Comment.mn

Мүүнийхэнтэй хийж буй тэмцэл буюу БИД ХЭН БЭ???

12729400_1679458548965566_3910015258571548150_nХилээр нэвтрэн орохыг хоригложээ
ХБНГУ-ын Дотоод хэргийн яамнаас 1995 онд Мүүний хөдөлгөөнийг үндэслэгч Сан Мён Мүүнийг эхнэрийнх нь хамтаар 12 жилийн турш (1995-2007) Герман улсын хилээр нэвтрэн орохыг хориглосон агаад эл үндэслэлээ “Эв нэгдлийн гэх Мүүний хөдөлгөөн нь шашны сект буюу сэтгэцийн гаж грүппт хамаарах агаад тэдний идэвхтэй үйл ажиллагаа герман залуучуудыг аюулд учруулж болзошгүй” (1) гэсэн байв.

(Манайд харин эсрэгээрээ 2005, 2006 онд Сан Мён Мүүнийг төрийн хэмжээнд хүндэтгэлтэй хүлээж авсан!)

ШҮҮХДЭЛЦЭЭД ЯЛСАН НЬ

Сан Мён Мүүнийг германд нэвтрэн орохыг хорьсноос 2 жилийн хойно ХБНГУ-ын засгийн газрын даалгавраар Холбооны засаг захиргааны албанаас 1997 онд ард иргэддээ зориулж “Мүүний хөдөлгөөн” нэртэй товхимол (2) хэвлүүлжээ. Үнэ төлбөргүй тараасан уул номд Мүүний шашны гаж урсгалын үнэн нүүр царайг үндэслэгчийнх нь намтраас эхлүүлээд бүхий л үүх түүхтэй нь илчилсэн юм.

Гэтэл Мүүнийхэн Германы засгийн газрыг “цөөнхийн шашин шүтэх эрхийг боогдуулсан” гэж үзэн шүүхэд өгчээ. Хоёр удаагийн шүүх ажиллагаа болж (3) Герман улс ялсан төдийгүй уул номоо цахим хэлбэрт оруулжээ. Удалгүй анх цацсан сайт нь хаагдсан хэдий ч “Холбооны Улсын сект ба гаж урсгалын тухайд зөвлөх нэгдэл” оргиналиар нь сайтдаа байршуулсан байна.

Мүүнийхэн уул номд буй хоёр зүйлийг “харлуулж дарах” эрх шүүхээс олж авсан ч германчууд уран арга хэрэглэж олон нийтэд хэвээр нь түгээсэн байх юм. “Ой ухаан ба сэтгэцийн эрх чөлөөний төлөөх аян”-ыхны сайтад нийтлэхдээ тэр “харлуулах” учиртай хоёр зүйлийг нь дарж зураад, хажууд нь “шүүхээс үүнийг хасахыг шаардсан” гэж тайлбар зүүгээд түүнээ тэр хэвээр нь ард нь нэмээд оруулчихсан аж. Мүүнийхэн эл явдлыг эрс эсэргүүцэж өмгөөлөгчөөрөө дамжуулан “уг номоос 17 зүйл хасуулах” түүнчлэн “уул товхимолыг цахим хэлбэрээр түгээхийг болиулах”, “500 мянган маркаар торгуулах эсвэл 2 жилийн ял сонсгоно” гэх зэргээр сүрдүүлж зарга мэдүүлсэн хэдий ч “Ой ухаан ба сэтгэцийн эрх чөлөөний төлөөх аян”-ыханд сайн өмгөөлөгч байсан тулдаа ялалт байгуулжээ. Мөнхүү аяныхан сайтаараа “Герман улсыг шүүхэд өгч ялагдаж байсан, тэр л зүйлсээ давтан шаардсан нь хөгийн” гээд “Мүүнийхний эсрэг бид хэзээ ч амаа үдэхгүй, үхүүлэхгүй (mundtot)” гэж мэдэгдсэн юм.

Мүүний дарамтад буй хүмүүст туслах байгууллага

Германы засгийн газраас түүнчлэн Мүүн сектийн алби хийгээд дарамтад орсон ард иргэдэд туслах төр улс, хот суурин, сүм дүүргийн нийт 105 цэг байгууллага орон даяар үүсгэж утас хаяг нэрсийг интернетээр түгээсэн байлаа. (Жишээ нь суугуул Карлсрүэ хотод хэн төлөөлж зөвлөх нь вэ гээд хартал Prof. Dr. Jan Badewen гэдэг хүний нэр бүхий л хаягтайгаа жагсаалтад байж байв.)

САЙДЫН “ӨМНӨХ ҮГ”

Холбооны засаг захиргааны албанаас хэвлүүлсэн “Мүүний хөдөлгөөн” номын өмнөх үгийг Герман улсын Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайд Клаудиа Нолте бичжээ. Тэрээр “Шашны гаж урсгал, сектүүдийн зохион байгуулалтай үйл ажиллагааны улмаас хувь хүн, нийгэмд аюул учирч болзошгүй. Холбооны улсын ард иргэдийг хамгаалах чухал хэрэгсэл бол үнэн зөв тайлбарласан мэдээ мэдээлэл мөн.

Энэхүү товхимол нь Герман улсад удаанаар оршин тогтнож үйл ажиллагаагаа өргөжүүлж буй Мүүний хөдөлгөөний тухайд юм. Мүүний хөдөлгөөнд элсэж орсноор ЗАЛУУ ХҮМҮҮС ТЭДНИЙ ОЙР ДОТНЫХНЫ АМЬДРАХ ХЭВ МАЯГ УГ ҮНДСЭЭРЭЭ АЛДАГДАХ НЬ БАЙНГЫН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ. Зөвхөн энэ грүпптээ үйлчлэхийн тулд тэд гэр бүл, найз нөхөд, сургууль соёлоо орхиж байна…Тиймээс эл ном сект ба гаж грүппийн тухайд зүг чигээ олох Тус, сайтар тайлбарласан мэдээллийн Эх суваг болох юм” гэж бичсэн байлаа.

МҮҮН ӨМНӨ НЬ ГЕРМАНД ИРЖ БАЙВ УУ

Сан Мён Мүүнийг 1995 онд Герман улсын хилээр нэвтрэх эрхгүй болгож энэ хориг 12 жил үргэлжилсэн тухай дээр бичсэн, түүнээс өмнө тэрээр 1969 онд Германд ирж хэвлэлийн үйлдвэр, фото зургийн газар, хүн орхоодой импортлох фирм байгуулж, герман хэл дээр сонин хэвлүүлж байжээ. Тэд анхны төлөөлөгчөө америкаас 1964 онд (4) илгээсэн байна. 1971 оноос мүүнийхэн гудамжинд урилга тараах, олон нийтийн тээврийн хэрэгсэлд өөрсдийн “Зарчим”-уудыг чанга дуугаар унших, залбирах зэргээр Герман дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. 1976 онд Мүүний CARP-аас (эв нэгдлийн хөдөлгөөний оюутны байгууллага/ -их сургуулиудад Мүүний сургаалыг түгээх, тухайн сургуулийн оюутны зөвлөлд гишүүн шургуулах зорилго бүхий байгууллага) өөрийн хүнээ Германы Бунтестаг буюу Их хуралд оруулах гэж сонгуулийн үйл ажиллагаанд идэвхийлсэн боловч (5) хууль эрх зүйн үндэслэлгүй тул амжилт олсонгүй.

Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мүүнийхний талаар буруушаасан мэдээллүүд олонтаа гарах болсны улмаас тэд олон хүн цугласан газар чанга хашгирч явахаа больж аажмаар далд хэлбэр рүү шилжин хэвлэн нийтлэх ажлаа сайжруулсан (6) байна.

1984 онд Берлинд CARP-ын Дэлхийн 4-р конгресс чуулсан хэдий ч Мүүний хөдөлгөөнийг эсэргүүцэгчид олноор цугласны улмаас жагсагчид цагдаа нарын хооронд томоохон хэмжээний мөргөлдөөн үүсчээ. Мүүн энэ тухайд “Манай CARP-ын идэвхтэн дэмжигчдийн шууд нөлөөгөөр Герман улс нэгдэж Берлины хана нурсан” гэж хэлж (7) байжээ.

Эхнэр Хак Жа Хан нь 1992, 1993 онд тус бүр хоёр удаа Франкфурт хотод илтгэл тавьж байсан агаад тэр үеэр түүнийг “Дэлхийн энх тайвны төлөөх эмэгтэйчүүдийн холбоо” гэх шинэ байгууллагын ерөнхийлөгчөөр сонгож байсан түүхтэй юм байна. Ер Мүүнийхний байгуулсан “энх тайвны” гэх тодотголтой их олон төрлийн байгууллага дэлхий даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

1971 онд Мүүний эв нэгдлийн хөдөлгөөн 21 чуулган 100 гишүүнтэй байсан бол өнөөдрийн байдлаар Берлин, Хамбург, Бонн зэрэг 10 хотод арван чуулган албан ёсоор бүртгүүлсэн (8) байдаг. Герман даяар Мүүний 1300 гишүүн, 10 000 талархагч бий (9) гэж зарим мэдээллийн эх сурвалжууд мэдээлж буй.

САН МЁН МҮҮН БА МҮҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙД:

Сан Мён Мүүн гэж хэн бэ?

Сан Мён Мүүн 1920 онд Хойд Солонгосын христэд итгэгч тариачны гэр бүлд (10) төрсөн. Эв нэгдлийн хөдөлгөөний намтарт бичсэнээр бол “1936 онд уулан дээр залбирч суусан түүн дээр Исус Христос өөрийн биеэр хүрэлцэн ирж 2000 жилийн өмнө хийж чадаагүй дутуу орхисон их үйлийг гүйцээж хийх, газар дэлхий дээр тэнгэрийн эзэнт гүрнийг байгуулах үүрэг даалгавар өгсөн” (11) ажээ. 9 жилийн турш сүнсний ертөнцтэй ганцаарчлан ярилцаж бурханыг жинхэнэ таньж мэдэх явцдаа дунд сургуулиа дүүргэсэн тэрээр Япон руу явж цахилгаан техникийн мэргэжлээр хэдэн семестер суралцжээ.

26 настайдаа Солонгост эргэн ирсэн агаад сургаал номлол айлдаж дагагчидтай болж улмаар гэрлэсэн. 1947 онд шашны сургаал түгээсэн хэргээр 5 жилийн ял авсан. Үнэндээ бол гэр бүлтэй байсан хэр нь залуухан бүсгүйтэй дахин гэрлэсэн тул шийтгүүлсэн гэж зарим эх сурвалжид (12) бичжээ.

1955 онд “сексийн албадлага” хийгээд ““бусдын эрх чөлөөг хязгаарласан” хэргээр баривчлагдсан агаад шүүх үйл явцын дараагаар эхний эхнэр нь салан одсон ч тэрээр удалгүй дахин гэрлэсэн байна. 1959 оноос анхны фирмүүдээ үүсгэн байгуулсан. Тэр үед агаарын зэвсэг, их буу, бутлуурын үйлдвэрүүд түүний мэдэлд (13) байсан.

Тэрээр дахин салж 1950 онд Хак Жа Хантай гэр бүл болсон бөгөөд энэ гэрлэлтийг Эв Нэгдлийн Хөдөлгөөнийхөн “Хурганы хурим” гэж нэрлэдэг байна. 1960 оноос Мүүний хөдөлгөөн Япон, АНУ-руу анхны элчүүдээ илгээжээ. (Япон улс Мүүнийг эхнэртэй нь улсынхаа хилээр нэвтэрч орохыг насан туршид нь хориглосон)

1965 оноос дэлхийн 40 орноор аялж 120 эдлэн газрыг “Эв Нэгдлийн Хөдөлгөөний ариун газар” гэж ариутган соёрхжээ. АНУ-д аялах үеэр нь АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр хүлээн авч байж. Эл уулзалтыг Солонгосын ЭСЯ зохион байгуулсан (14) байна. 1971 оноос АНУ-д суурин суух болж тэндээс өөрийн сургаал номлолоо дэлхий даяар эрчимтэй түгээж эхэлжээ. Сан Мён Мүүн 2012 онд 92 насандаа Солонгост нас эцэслэсэн. Тэрээр хэдэн тэрбум долларын өв үлдээжээ.

МҮҮНИЙ СУРГААЛД ЮУ НОМЛОДОГ ВЭ?

Бурхан анхны хос Адам Ева-г бүтээж, дэлхийг диваажин болгох төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл Ева сатанд уруу татагдсан. Түүнээс болж диваажин нүгэлт ертөнц болон хувирч Дэлхийн эзэн Сатан болжээ.

Бурхан эртний төлөвлөгөө ёсоороо дэлхий дээр тэнгэрийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулах гэж Исус буюу “хоёр дахь Адам”-ыг илгээсэн боловч тэрээр эрт цовдлогдсон тул гэр бүл үүсгэж нүгэл үгүй хүүхэд үлдээж чадаагүй.

Эв нэгдлийн хөдөлгөөний сургаал ёсоор дэлхийг аврах “гурав дахь Адам” бидний дунд бий ажээ. Тэр нь Солонгосын иргэн Сан Мён Мүүн. Тэрээр өөрийгөө “бурханы элч” гэж нэрийдсэн агаад тойрон хүрээлэгч дэмжигч гишүүд нь түүнийг “Жинхэнэ эцэг” гэж нэрлэдэг байна. Сан Мён Мүүн ба эхнэр Хак Жа Хан нь эв нэгдлийн сүм хөдөлгөөнийхний “жинхэнэ эцэг эх”. Харин жир хүмүүс гишүүн болж байж гэм зэмгүй “жинхэнэ гэр бүл”-д багтдаг гэнэ.

Сан Мён Мүүний сургаал ёсоор бүх шашин “Жинхэнэ эцэг”-ийн захиргаан дор нэгдэж байж л дэлхий дээр энх тайвны эзэнт гүрнийг цогцлоох аж. Дэлхийн бүх улс орон ингэж чадвал “бурханы ноёрхол доорх нэг л ард түмэн” (15) болж хувирна. Энэ үзэл суртлаар нь түүнийг судлаачид “дэлхийн бүх шашныг төдийгүй төр улсыг ноёрхох” амбицтай гэж дүгнэдэг байна.

Зарим судлаач Мүүний сургаалыг энд тэндээс хуулбарласан төдий үзэл суртал гэж шүүмжилдэг. Еваг Библи-д сайн мууг мэдүүлэх алим идсэн гэдэг бол Мүүн “сатанд сексийн хувьд уруу татагдсан” гэдэг. Гэтэл түүний нь 1688 онд Лондонд төрсөн байгаль судлаач Эммунэль Свэденбургийн сургаалд бичиж үлдээсэн байдаг ажээ. Мөн Күнзийн гүн ухааны арга билгийн ёсноос ч хуулсан гэгддэг (16) байна. Ер нь бол зарим судлаачийн хэлж буйгаар Мүүний сургаал гэдэг нь ертөнцийг харах олон янз үзлийг нэг дор бөөгнүүлж тэмдэглэсэн тэмдэглэл маягийн зүйл аж. Солонгост ийм Synkretismus төдий гайхмаар зүйл биш гэнэ. (Synkretismus – бүх шашны элементүүдийг нэг итгэл үнэмшилд “хольж нэгтгэх” үзэл)

Монголчууд үүнд итгээд байна гэж үү???
(Сан Мён Мүүний санхүүгийн башир ов мэх!)

Мүүний тэнгэрийн зарчим (17) гэх сургаал ёсоор бол “Газар дэлхий дээр тэнгэрийн их эзэнт гүрнийг байгуулахын тулд муу ёрын сүнс сатанаас бүх зүйлийг нь бүхий л арга хэрэглэж салгаж Эв нэгдлийн хөдөлгөөнд өргөх, тэгж байж л бурханы таалалд нийцэж асар их хүчийг олох ёстой” юм (18) аж. (Дэлхийн бүх хүн Евагаас болж сатаны хүүхэд болсон! Мүүнд элсэж “жинхэнэ эцэг эх”-ийн хүүхэд болж адислуулж байж л “жинхэнэ гэр бүл”-д багтаж “дахин төрөх” ажгуу. – ө/х “солонгос үзэл суртлын мөнхийн Боол” болдог)

“Жинхэнэ эцэг”-ээр адислах ёслол гээчийг үйлдэж ихэнх нь зүс зүсээ зургаар таних төдий олон мянган хосыг нэг дор гэрлүүлдэг. Ингэж адислахынхаа өмнө Мүүний ундаа гэх “цус” уулгадаг. Түүнийг ууж байж л сатан, муу ёрын сүнснээс (эцэг эх ах дүүсээс нь тасална гэсэн үг) цусан холбоогоо тасалдаг (19) аж.

Эв нэгдлийн хөдөлгөөний гишүүд өөр хүмүүсийг элсүүлэх хийгээд фандрэйсинг буюу мөнгө олохдоо (Мүүний сургаал ёсоор) эхлээд үнэн учир шалтгаан, зорилгоо хэлэхгүй нууж “худлаа хэлж ов мэх гаргах“ ёстой гэнэ. Энэ башир сургаалдаа Сан Мён Мүүн “Тэнгэрийн хууран мэхлэлт” (himmlische Täuschung/ heavenly deception) гэдэг нэр томьёо өгсөн байдаг. Үүнийгээ Библээс хуулбарласан байна. Иаков айлын удаах хүү болж төрсөн тул өв залгамжлагч бус. Тиймээс том хүү болж жүжиглээд эцгээ хуурч, ерөөлийг нь авснаар өвийг нь ч авдаг тухай хуучин гэрээнд бий. Сан Мён Мүүн “Бурхан Иаковыг өөрийн агуу зорилгодоо ашиглахын тулд түүний хууран мэхлэлтийг зөвшөөрсөн” гээд эв нэгдлийн хөдөлгөөний гишүүддээ Мөнгө олох, хүний сэтгэлийг татахдаа Ов заль, хууран мэхлэлт хэрэглэхийг “хуульчлан” зөвшөөрдөг байна.

Энэхүү “Himmlische Täuschung” буюу “Тэнгэрийн хууран мэхлэлт” гэх үзэл санаа нь Мүүний их эд хөрөнгийг ямагт шинээр сэлбэн арвижуулж дундаршгүй болгох гол үндэс болдог. Фандрэйзинг буюу мөнгө олох “жинхэнэ эцэг”-т өргөх энэхүү үйл ажиллагаагаа Мүүнийхэн Сатаны эсрэг хийж буй тэмцэл (20) гэдэг ажээ.

МҮҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРХ МЭДЛИЙН ОРГИЛД ХЭН ХЭН БАЙДАГ ВЭ?

Эв нэгдлийн хөдөлгөөнийхний хувьд Сан Мён Мүүн “жинхэнэ эцэг” төдийгүй “дээдийн дээд ноёрхогч”, “бурханы элч төлөөлөгч”, “бурхантай дүйцэх газарт буй их эзэн” юм. Одоо түүний орыг “нуган үрс” нь залгамжилж буй.

Дэлхий даяарх мүүнчүүд Ням гараг бүрийн үүрийн 5 цагт босож тав дугаарласан зүйлсийг дүрмийндагуу хэлж залбирахдаа сүүлийн дугаарт буй нэлээн урт “бичвэр”-ийг зөвхөн солонгос хэлээр хэлэх ёстой (21) гэнэ.

Сан Мён Мүүний анхны дагалдагчид болох бараг зуун хувь Солонгос хүмүүсээс бүрдэх 36 гэр бүл байдаг аж. Тэд Мүүний хөдөлгөөний бүхий л дээд албан тушаалыг хашдаг. Тэрчлэн эдгээр гэр бүлийн хүүхдүүд зөвхөн өөр хоорондоо гэрлэх (22) ёстой. Тэгж байж өөрсдийн өв хөрөнгө, эрх мэдлийг ультра элит хүрээнд “солонгос цусандаа” барьж чаддаг байна. Олон улсад Мүүний хөдөлгөөний “орон нутгийн тэргүүлэгч” сонгох боловч тэрхүү 36 гэр бүлээс гаралтай дээд эрх мэдэл бүхий “зөвлөгч” эв нэгдлийн гэх бүхнийг давхар хянаж байдаг.

Өнөөдөр Мүүний үр хүүхэд хийгээд тэдгээр 36 гэр бүлийн мэдэлд үнэт металл, агаарын болон хүнд зэвсгийн, хүн орхоодой, загас, завь усан онгоц, косметик гоо сайхны дэлхийг хэрсэн үйлдвэрүүд, том банкууд, карате таквендо студиуд, урлаг соёлын газрууд, ТВ сонин сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, пицца, цэцгийн дэлгүүрүүд, газар үл хөдлөх, Их дээд сургууль, солонгос хэлний курс хичээллүүлэх сүлжээ зэрэг тэрбум тэрбумаар тоологдох өв хөрөнгө бүртгэгдсэн байдаг байна.

Сан Мён Мүүн АНУ-д нэгэнтээ “Дэлхийд өнөөдөр Удирдагч алга. Оросуудад ч тэр америкчуудад ч мөн адил. Дэлхий жинхэнэ удирдагчийг дуудаж байна. Тэр дуудаад буй хүн нь ази тивээс, түүний нь Мүүн гэдэг гэж та бүхэн итгэж байгаа биз дээ? гэж хэлж (23) байжээ.

Мүүний Эв нэгдлийн гэх дэлхий хэрсэн сүлжээнд солонгос хэл соёл тун чухал гэнэ. Учир нь Мүүнээр удирдуулсан нэг дэлхийн андгай өргөх хэл “солонгос хэл” байх болно (24) гэж Сан Мён Мүүн тунхагласан байна.

Мүүнийхэнд “тархиа угаалгаж” байсан хоёр гэрчийн ярианаас:

Мүүний CARP-ын захирал асан АНУ-ын иргэн Gary Scharff -ийн мэдээлснээр Эв нэгдлийн хөдөлгөөнийхөн хүмүүсийг дараах технологийн дагуу тархий нь угааж өөрийнхөө үзэл сурталд автуулдаг байна:

“Хүүхэд залуучуудыг төрөлх гэр орон, найз нөхдөөс нь салгана. Өглөөний 7 цагаас шөнийн 1 хүртэл үргэлжлэх хатуу төлөвлөгөө горимын дагуу цуврал лекц буюу Мүүний тэнгэрийн зарчим гэгдэх үзэл сурталд сургана. Өөрийн дураар үйл хийж болдоггүй, тэр бүү хэл идэх уух, угааж арчихдаа ч бүлгээрээ байна. Нойр муутай байлгаж, уураг багатай хоол өгнө. Ийм тохиолдолд хүний бие сэтгэхүй ядарч “дөлөн дээр суух” мэт ө/х, “нохой гурав харагдах” мэт болно. Энэ үед нь шашны төсөөллүүдийг үерийн ус мэт тархинд нь суулгаж өгдөг” (25).

Германы эв нэгдлийн хөдөлгөөний гишүүн асан Солвайг Прасс ингэж өгүүлжээ:
“Анхаарлын төвд байх нь миний хувьд маш сайхан санагдсан. Анхандаа надтай бүгд л их эелдэг харилцаж бүх юм намайг тойрон эргэлдэх мэт тэр мэдрэмж их гоё. Үүнийг мүүнийхэн хайраар бөмбөгдөх буюу “love bombing” гэж нэрлэдэг. Тэгээд грүппт жинхэнэ элсэж чадвал Солонгос юмуу АНУ руу аялуулна гэж амалсанд нь сэтгэл татагдсан. Урд өмнө нь гадаадад байж үзээгүй надад үнэхээр сайхан сонсогдож байлаа… Гурван хоногийн сургалтын дараа л би “Мүүн бол бурханы шинэ элч” гэж гүнзгий итгэсэн…Мүүнийхний үнэн дүр төрхийг би мөнгө олох буюу фандрэйзингийн үеэр олж мэдсэн…” (26)

БИД ХЭН БЭ?

Хүмүүс дэлхий дээр түр “ирээд буцдаг”. Эгээ адил цэцэг ургамал ч түр “ирээд буцна”. Гэтэл цэцгийн дэлбээг цаг нь болоогүй байхад тасалж аваад яаж “хайрласан” ч хатах нь тодорхой. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудыг харийнхан цэцгийн дэлбээ мэт “тасалж” байна…Эмзэг бага тэднийг эцэг эх, ах дүү, найз нөхдөөс нь салгаж байна!…Түүнчлэн үр хүүхдээсээ ч илүүтэй “мунхарч” яваа насанд хүрэгсэд улам олуулаа болсоор байна!!…

Бид монгол дүр төрхтэй солонгос хүмүүс үү. Бидний тархи сэтгэхүйд “хэн” хярж нуугдаж байна вэ? Эсвэл монгол царайтай еврей юү? Күнзээр үү, библээр хүмүүжих үү? БИД ХЭН БЭ??? Хэрвээ бид Монгол гэж хариулвал, бидний зүрх сэтгэл тархи сэтгэхүй ч Монгол л байх учиртай!…Тийм биш гэж үү???…

Эх сурвалж:

(1) Gründer der Mun-Sekte darf einreisen. Focus vom 4. Mai 2007.
(2) Die Mun-Bewegung: Eine Broschüre der Bundesregierung von 1997
(3) www.agpf.de/Mun-Bewegung
(4) Hardin/Kuner, in: Kehrer, Das Entstehen einer neuen Religion, S. 131 ff
(5) Wahlpropagandamaterial der CARP (Collegiate Association for the Research of Principles)
(6) Minhoff/Lösch, S. 87
(7) Sun Myung Mun: Ansprache zur Segnung am 25.08.1995; Gandow, in Kirchner, S. 198 ff;
(8) Zentren in Deutschland auf der offiziellen Webseite der Tongil Gyo Vereinigungsbewegung. Abgerufen am 11. Mai 2013
(9) Frankfurter Allgemeine Zeitung, 5. Mai 2007, S.9
(10) Minhoff/Lösch, S. 61; Handbuch Religiöse Gemeinschaften, S. 821 zu “Munbewegung”
(11) San Myung Mun, Ein Prophet spricht heute, Kurzbiographie, S. 143 ff; Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu “Munbewegung”; Kim Young Oon, Vereinigungstheologie, Kurzbiographie, S. 254; Koch, Günter, Himmlische Soldaten, S. 145 ff
(12) Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu “Munbewegung”; vgl. Bendrath u.a., Ein Messias aus Korea,S. 24
(13) FraserReport, S. 10; Robbins u.a. in: Horowitz, The Politics of Moon, S. 53; Karow, Yvonne, BhagwanBewegung und Vereinigungskirche, S. 146
(14) Obst, S. 277; Yamamoto, S. 29; The Tradition, S. 68 f
(15) Mun, The Future of Christianity in: Christianity in Crisis, S. 94; vgl. Satzung der “Vereinigungskirche e.V.” AG Frankfurt, VR 7640; Mun, Zeitenwechsel, S. 42 ff
(16) Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu “Munbewegung”
(17) vgl. Scharffin Underwood, S. 156; Die Göttlichen Prinzipien, S. 108 ff
(18) Underwood, S. 162, S. 191; Yamamoto, S. 66
(19) Mun, Christianity in Crisis, S. 157
(20) Hammerstein, S. 37; Underwood, S. 75 ff; Yamamoto, S. 67; ARD “Report”, Jan. 96
(21) Handbuch Religiöse Gemeinschaften, S. 822 zu “Munbewegung”
(22) Gandow, S.76; Hartwig, A. Magisterarbeit, S. 43
(23) KFW, Im Reich des Bösen, Manuskript, S. 6
(24) Die Göttlichen Prinzipien, S.574; The Tradition, Book One, S.36 ff (Gelöbnis sollte koreanisch gesprochen werden); a.a.O. S. 37; FraserReport, S 4 ff
(25) Underwood, S. 156
(26) www.berliner-zeitung.de/…/eine-aussteigerin-berichtet-ueber…

Дорждамдингийн Оюун   2016.2.23

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.