1991 оны 1-р сард хэвлэгдсэн “Оюун Далай”сэтгүүлийн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Бавуу сайд баавгайтай барилдсан нь
Морьдын чих цасан цэцэг хайчлан хайчлан алхахуйд молцогхон зүрх минь их хотоо дурсавч би анчдын хууч яриаг чагнан даарахаа ч үл ажин шогшино. Өвөл… дүлий юм шиг айдастай атлаа өвснөөс дэрхийн нисэх болжмор амьдрал дуудан жиргэх нь нутгийн минь хөг ая өөрийн зүстэй, өөрийн дүртэйг итгэнэ. Ноднин Гадаад худалдаа хангамжийн яамны сайд Надмидын Бавуу гуайтай томилолтын ая таарч Баянголын өвөлжөө чиглэн явсан минь энэ.
Тэрээр урт замд удаан дуугүй явах нь зугаагүй санагдсанаас ч уу? Угтаа анчин хүн хөвчид гараад л жаргалаа эдэлдгээс ч хуучилж гарсан юм.
Хөвчид нэг гарчихсан байхад бодол санаа хуваарилагдах юмгүй болж, нэг мэдэхэд нар тонгойж байдаг юм. Манай эцэг Надмид насныхаа ихэнхийг л хөвчид үдсэн дуу цөөтэй, сийрэгхэн ухаантай хүн байлаа.
Аав маань ёс журамтай, ангаа ч хангайн хишиг гэж хүндэлдэг, морь биеэ цуцаан хэдэн хэц хэрж дамжин үйл тамаа цайлгаж байж гүйцээсэн жижиг андаа ч зүдэргээ бухимдлаа гаргадаггүй, азын тэнгэртээ тэтгэж явдаг байлаа.
Би ер нь анчин удмын хүн л дээ. Миний сонссоноор намайг хүртэлх найман үе маань анчид байсан юм гэдэг. Эдгээрийн дотор хамгийн алдартай нь миний эцгийн авга ах Махдиваа гөрөөч юм.
Түүний талаар хүүхэд ахуйдаа үлгэр домог шиг хүүрнэл олонтаа сонсож өнөөг хүртэл биширч ирсэн. Махдиваа авга сайн бууч төдийгүй, гойд мөрч байсан юм гэдэг.
Анчид хөвчийн анд явахдаа цас унаж мөр улбаатай болохыг хүлээх нь их түгээмэл. Махдиваа авгын хувьд мөрд жилийн дөрвөн улирал ялгаагүй байсан гэдэг.
Махдиваа гөрөөчийн төрсөн дүү, миний өвөг эцэг Дашзэвэг мэргэн буудлагаараа хол ойрт зартай хүн байсан юм.
Манайх 4 хөвгүүн, 6 охинтой тарчигхан амьдралтай айл байлаа.
Миний ах Хассуурь, Дэмиджамц, дүү Даваажанцан бүгд л ангийн хорхойтой, хувиа тавихгүй анчид даа.
Аав маань намайг 8 настай байхад буу үүрүүлж ан агнах арга ухаанд сургаж, эхний 3-4 жилд хэрэм, тарвага мэт жижиг үслэг ан агнуулдаг байлаа. Томруухан анг 12 наснаасаа агнаж эхэлсэн. Ан хөөх амаргүй, даарах, ядрах, өлсөх, цангах, магнай тэнийтэл баярлах мөч мөн ч олон тохиолдоно. Гэхдээ анг би золбоолог, эрийн хийморь сэргээсэн, азын үүд нээсэн тэнгэрлэг үйлс хэмээн шүтэж биширч явдаг. 1983 онд би Гадаад худалдааны яаманд (хуучин нэрээр) орлогч сайдаар ажиллаж байлаа. Тэр үеийн яамд эдүгээгийн үйлдвэр, аж ахуйн газруудад шилжээд байгаа ажил үүргийн нэлээдгүй өөртөө төвлөрүүлсэн, ажиллагсадын ачаалал их, ээлжийн амралт ч бүрэн олддоггүй байлаа.
Нэлээд чармайлт гаргасны эцэст 10 дугаар сарын дундуур надад 14 хоногийн амралт олдов. Ёстой л уяанаасаа алдуурсан юм шиг хоёр гахай агнах зөвшөөрөл тэр л өдөртөө аваад Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга н.Буяндэлгэр, Гадаадын жуулчдыг үйлчлэх газрын орлогч дарга н.Баяртогтох нарын хамт Галтайд буй ангийн отгийг зорилоо.
Гурвуулаа тэндээс унаа болон хөтөлгөө морьд авч замдаа хоноглон Хэнтий уулын ан амьтны нөөцийг тогтоох судалгааны ажлаар яваа БНПАУ-ын иргэн профессор н.Крупка, ажилтан н.Шаневски, тэднийг дагалдан яваа отгийн ахлагч Цэрэндорж, ажилтан Бүүвэй нарыг Бугаряны голд гүйцэж гахайн байршил, мөр ул, элдвийг лавлаж маргааш нь тэднээсээ салж явсаар Гал ууланд хүрсэн юм.
Тэнд 2 хоносон боловч гахай олж үзсэнгүй. Цөөн хоногийн өмнө байршлаа өөрчилсөн нь тодорхой байлаа. Ийнхүү бид дахин газар сэлгэж дээрх нөхдийг Естийн рашааны тус газар байхад нь хүрч очлоо. Маргааш нь буюу 10 дугаар сарын 24-ний өдөр Естийн рашаанаас баруун урагш орших Халзангийн даваа өөд Шаневски, Бүүвэй, Буяндэлгэр бид дөрвүүл морьтой явлаа.
Отгоос барагцаалбал 9 км холдоод байтал сүрэг гахайн шинэ мөр, хадаргаа таардаг юм байна. Тэдгээрийн мөрөөр хэсэг хөөгөөд удалгүй бараан газар руу оруулсан тул сүрэг хаашаа явсныг тогтоох аргагүйд хүрч дөрвүүл хоёр хоёроороо салж, гэтэхээр болж Буяндэлгэр бид хоёр хоошоо, Бүүвэй, Шаневски нар баруун зүгт явцгаасан юм. Гэтэл удалгүй салхины чиг баруунаас зүүн рүү биш урдаас хойшоо болж өөрчлөгддөг юм байна.
Би Буяндэлгэртээ “Хойшоо яваад ан олж үзэхгүй л болов уу? Салхи нь зөв тул урд зүгт явъя.Мөрийг нь үзсэн сүрэг үгүй гэхэд гахай таарах ч юун магад вэ?” хэмээсэнд тэр маань “салхины чиглэл хурдан өөрчлөгдөөд байна.Мөд зөв болно биз” гэв. Тэндээс би Буяндэлгэрээс салж урд зүг рүү явсан юм.
Би туулайн жим даган ширэнгэ сүлжиж чанх урагшаа Халзангийн давааны ар өөд мацлаа. Уулын ширэнгэ улам өтгөрсөөр дээш жаал өгсвөл мод шингэрэн ойн бяцхан чөлөөнд арай л харууцтай газар олж буун, гахай анан чимээ чагнан суулаа. Ангийн хорхой өөрөө л хөдөлж мөд л хаа нэгтэйгээс гахай шогших юм шиг санагдаж хүлээн хэвтлээ. Дэргэд аньсны бут сагсайн ойролцоо хоёр бүдүүн цагаан хус онцгой харагдана.Анчид эрийн хийморь хөвчид л сэргэдэг хойно. Чих ч соргог, нүд хурц гэж жигтэйхэн. Надаас баруунтай амьтны хөлийн чимээ гарсан боловч битүү ширэнгэн дундаас юу ч харагдсангүй. Чимээ надад улам ойртсоор өнөөх хоёр хусны цаагуур гүйх нь гахай мөн. Ганц гахай түрүүлж орж ирлээ. Одоо араас нь сүрэг нь цувна даа гэж анаж суутал бөөн ширэнгэнээс бүрзгэр бор зүсмийн их том баавгай гараад ирлээ. Бидний хооронд35 алдын зай л харагдлаа. Баавгай намайг харангуут л дайрлаа шүү. Хаашдаа энэ хэсэгхэн чөлөөнд бид хоёрын хувь заяа хэдий урт, хир богино нь шийдэгдэх нь гэж бодуут бие зарсхийвч, сумтай буу гарт байхад баавгайд бариултал ч хаа юм? гэсэн гэгээн бодол зурсхийн бие аяндаа тайвшран унанги дээрээ огцом сууж доогуур нь газар хүртэл хөндий байгаа эсэхийг шалгаж үзвэл зай байна аа. Тэгээд л унангиа даваад хойшоо 2 алхам ухраад буугаа бариад зогстол баавгай унанги дээгүүр харайж надаас нэг метрийн зайд буумагч нь баруун мөрий нь тус газар тулгаж буудаж амжлаа.
Баавгай сөхрөн унангуут цээжнээс нь цус гоожиж, хөвч цочтол хүрхэрч, уул цуурайттал орилж чарлан босож ирлээ.
“Revenant” киноны хэсгээс зураг оруулав.
Би бууныхаа амыг цээж рүү нь түлхэсхийн хатгаж өөртөө ойртуулахгүй санаатай дахин сумлах гэтэл буугий маань алгадан алс шидлээ.
Нэвсгэр хар ойн дунд араатантай учирна гэдэг аюулын голомтод өөрөө л яваад орчих шиг болсон доо. Хүглийн сүглийх хөвч ойн эзэн баавгай орилж чарлан хүрхрэн цусаа гоожуулан дайрах нь онгод сахиусаа уул уснаасаа дуудаж хүчээ сэлбэж байх мэт ээ.
Дуугарах ч дуугүй болж, ганцхан итгэл болсон буугаа хаа хэвтээг ч олж харах ухаангүй гар нүцгэн үзэлцэх нь хүн гэгч байгалийн өмнө арчаагүй явган ядуу нэгэн санагдана.
Амаа ангайсан араатны өөдөөс улаан гараараа л үзэлцлээ. Гараа зангидаж байгаад сайн цохиотохъё гэтэл гар маань аман дотор нь орж тэр сайн хазаад тавилаа.
Дахиад орилон дайрч баруун савар нь нүүрэн дээр ирэхэд би огцом зайлсанд зүүн хацрыг минь савраараа зураадсарвуугаараа миний мөрөн дээрээс хүчтэй базаж дугтрахад би түрүүлгээ харан ойчлоо.
Баавгай маань намайг газартай бүүр шахаад хэвтчихсэнгүй. Би доогуур нь гулсан мөлхөж хойт хоёр хөлнийх нь хоорондуур шувтарч гарлаа. Тэр чигээрээ мөлхсөөр нөгөө унанги модныхоо доогуур шургаж цаана нь гарлаа.
Баавгай миний хойноос бас л архирч зүтгэн мөлхсөөр байгаад бас л нөгөө унангийн цаана гарлаа. Тэгэхээр нь би унанги модны дээгүүр харайгаад цаана нь гарав.
Баавгай бид хоёр унангиныхаа доогуур дээгүүр нөгөө талд нь орж, гарах үйлдлийг олонтөө давтаж ёстой л муур хулгана болж тоглох л гэгч болсон.
Гэтэл баавгай дахин дайрахгүй чимээ алдарахад унангиныхаа нөгөө талаас өндийж хартал баавгай надаас 9 орчим метрийн зайд газрынхаа өөд хүрхрээд хөлөө зөөж ядан явлаа. Тэр агшинд “Чамайг хэвтүүлнэ дээ” гэсэн бодол толгойд орж ирдэг юм байна. Босоод бууруугаа нэг алхаад 2 дахь алхмаа хийж чадаагүй байтал баавгай эргээд чарлан дайрчихлаа. Тэр ямар шалмаг хөдөлсөн гэж санана. Нисч байгаа юм шиг Би түрүүлгээ хараад ойчлоо. Баавгай миний хоёр далан дээр урд 2 сарвуугаараа дарж дунд нь хэд хазлаа.Халуу оргиод биенд шүд нь орж буй нь мэдрэгдэж байлаа. Дороос нь гарах оролдлого хийсээр байсны хүчинд даралтаас гарлаа.Гэдсэн доогуур нь урдаас нь хойш сөрөөд зүтгэчихлээ.Удалгүй баавгайн дороос бүрэн гарлаа.Үүний өмнө надад их хэрэг болсон унанги маань 4 метрийн зайд харагдлаа.Аврал тэнд л байлаа. Мөлхлөө. Араас маань дахин дайрна гэж бодсон учир мөлхөөд барагдахгүй хол мэт бодогдлоо…
Унанги доогуураа орлоо. Амьд явахын од минь түшиж байсан юм уу? Хэдэн хүүхдийн минь заяа тулж байсан ч юм уу? Баавгай дахин дайрсангүй. Хүрхрэх чимээ нь холдсоор… Хамгийн түрүүнд бихир хүнд шарх аваа вэ? Гэдгээ мэдэхийг оролдлоо.
Баруун гар нэл цус болсон байв. Тэр гараа үеэр нь бас хуруунуудаа хөдөлгөж үзлээ.Яс, шөрмөс, бас судас бүтэн байгаа бололтой. Зүүн хацар, хүзүү, хоолой их цус болсон, хацраас цус үргэлжлэн дусалсаар байлаа. Гүрээний судас тасарч уу хэмээн барилж үзлээ. Бзтэн байгаа бололтой, нуруугаа үзэх боломжгүй байлаа.
Дараа нь буугаа очиж авлаа. Мод нь бяцарч мөрлөгчийн урдуур хугарсан байлаа.
Морьд дээрээ ирсэнд хамт явсан гурав маань чтөдөлгүй цугларчнамайг үзээд ихэд балмагдсан авч шархыг минь боож анхны тусламж үзүүлцгээлээ.
Тийнхүү отог дээрээ очиж хоноод маргааш нь хэдүүл мориор Хагийн хар нуур руу явж байв.
Үнэнийг хэлэхэд цус нэлээд алдсан, халуунтай л явсан хэрэг лдээ.Тэгтэл нисдэг тэрэг гарч ирлээ.Түймрийн эргүүл хийдэг тэрэг юмсанж.
Азаар нөгөө нисдэг тэрэг буулаа.Нэг маань түрүүлж давхин очиж намайг аваад яваач гэж гуйх юмболлоо.Би түүнд “Миний албан тушаал болон надад тохиолдсон явдлыг нисэгчдэд битий хэлээрэй. Бөөн шуугиан болох биз. Зүгээр л нэг хүн мориноосоо ойчоод жаахан гэмтэл авчихлаа. Эмнэлэгт хүргэх шаардлагатай байна., аваад явна уу? гэж хэл”хэмээсэнд ярилцлага тэр ёсоор болж би 2 цагийн дараа эмнэлгийн босгыг алхан, хэд хоног эмчлүүлээд эдгэрсэн…
“Тэр баавгай үхсэн үү?” гэж хүмүүс надаас олонтаа асуудаг юм.Нададтүүний араас явах тэнхэл байгаагүй л дээ.Баавгайн анд би ер нь шинэ хүн биш ээ. Миний бодлоор тэр амьтан тун холдоогүй үхсэн байх учиртай.Гагцхүү арьсыг нь аваад музейд ч юм уу, чихмэл хийгээд тавиулчихсан бол дурсгалтай байх байсандаа л гэж бодож явдаг юм.
Хүн гэж сонин зантай юм даа. Хөвчийн хүрэн баавгайд хүүлүүлчихсэн бол яана гэж бодохоос хамт яваа миний нуруу руу хүйт даана.
Сэтгүүлч С.Оюунчимэг