгаа. Гэхдээ хүчирхийллийг зогсоож чадахгүй. Хамгаалах байранд ирсэн хүмүүсийн 50 гаруй хувь нь эргээд хүчирхийлэгчтэйгээ амьдрахаар явдаг байна.
Төрийн болон төрийн бус байгууллагууд хэзээ ч гэр бүлээ салга гэж зөвлөдөггүй. Учир нь гэр бүлийн харилцаа гэдэг эмзэг нандин. Гэтэл дахин дахин давтагдсан гэр бүлийн хүчирхийлэл нэг бол хүчирхийлэгч нас барж эсвэл хүчирхийлэлд өртөгч нас барж дуусдаг. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход хүн амины хэргээр хоригдож байгаа 100 гаруй эмэгтэйчүүдийн 88 хувь нь хүчирхийлэлд байж залхахдаа хүчирхийлэгчийг хөнөөсөн байдаг.
Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Хүчирхийлэл хэн нэгний эрүүл мэнд, амь нас хохирсноор төгсдөг олон жишээг нийгмээрээ харж байгаа болохоор хүн бүр гэр бүлийн хүчирхийллийг зогсооход өөрийн хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.