Comment.mn

Астраль бие буюу зүүдэн биеийн амьдрал

Астраль бие буюу зүүдэн биеийн амьдрал нь хүний хоёр дахь амьдрал буюу бурханлагын амьдралыг бий болгодог. Хүмүүс амьдралынхаа хагасыг ямар ч үр ашиггүй нойрсож өнгөрөөдөг хэмээн харамсдаг боловч физик биеийн өдрийн амьдралаас илүү зүүдэн биеийн амьдрал бодитой бас асар их зүйлийг бүтээсэн үр ашигтай амьдрал байдаг.

Физик биеийн давж чадахгүй байгаа асуудлыг зүүдэн бие шийдэж өгсөн түүх асар арвин тааралддаг. Тэгээд ч алсын аянд хүч шаардахгүй, хоол унд, орон байр нэхэхгүй аялагч бол зүүдэн бие юм.

Зүүдэн биеийн үелзэл давтамж нь 50гц байдаг бол физик биеийн давтамж 1гц байдаг. Иймээс аливаа зүйлийн ая эвийг олох болон өө сэвийг ажиглахад зүүдэн бие хамаагүй илүү билээ. Төвдийн их бясалгагч Мягмар Лувсандамба дэлгүүрт зочилхын өмнөх шөнө зүүдэн биеэрээ очиж авах бараагаа сонгодог байжээ. Мөн Монголын их дөвчингүүд харийнхны эсрэг рид хүчний тулаанд зүүдэн биеэ голчлон ашиглаж байсан түүх бий.

Энгийн бидний хувьд физик биеийн амьдралаа илүү чухалчилдаг учир зүүдэн бие маань ямар ч захиалгагүй амьдарч дур зоргоороо тэнүүчилдэг. Физик биеийн амьдрал, зүүдэн биеийн амьдрал хоёр маань хэлхээ холбоогүй шахам болсон гэсэн үг. Зүүдэн биеэ амьдралын зорилгодоо анх ашиглаж сурах гэж байгаа хүн эхлээд нойрсхын өмнө зүүдэн биедээ физик биеийн өмнөөс захиа бичиж үлдээх хэрэгтэй. Тэгээд өглөө сэрээд босох гэж яарсны хэрэггүй.

Учир нь босох гэж хөдлөх зуур зүүд мартагдана. Яаралгүй хэсэгхэн зуур зүүднийхээ үзүүлсэн эшийг эргэцүүл. Энэ үед зүүдний тайлал майлал гэх номыг огт харалгүйгээр зүүдэнд тохиолдсон явдлуудаа шууд утгаар нь ойлгох хэрэгтэй юм. Ер нь зүүдэнд уулзсан учирсан бүгд физик биеийн уулзалт учирлуудаас ч илүү бодит байдаг. Өдрийн сэрүүндээ хэл амаа ололцохгүй байсан нөхдүүд зүүдэн биедээ бие биенээ ойлгож хамтарсан зөвшилцөлд хүрдэг.

Зүүдэн биед явж байхад гэнэт сэрэх хэрэг гарч болдог. Энэ үед зүүдэн бие хаана ч явж байсан хамаагүй хоромын зуур физик биедээ татагдан ордог. Энэ үед өндрөөс унах мэдрэмж төрж хүн цочиж сэрдэг. Зүүдэн биеийг гэдрэг татах үйлдлийг физик бие болон зүүдэн бие хоёрыг холбож байдаг мөнгөн утас гүйцэтгэдэг.

Мөнгөн утас тухайн хүний амьд байгааг илтгэх ба өөр гариг хүртэл сунгасан ч тасрахгүй хөвөрдөг. Хэрэв унтаж байхдаа насан эцэслэвэл л мөнгөн утас тасарна.

Физик биедээ байхдаа хамаг амьтныг ялгаварлалгүй энэрхүйн бясалгал хийдэг хүн зүүдэн биедээ байхдаа цочих эмээх зэргээс ангижирч аймшиггүй чин зоригоор хаана ч аялал хийдэг болдог. Аймшиггүй чин зоригт зүүднээ аялагч гамшиг тохиолдсон үед дэлхийг ч аврахаар тийм их хүчийг ялгаруулж чаддаг.

Зүүдэн бие маань бурханлагтай холбоотой байж чаддаг боловч бурханы хутаг хараахан биш юм. Бурханы хутагт хүрэхэд бясалгагч хүн физик бие болон зүүдэн биеийн хамтын хүчээр үл ялгаварлах болон үл дасах зан төрхийг өөрт бий болгох хэрэг гардаг. Тиймээс хүн та амьдралын хором бүрийг зүгээр өнгөрөөдөггүй болж таарч байна даа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.