Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авахаар Засгийн газраас АТГ-т албан бичиг хүргүүлсэн билээ. Уг бичгийн хариуг ажлын 10 хоногт багтаан буцаан хүргүүлэх учиртай бөгөөд АТГ-ын дарга Н.Ганболд 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 01/1043 дугаартай албан тоот бичгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгод хаяглан ирүүлжээ. АТГ-аас ЗГХЭГ-т ирүүлсэн тус бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэхэд Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 1/184 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 15/131 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн лавлагаагаар нэр дэвшигч Н.Энхбаярын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна.
Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1,3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна.
Монгол Улсын Шадар сайд нь улс төрийн албан тушаал болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн албан тушаалд томилохыг хориглосон байна.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тогтоогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна” гэжээ.
Үүнээс гадна АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар тус газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Мөн тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр сэтгүүлчийн зарим асуултад хариулт өгсөн юм.
–АТГ-аас МАХН-ын нарийн бичгийн даргыг саатуулсан. Түүнийг ямар үндэслэлээр саатуулсан бэ?
-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба авлигын хэргээр манай байгууллагад шалгагдаж байгаа. Тэрбээр олон нийтэд хандаж ил захидал илгээсэн. Ингэхдээ авлигын гэмт хэргийн талаар, авлига аваад хэнд өгсөн, авахдаа хувьдаа хэрэглээгүй, намынхаа эрх бүхий албан тушаалтнуудад өгснөө зарласан. Энэ үндсэн дээрээс прокурорын байгууллагаас Г.Шийлэгдамбын хэргийг дахин үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Энэ хэрэгтэй холбогдуулан тус намын нарийн бичгийн даргыг шалгаж байгаа. Уг хэрэг шалгалтын шатанд байгаа учир тухайн хүний талаар болон, үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.
– Г.Шийлэгдамбын авлига авсан нь тогтоогдсон уу. Эсвэл намын санхүүжилт өгөх цуглуулах зорилгоор хандив авсан юм уу?
-Хандив, авлига хоёрын хуулийн ойлголт нь өөр л дөө. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл анги буюу Авлига авах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд байгаа. Шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа бүх асуудал тодорхой болох байх.
-Засгийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилохтой холбоотой мэдээллийг танай байгууллагаас авсан. Танай Засгийн газарт хүргүүлсэн албан бичигт түүнийг Шадар сайдын албан тушаалт томилох боломжгүй гэж үзсэн. Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хэзээ дуусах вэ?
-Үүнийг бид тодорхой эрх бүхий байгууллагаас тодруулсан. 2017 он хүртэл энэ хүнийг төрийн албанд ажиллах боломжгүй байна гэсэн дүгнэлтийг хийж Засгийн газарт хүргүүлсэн. Тодорхой хэлбэл, 2017 оны наймдугаар сард ялтайд тооцох хугацаа дуусна.
Б.Төгөл