Үндэсний аудитын газраас нам, эвслийн сонгуульд зарцуулах мөнгөний дээд хязгаарыг 3.4 тэрбумаар тогтоож өгөв. Сонгуулийн шинэ хуулиар энэ жил Үндэсний аудитын газар сонгуульд зарцуулах мөнгөний дээд хязгаарыг тогтоох эрх эдэлж буй. Ингэхдээ тус газраас хямралын жилд хамаа бус наргихгүй, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх учиртайг сайн бодолцжээ. 2012 оны сонгуульд нам эвслүүдийг 9.6 тэрбум төгрөг зарцуулах эрхийг СЕХ-ноос өгч байв. Энэ тоо ирэх сонгуулиар бараг хоёр дахин буурч.
Ингэхдээ Нийслэлийн дүүргүүд буюу зургаан тойрогт зарцуулах мөнгөний дээд хязгаарыг 329-346 сая төгрөгт эрэмбэлжээ. Харин Сүхбаатар дүүргийг 286 сая төгрөг зарцуулах хязгаараар баталсан байна. Хөдөө орон нутгуудын тухайд Дорноговь, Говьсүмбэр аймгуудад 247 сая төгрөг зарцуулахыг зөвшөөрсөнбол бусдыг нь 173 саяас өгсөх байдлаар баталж. Чамлахаар чанга атга гэж. Парламентад суудалтай намууд энэ мөнгөө аваад, дээрээс нь гишүүдийн хандив, жагсаалтын үнэлэмж зэргээр мөнгө босгоно.
Харин парламентад наймаас дээш суудал авч, бүлэг байгуулах том зорилготой ХҮН, бусад намуудын хувьд цэвэр намын хандиваар сонгуулийн сурталчилгаагаа хийнэ. Тийм ч учраас ХҮН-д жагсаалтын үнэ тэнгэрт хадаж, мөнгөтэй эрхмүүдийн нэр тэнд бичигдэх болсон гэх. Нэгэнт гишүүдийн хандиваа аль болох тэгш авах зорилго тавьдаг ХҮН-ынхан сонгуулийн гол зардлаа жагсаалтаас олохоор зүтгэж буй нь нууц биш болсон. Жагсаалтаар ХҮН 4-5 суудал хангалттай авах боломжтой гэдгээ онцолсон. Тэгвэл эл жагсаалтад “Скайтел” компанийн захирал Д.Болор, “OTTEGEN holding”-ийн захирал Н.Отгонбат, “Хера Холдинг ХХК”-ийн захирал Х.Ганхуяг, ” Баясах фүүдс”-ийн захирал Н.Энхболд нарын бичигдэж, нам дотроо халуухан яриаа болчихоод байгаа гэх.
Харин нөгөө талд намуудын сонгуульд нэгдэж орох хүслийн ард жагсаалтын хуваарлилт баахан ширүүсэж буйг онцлууштай. АН-ынхан л гэхэд ирэх сонгуулиар олонх болох зорилгоор МҮАН, ИЗНН-тай нэгдэх нь тодорхой болсон. Жагсаалтаа 11-13 гэж тооцоолж буй АН-ынхан тэндээсээ хоёр суудлыг эрхбиш ИЗНН-д өгөхөөс өөр сонголт байхгүй. Цаашлаад МҮАН-ыг ч бас хоосон орхичохож болохгүй. Энэ маягаар хамтарч сонгуульд орсон намдаа гурвын зэрэг жагсаалт өгөхөөр харагдаж буй. Тэгэхээр АН-ынхан дотооддоо 10 орчим жагсаалт дээр хүч үзнэ гэсэн үг. Мэдээж нам доторх фракц, эмэгтэй гишүүдийн квотын асуудлаар эрэмбээ тогтооно. Тэгээд ч АН-ынхан жагсаалтаар сонгуулийн зардлын нэлээдгүй хэсгээ олохоор тооцоолж буй нь нууц биш. Гэхдээ З.Энхболд, Ч.Сайханбилэг нар тойрогт өрсөлдөж, массаар нэмэх оноо авах магадлалтай мөнгөтэй гишүүдээ жагсаалт руу хийхээр яригдаж байгаа гэх. Энэ тохиолдолд АН-ын жагсаалтыг Х.Баттулга тэргүүтнүүд ахлахаар харагдаж байна.
Түүнчлэн МАН, МАХН хоёр нэгдэж, сонгуульд оролцсоноор АН-аас илүү олон жагсаалтын суудал сугалах боломж бүрдэнэ. Тэгээд ч энэ жил МАН-ынхан жагсаалтаа нэр цэвэр, өгсөх ирээдүйтэй залуу гишүүдээр манлайлуулах бодлого барьж байгаа нь үнэн бол саналаараа харьцангүй их санал авах боломжтой. Жагсаалтын хэдэд нам дотроо эрэмблэгдлээ ч олонхийн саналаар урагш үсрэх боломжийг сонгуулийн хуулиар нээж өгсөн. Тэгэхээр жагсаалтын гишүүд ч бас намдаа хандивалсан мөнгөндөө найдалгүй, хувийн рейтингдээ зайлшгүй анхаарах шаардлага үүсэж байна. Гэхдээ МАН-ын хувьд залуу, ирээдүйтэй хүмүүстээ жагсаалт амлалаа гээд ор мөнгө авахгүй гэсэн үг биш. Жагсаалтыг Ж.Энхбаяр гишүүн тэргүүлж орлоо гэхэд, түүний бэл бэнчин хэдийсэн билээ. Нөгөө талд МАХН, Ногоон намтай эвсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан.
Өнгөрсөн 2012 оны сонгуулиар АН 16 тэрбум, МАН 14 тэрбум, ИЗНН 300 сая, Эвсэл 3 тэрбум, бусад бие даагчид 2 тэрбум 500 саяыг зарцуулсан гэх судалгаа гарсан байдаг. Гэвч энэ жил намууд том төсвөөр сонгууль хийхгүй нь тодорхой ч жагсаалтаас гол санхүүжилтээ босгохоос өөр гарцгүй харагдаж байна. Засгийн эрхийг дангаараа барихын тулд улстөрийн томоохон намууд жижиг намуудтайгаа нэгдэж, олонхийн суудал авах зорилго тавж байна. Тэгэхээр жагсаалтын үнэ намууд дотроо үхрийн бөөр шиг олон нам, угшилтай нөхдийн халааснаас цугларах нь ч илт болсон байна.
Ж.Мядагбадам