-Доллар догширч, ДНБ хаданд гарав-
Эдийн засаг сүүлийн жилүүдэд сэхэж чадахгүй тарчилж, гацаанд орж, сэдээлт ч авхааргүй болов. Төрд суусан эрхмүүдийн эдийн засаг сайжруулна гэх худал онош, “сэдээлт ч өгөхгүй” танд найдсан манай улс төдийгөөс өдийг хүртэл хямралтай тэмцэж, эцэст нь эдийн засгаа эрчимжих 100 хоног заагаад ч амжит олсонгүй. Гэтэл начир дээрээ улс орон дампуурлаа, элгээрээ хэвтлээ гэж амтай болон цуурч байсан ч улаан нүүрэндээ бол далдалж нуусан эргэлтэд орогүй эд хөрөнгө энэ бүхний учиг байв уу гэх хар төрөөд болдоггүй. Энэ нь саяхан хэрэгжээд дууссан эдийн засгийн ил тод байдлын өршөөлийн хуулийн хэрэгжилтээр нотлогдох шиг.
Өдгөө нэг ам.доллар 2037 төгрөгтэй тэнцэж байна. Арилжааны банкууд 2028-2033-р авч, 2037-2040 төгрөгөөр зарж байна. Догшин долларыг дагаж бараа бүтээгдээхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Иргэдийг шулдаг энэ зарчим нефтийн үнэ буурсан үед ч нөлөөлсөнгүй. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 190 төгрөгөөр, үхрийн цул мах 170 төгрөгөөр нэмэгджээ. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 395 төгрөг, хонины цул мах 220 төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Тэгвэл энэ сарын дөрөвдүгээр долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтворжжээ.
Түүнчлэн, Монголчууд хуулиа мөрддөггүй гэдгийг зуун хувь баталсан мэдээллийг улс орны хэтэвчийг атгагчид хийсэн юм. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтээр нийтдээ 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ. Гэхдээ энэ нь эл сарын 25-ны байдлаарх дүн гэдгийг Сангийн сайд Б.Болор онцлохдоо 8.3 их наяд төгрөгийн татвар2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангаас тус тус чөлөөлж, 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалыг шимтгэл зэргээс гарч ирсэн гэв.
Анх энэхүү эдийн засгийн ил тод байдлаас 3-4 их наяд төгрөгийн далд орлого ил болно хэмээн тооцоолж байсан гэдэг. Гэтэл өнөөдөр 10 дахин их мөнгө хэмжээний мөнгөн орлого болон үл хөдлөх эд хөрөнгө ил болов. Ингэхлээр бид хэр хуулиа биелүүлдэг улс болох, хууль санаачлагч, хэрэгжүүлэлтийг хангагч нь хэрхэн үлгэр жишээ хуулиа гууль болгодог гэдэг нь харагдаж байна. 34.7 их наяд төгрөг бага мөнгө биш. Манай улсын ДНБ-ээс хоёр дахин их гэсэн үг. Ийнхүү энэ долоо хоногт эдийн засагт доллар, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн таагүй мэдээг дуулсан бол 34.7 их наяд төгрөгийн орлоготой болсон сайхан мэдээ чихэнд чимэг болж байна.
Ж.Эрдэнэ
Эх сурвалж: Amjilt.com