Танил талгүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг хүн Монголын өнөөдрийн энэ нийгэмд амар амгалан амьдрана гэдэг мөрөөдөл болж байх шиг…
Монгол Улсын иргэн Ганболд бидэнд хандсан юм. Тэрбээр гаалийн байгууллагыг бусдын эд хөрөнгийг хурааж авах, үнэгүйдүүлэхийг урьтал болгохоос биш асуудлыг иргэн хүнийг хохироохгүйгээр шийдэх тухай боддоггүй юм байна гэв.
Ганболд гуайн хүү 2015 оны 11 дүгээр сард тоёота альфард маркын автомашиныг Япон улсаас худалдан авч Монгол руу ачуулсан байна. Хүүгийнхээ худалдан авч явуулсан машиныг аав нь очиж авах гэтэл Гаалийн байгууллага тухайн автомашиныг 2005 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн байна. Үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жил 3 хоног болсон байна хэмээн их хэмжээний гаалийн татвар төлөхийг шаарджээ.
Харин Ганболд гуайн хүү машиныг худалдан авахад бичиг баримт дээр үйлдвэрлэсэн он нь 2005 оны 12 дугаар сард гэж байсан аж. Тиймээс л тэд үйлдвэрлэгдээд 10 жил болоогүй хэмээн бодож, монгол руу ачуулсан байгаа юм. Харин тухай машиныг гаалийнхан тусгай программаар шалгахдаа 3 хоног нэмээд иргэнээс их хэмжээний татвар нэхсэн байгаа юм.
Автомашины эзэн гурван хоногийн торгуулийг нь төлөөд машинаа авах хүсэлтийг Гаалийн газарт удаа дараа тавьсан ч тусыг эс олсон байна. Ганболд гуайн ярьж буйгаар бол “Нэгэнт л 5-6 сая төгрөг төлөөд автомашинаа авч ирсэн учраас хэтэрсэн гурван хоногийн торгууль, татвар энэ тэрийг нь төлөөд 7-8 сая төгрөгөөр авах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч үл тоосон байна. Харин ч 12 сая 150 мянган төгрөг төлөөд авбал ав, үгүй бол өмчөөсөө татгалз гэх шахалтыг” үзүүлж эхэлжээ.
Эдийн засгийн хүндрэлтэй, ард иргэдийн амьдрал дордоод, худалдан авах чадвар нь муудсан энэ цагт, мөн автомашины үнэ буурсан энэ үед ийм их хэмжээний мөнгийг төлөөд тухайн машиныг авах боломж ямар ч иргэнд байхгүй. Үүнийг Гаалийн ерөнхий газар ойлгохын дээдээр ойлгож байгаа ч ЯАГААД гуравхан хоногийн асуудал дээр тухайн иргэнийг боомилж, эд хөрөнгийг нь хурааж авахаар улайрах болов гэдэг хачирхалтай.
Ганболд гуайн хувьд төлөх ёстойг нь төлөөд автомашинаа авъя гэснээс биш, огт төлөхгүй байх тухай яриагүй байна. Гэвч түүний хүсэлтийг гаалийнхан огт авч хэлэлцэхгүй байгаа аж.
Зүй нь бол төрийн байгууллага иргэндээ үйлчлэх, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй ч түүнийгээ умартан, аль болох иргэдийг эрхийг зөрчиж, тэднийг төлбөр мөнгөний ямар нэгэн дарамтанд учруулж, эд хөрөнгийг нь хураах зорилгыг агуулах болжээ гээд хэлчихэд хэлсдүүлсэн болохгүй биз ээ.
Хэрвээ төр хууль дүрэм зохиож, түүнийгээ мөрдүүлэх гэж л байгаа юм бол яагаад иргэддээ гүйцэд мэдүүлж, таниулж, ойлгуулахгүй байгаа юм бэ?
Яагаад гурав, дөрвөн сар хүрэхгүй өөрчилж, шинэчлээд байгаа бантан шиг олон хуулиудаа олон нийтэд таниулан сурталчилах ажлыг хийгээгүй байж, хатуурхана вэ? Аливаа хууль дүрэм дэг журамын гол зорилго нь иргэн хүний эрхийг хамгаалахад оршдог юм уу? Эсвэл иргэний халаасыг тэмтчин, тэдэнд дарамт учруулж, эд хөрөнгийг нь хураахад оршдог юм уу? гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч ирэх юм.
ЯАГААД?
Гааль дээр татварын зөрчилтэйгөөр хураагдсан 3 тэрбумын хөрөнгө байгаа тухай саяхан мэдээллэгдэж байсан… Тэгвэл энэ их хөрөнгийг тэнд үнэгүйдүүлж, байснаас зохих татвараа төлөөд авъя гэсэн хүмүүст нь яагаад өгөхгүй байгаа юм бэ…
Төр эдийн засгийг хохироосон олон үйлдлийг өршөөдөг мөртлөө, өөрийн бор зүрхээрээ амьдралаа залгуулан яваа энгийн ард иргэд нь өөрийн хүч хөдөлмөрөөр олж авсан хөрөнгө мөнгөө авах гэхээр яагаад ийм их хатуурхана вэ… Магадгүй Гааль дээр Ганболд гуай шиг хуулиа сайн таньж мэдээгүйгээс энэ мэт байдлаар хохирч байгаа өч төчнөөн иргэн байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс тогтвортой бодлогогүй төрийн балгаар хохирч яваа энэ мэт иргэнээ ёстой жинхэнэ татварын өршөөлийн хуульд хамруулан, эд хөрөнгийг нь олговол ямар вэ?
Төсвийн алдагдалтай, төрийн сан нь дундасран энэ үед энэ мэт хөрөнгийг зөв зохистой шийдвэрлэх нь төсөвт төвлөрүүлэх татварт нэмэр болохгүй гэж үү…
Н.Чинзориг