Эдийн засаг сэргэх үеэр эхлүүлэх нь тактик уу, эсвэл сонгуулийн шоу юу?
Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох асуудал оны өмнө яригдсан. Цэц дээр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн унаснаас энэ гарц сөхөгдсөн ч гэж болно. Ипотекийн зээл гэнэт зогссонтой холбогдуулан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар зээлийг сэргээх үеэр эрх баригч намын барьсан гэнэтийн бэлэг өнөө хэр хүлээлт үүсгэсээр байгаа юм.
Монголбанкнаас мэдэгдэж байгаагаар бол засгийн газартай хамтран тооцоо судалгаа хийж, хэлэлцээрийн ширээний ард суугаад, ихэнх ажлаа цэгцэлчихсэн. Таван том гэрээнд өөрчлөлт оруулах ажил ч дөрөө олсон гэх. Хамгийн гол нь хэзээ таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдох эхлэх бэ гэдэг асуултад засгийн газраас шийдвэртэй хариу өгөхгүй байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Эдийн засаг хавар, намрын тодорхой саруудад сэргэдэг. Энэ сэргэлтийн үеэр таван хувийн зээлийг эхлүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Гуравдугаар сарын сүүлээр эхлүүлчих байх” гэж мэдэгдсэн.
Гэтэл нөгөө талд үнэхээр зээлийн хүүг нь буулгахаар шийдсэн юм бол шууд эхлүүлчихгүй, сонгуулийн шоу хийлээ гэх шүүмжлэл ч байна. Үнэхээр Монголбанкны мэдэгдсэнчлэн эдийн засаг сэргэх үеэр эхлүүлнэ гэх нэрээр хойшлуулж буй нь зорилтот тактик уу, эсвэл сонгуулийн шоу юу?. Бэлтгэл ажил нь ерөнхийдөө хангагдчихаад байхад засгийн газраас ипотекийн журамд өөрчлөлт оруулах асуудлаар уяж байгаа нь бас нэгийг хэлээд байх шиг.
Журмаар ямар шалгуур тавигдах бэ?
Засгийн газраас ипотекийн зээлийг журмыг ерөнхийд нь шинэчлэн боловсруулах ажил хийгдэнэ. Энэ хүрээнд барилга хот байгуулалтын яамныхан нэлээд шахуу ажиллаж байгаа гэх мэдээлэл буй юм. Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой гээд шууд зарлачихсан учир зээл хүсэгч иргэд тэгш хамрагдах нь гэсэн ойлголтой байгаа. Мөн барилгын салбарынхан ч тийм бодолтой нь байгаа нь нууц биш.
Гэвч эрх баригч намын зүгээс мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн утга агуулгыг уг журамд шингээнэ гэдгээ тов тодорхой зарласан. УИХ-ын дарга З.Энхболд “Ипотекийн таван хувийн зээлийг олгохдоо барилгын материалаа дотоодын үйлдвэрээсээ авсан, монгол хүмүүсээ ажлын байраар хангасан компанийг хамруулна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь бий. Энэ нь АН-ын өнгөрсөн сонгуулийн амлалт болох “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн биелэлтэд нь нийцэх шалгуур.
Тэгэхээр ажлын бүтээмж, элдэв асуудлаа харгалзан үзэж, урдаас хужаа ажилчид вагон вагонаар нь оруулж ирэн, барилгаа бариулчихдаг томоохон компаниудад асуудал үүсэхээр харагдаж буй юм.
Мөн хүн амын өсөлтийг дэмжих, нийгмийн халамжийн хүрээнд дөрвөн хүүхэдтэй айл өрх шууд таван хувийн зээлэнд хамрагдах боломж эдэлнэ гэсэн мэдээлэл явж байгаа. Үүнээс үүдээд гурван ба хоёр хүүхэдтэй айлууд таваас өгсөх зээлийн хүүгээр орон суууцтай болох шалгуур тавигдахаар засгийн газрын хүрээнд яригдсан гэж байгаа. Тэгэхээр бүгд хавтгайрсан байдлаар таван хувь руу шилжихгүй нь үү гэсэн таамаглал бийг энд онцлууштай.
Мөн шинээр батлагдах журамд нийцүүлэн өмнө нь орон сууцны зээлэнд хамрагдсан өрхүүд хүүгээ буулгах эрхзүйн орчин нээлттэй болох юм. Ингэснээр өрх гэрт ирж буй санхүүгийн ачаалал харьцангуй буурах эерэг тооцоолол гарсан нь бий.
Та хэдэн төгрөгийн зээл авч чадах бэ?
Ипотекийн зээлийн хүү таван хувь болон буурснаар 530 мянган төгрөгийн цалинтай иргэн 42 м.кв байр авах боломж нээгдэнэ гэж АН-ынхан онцлон мэдэгдсэн. Ипотекийн зээлийн хүү таван хувь болон буурсан тохиолдолд төлөгдөх мөнгөн дүнгийн дэлгэрэнгүй хүснэгтийг танилцуулж байна.
Ж.Мядагбадам