Comment.mn

Б.Булганы “амыг нэгмөсөн таглах”-аар шийдсэн бололтой

Жинхэнэ ардчиллын төлөө тэмцэж, тиймдээ ч хуурамч ардчилал ярьж ардчилал нэрийн дор албан тушаал хүсэгчдэд амиа алдсан хүн С.Зориг гуай билээ. С.Зоригийг алагдах үед АН-д Ерөнхий сайдын суудлын төлөөх дайн ид өрнөж байсан бөгөөд Дэд бүтцийн сайд С.Зориг Ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болоход түүнийг хөнөөсөн байдаг. Гэхдээ С.Зоригийн амь нас Ерөнхий сайд хэмээх хөрөнгөлөг албан тушаалаас ганцхан сүйдээгүй. “Сэргээн Босголтын Банк”-ийг дампууруулж, их хэмжээний мөнгө завшсан этгээдүүдийн хэрэг илэрч, тэдний амбицид нийцэхгүй байсан учраас түүнийг хөнөөсөн.

Энэ хэргийн амьд үлдсэн цөөн хэдэн гэрчийн хамгийн чухал нь С.Зориг агсны эхнэр Б.Булган. Нөхрийнхөө хэргийн үнэн мөнийг нууж, хэргийн талаар худал мэдүүлэг өгч олон жилийн турш хууль хяналтынхныг чулуу хөөлгөж байсан тэрбээр Канад уруу цагаачилсан ч эргээд эх орондоо ирсэн. 2012 оны нэгдүгээр сарын сүүлээр буюу сонгуулийн өмнөхөн Канад уруу түүнийг нисэхэд “С.Зоригийн аллагын эзэн эзгүйрч, гэрч Булган Канад уруу нислээ” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр, 2012 оны сонгуулийн дараа АН-ын дунд болон доод шатныхан хилийн чанадаас С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаад гадаадад цагаачилсан хүмүүсийг хайж эхэлснийг дуулгасан юм. Тэрхүү эх сурвалжийн тухайн үед үзсэнээр, С.Зоригийн хэргийг илрүүлэх бус, энэ хэргээр хэн нэгнийг шантаажлах гэсэн хүмүүс л байх шиг байна гэсэн юм. Ямартай ч, Б.Булган эх орондоо ирсэн, түүнийг баривчилсан.

Гагцхүү энэ удаад С.Зоригийн хэргийг илрүүлэхээр баривчлав уу, энэ хэргийг нуун далдлахаар баривчлав уу гэдэг нь сонирхол татаж байна. Учир нь өмнөх олон баривчилгаанд дандаа хэргийг нуун далдлах ажиллагаа болж хувирсан юм. Тиймээс энэ удаад С.Зоригийг алагдахад хажууд нь “хараад шахуу” байж байсан хүнийг баривчилснаараа Э.Бат-Үүл, түүний малгай мартсан шалтгаан, алуурчин хоёр эрэгтэй, С.Зориг агсныг Ерөнхий сайдаас татгалзуулж тохиролцох гэсэн үгс, тэнд аваачсан их хэмжээний бэлэн мөнгөний талаар олон нийтэд мэдээлж хэргийг илрүүлэх эсэх нь их сонин байна. Гэхдээ хэрэг дахин нуун дарагдаж, сонгуулийн шоу болох нь бараг тодорхой болоод явчихлаа. Учир нь Б.Булганыг “амыг нэгмөсөн таглах” зохион байгуулалттай ажиллагаанууд яваад эхэллээ. С.Зоригийн хэргийн талаар мэдэж буй бүхнийг нь яриулж байгаа ч ганцхан түүний мэдүүлгээр энэ хэрэг илэрчих байтал ингэж удааж байгаа нь Б.Булганы мэдэж байгаагаас яаж мултрах аргаа зохиож байна гэх хардлагыг төрүүлж байна.

Хэрэг хуучирдаггүйн адилаар 17 жил нуун далдалсан ч С.Зоригийн хэрэг сөхөгдсөөр байна. Тиймээс энэ удаад С.Зоригийн хэргийг нэгмөсөн дарж, Б.Булганы мэдэж буй бүхнийг ямар ч үнэ цэнэгүй болгох ажиллагаа явагдаад байх шиг. Нөгөө талаас Б.Булганы ээж Д.Байгаль охиныг нь амиа хорлосон болгох эсвэл амиа хорлоход хүргэх вий гэхээс эмээж буйгаа хэвлэлд хэлсэн байх юм. Мөн баг өмссөн 7-8 хүн түүний гэрт ирж нэгжлэг хийсэн гэжээ. Гэрч Б.Булган ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд түүнийг нөхрийнхөө хэрэгтэй холбоотой ямар нэг нотлох баримт хадгалж байж болзошгүй гэсэндээ л нэгжлэг хийсэн болов уу. Нөгөө талаас нууцын зэрэглэлд хамаарах ч улсын ажил хийж, төрийн нэрийн өмнөөс очиж буй хүмүүс баг өмсч “хулгайч нохой” шиг аашлах нь хэр зохижтой вэ. Хаанаас явж буй хэн гэгч хүмүүс тэнд ороод гарав. Буух эзэн, буцах хаяг нь хаана вэ.

Д.Байгаль гуай охиныхоо эрүүл мэндэд маш их санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Учир нь Б.Булганыг Төв аймгийн Цагдан хорих төвд гянданд ганцаарчлан хорьж, хэнийг ч уулзахгүй дөрвөн сар өнгөрлөө. Одоо Б.Булган амьд эсэхэд хүртэл эргэлзэх хүмүүс эхнээсээ авахуулаад бий болж эхэллээ. Учир нь чанга хатуу нөхцөлтэйгөөрөө алдартай Төв аймгийн Цагдан хорих битгий хэл Улаанбаатар хот дахь Цагдан хорих 461 дүгээр хорих ангид ганц сар хоригдохоороо дарга эрчүүдийн уушиг нь “устаж үхлийн ирмэгт тулдаг” билээ. Тэгэхээр чанга хатуу нөхцөлд дөрвөн сар залхаан цээрлүүлэгдэж буй хэргийн чухал гэрчийг ямар зорилгоор хориод байна вэ. Гарч ирээд ганц үг ган хийхэд илрэх хэрэг байтал ийм удаан хугацаанд хорьж, залхааж байгаа нь цаанаа энэ удаад түүний “амыг нэгмөсөн таглах”-аар шийдэж, ямар ч улстөрийн хүчин ямар ч хууль цаазын өмнө үг хэлэхээргүй болгох гэснийх буй заа.

Нинж

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.