-Хэл яаж хөгждөг тухай цөөн үгээр ярих, товчлон базаж дүгнэх амаргүй л дээ. Хэлний хөгжлийн талаар орчин үед эрүүл ухаантай хүний санаанд ч багтмааргүй сонин сонин онол их яригддаг болсон юм шиг байна лээ. Жишээ нь, өнгөрсөн жил Казахстаны нэг зохиолч ХIII зууны монголчууд хасагаар ярьдаг байсан гэх ухааны юм ярьсныг хаанаас ч билээ уншсан юм даг. Мэдээж, хэл 8-9 зууны дотор ондоо хэл болтлоо хувьсаж өөрчлөгдөнө гэж байхгүй. Гэхдээ л өнөөдрийн цаг үеийн энэ их хурдац дунд монгол хэл үндсэн ай саваасаа зарим талаар сагаж, зарим талаар ширгэж байгаа тал анзаарагдах юм. Саяхан “Авлигыг үл тэвчье!” гэсэн лоозон харлаа л даа. Яахав, утгыг нь ойлгож байна л даа. Гэхдээ л сонгодог бичгийн хэлтэй хүнд бол энэ нь яг эсрэг утгаараа ойлгогдох магадлалтай.
-Ямар гэж?
-“Энэ авгайг тэвчье” гэсэн хэлц “Нууц товчоон”, “Эр хоёр загал”-д бий. Үүнээс цааш тэсвэрлэж, дагахаа больё гэсэн хоёргүй утга. Дургүй хүргээд байгаа дайснаа “тэвчье” гэвэл “алж орхиё” гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр “үл тэвчье” маань юу болж таарах вэ? Ядахнаа “үл” гэдэг хориглох, үгүйсгэх утгатай үгний сонголт буруу болсон байна шүү дээ. Энэ мэтчилэн яриад байвал, залхуутай л даа. “Үл тэвчих” ч гайгүй, орой зурагтаар гарч байгаа кино болгоноос “тачаангуй” гэдэг үгийг сонсох бүртээ уур хүрдэг. Тачаангуй гэдэг муу муухай үг гэж байгаа юм биш, буруу хэрэглээд, буруу орчуулаад байх юм аа. “Sexy” гэдэг англи үгийг оросууд шууд л сексуальный гэх, үүнийг нь манайхан тачаангуй гэх юм. “Тачаангуй харагдаж байна”, “Маш тачаангуй”, “тэр яасан тачаангуй охин бэ” гэх мэтээр орчуулаад л. Тачаангуй гэдэг бол шал өөр утгатай, би одоо энд ийм тийм үед хамаатай үг энэ тэр гэж тайлбарлах гэж мунгинаад яахав. Товчхон хэлэхэд, sexy гэдэг чинь тачаангуй биш, дур булаам, хүслэн татам гэсэн эрс өөр утгатай үг шүү дээ. Гэтэл нөгөө үг нь буруу утгаараа бүр хэвшиж гүйцлээ.
-Нийгмийн өөр орчинд шилжиж байгаа өнөө үед яах аргагүй үгийн утгыг бид зөв гаргаж ирэх нь чухал. Жишээ нь, атаархал гэдэг үгийн утга ерөнхийдөө бүтээн байгуулах шинжийн эсрэг байдаг, ийм утгаар нь ч хэрэглэж ирсэн юм байна. Таныхаар атаархал гэж юу вэ? Та хэн нэгэнд атаархдаг уу? -Атаархдаг. Маш гоё шүлэг уншихаар, сайн зохиол уншихаар, зарим киноноос их уран гоё санаа харахаараа атаархдаг. Ер нь ямар ч уран бүтээлч жирийн ажилчин, малчин хүнээс илүү атаархуу зантай байх шиг санагддаг юм. Би олон зохиолч, зураач танина. Ихэнх нь л уран бүтээлийн тал дээр бол атаархаж, өрсөлдөж, үзэлцэж байх сэтгэлгээтэй байдаг. Үүнийг би муу зан гэж боддоггүй. Уран бүтээлч атаархал гэдэг бол баян айлд орж үзчихээд гутарч гуньдаг, мөнгөтэй хүнийг, царайлаг хүнийг хараад багтарч үхтэлээ уурладаг хүмүүсийнхээс хавьгүй өөр юм.
-Тэгэхээр таны яриад байгаа атаархал бахархал, эсвэл хор шартай холбоотой юм биш үү? -Муухайгаар атаархахын тухайд уу? Үгүй дээ, надад хэн нэгнийг дампуураасай, шоронд ороосой, эхнэртээ хаягдаасай, хальтирч унаасай гэж бодох шаардлага гардаггүй. Энэ яасан гоё хөөрөгтэй хүн бэ гэж ч бодож үзээгүй.
-Хэл соёлоо өөд нь татах талаар манай төр засгийнхан юу хийдэг вэ?-Нөгөө “Өөрийнхөө толгойг эхэлж угаачихаад, бусдын толгойг угаа” гэдэг шиг, төр засгийн толгойд байгаачуул нь өөрсдөө хэл соёлынхоо үнэ цэн, утга учрыг мэддэг, Монгол үндэсний дархлаа гэдэг утгаар нь харж дээдэлдэг байх ёстой болов уу. Ердөө л театр гэвэл хошин шоу үздэг газар гэж ойлгодог, уран зохиолыг шар сонины эротик өгүүллэг ч юм уу, “Болор цом”-той андуурдаг хэмжээний нөхөд л голдуу сууж байгаа харагддаг. Ний нуугүй хэлэхэд, хэл соёлоо эрхэмлэх ухаан суугаагүй нөхөд тэр малчдынхаа бэлчээрийг алтны дажинд сүйтгүүлэхийг юман чинээнд бодохгүй шүү дээ.
-Өнөөдөр олны хүртээл болох ном зохиолууд их үгүйлэгдэх болж. Өөрөөр хэлбэл, уран зохиол болоод бусад нийтийн номын борлуулалт харьцангуй цөөн тоонд эргэлдэж байна. Таныхаар энэ юунаас болоод байх шиг байна?-Боловсроогүй хүнд боловсруулах шаардлагагүй, шууд л хэрэглэж болох зүйлс л тэнцэнэ шүү дээ. “Энэ номыг хоймортоо залбал баяжина” гэдэг итгэл үнэмшил зөвхөн боловсролгүй харанхуй масст л байдаг. Тэр хэрэгцээг өнөөдөр хов жив, зурхай, баяжих зөвлөгөө, бурхны сургаал номлолууд үндсэндээ хангачихаад байна. Уран зохиол гэдэг бол тэр бүхнээс хамаагүй дээгүүр юм байхгүй юу. Тэгэхээр жинхэнэ сайн зохиолыг гүйлгээний ном болгох аргагүй л дээ. Манайд байтугай, номын зах зээлийн 500-600 жилийн уламжлалтай Европт “Харри Поттер” тэргүүлээд байхад чинь. Нөгөө талаас, манайд гарч буй орчуулгууд гадаадын шилдэг уран зохиолыг сурталчлах биш, хорлох шахам ажил болоод байна. Би л лав хэд хэдэн номыг монголоор уншаад ойлгоогүй. Тэгээд дахиж орчуулгын ном авахаа больсон.
-Сэдвээ бага зэрэг өөрчилье. Улс төржих ер нь муухай юу?
-Улс төржихгүйгээр ямарваа үзэл санааны тухай ярьж болдог тийм оронд амьдардаг бол сайхан л байна. Манайд бол хэцүү болчихлоо л доо. Зүгээр нэг хүн хэл соёл гээд ярихад л, нэг л санаагаа хэлэхэд л, заавал хэн нэгний эрх ашгийг хөндөж таарах гээд байдаг. Тэр нь магадгүй улс төрийн аль нэг намынхны ажилтай хамаатай ч байдаг юм уу. Би улс төр сонирхдоггүй, гэхдээ л зарим бурангуй этгээдийг ард түмний нэрээр өндөр сэнтийд гарчихсан, элдвийн тэнэг юм яриад явж байгааг нь хараад зэвүүцдэг.
-Уран зохиолыг сэтгэлгээтэй холбож үздэг. Нэгэнт бидний амьдарч байгаа үеийн сэтгэлгээний хэмжүүр болсон улс төрийн амьдрал хүссэн ч, эс хүссэн ч хүн болгоноор оролдож байна. Зөвхөн зэвүү хүрч сууна гэдэг таны хувьд арай идэвхигүй байдал биш үү? -Миний хувьд хэр баргийн юманд зэвүүцэж, бухимдаад байдаггүй болохоор, хэн нэгнийг зурагтаар хараад зэвүү хүрнэ гэдэг бол дээд зэргээр доромжилж байгаа минь л юм шүү дээ. Хэрэв өөр хүмүүс миний энэ яриаг уншаад шоолж эгдүүцэх юм бол, би л хувьдаа ичиж эвгүйрхэнэ. Хүнд дээрэлхүүлэх нь биш, дорд үзэгдэх нь л миний хувьд дээд зэргийн доромжлол. Хүнд зодуулах нь биш, тэнэг харагдах нь л жинхэнэ шившигтэй явдал.
-Өнөөгийн монгол гэр бүлд хамгийн их дутагддаг зүйл юу вэ?
-Нийтлэг монгол гэр бүлүүдийн хэв шинжийг би тодорхойлж мэдэхгүй. Юу нь сайн, юу нь муу тал вэ гэж ч ярьж чадахгүй. Толстойн хэлснээр “Айл болгоны зовлон өөр өөр”. Жаргал нь ч адилхан биш. Ярьсан бүх зүйлээ хэл, соёл, уран зохиол руу мушгиад сурчихсан хүний хувьд хэлэхэд, монголчууд гэр бүлээ уншиж боловсрох орчин болгож огт хэвшээгүй нь их харамсалтай санагддаг. Хүүхдээ мундаг сургуульд өгье л гэхээс биш, гэртээ сайн номын сан бүрдүүлье гэж боддог аав ээж ховорхон шүү дээ. Хүнийг хэлэлтгүй, би өөрөө ч хүүхдүүдээ зурагтаас холдуулж, ном тэврүүлээд суулгаж тэр бүр чаддаггүй. Хэрэв монгол айл бүр хүүхдүүдийнхээ хувьд сурч боловсрох таатай орчин болж чаддагсан бол, улсын маань ирээдүй их гэгээтэй болох сон. Хуучны том том сэхээтнүүд чинь дандаа л гэрийн боловсролтой, сурвалжит хүмүүжил гэдэг нь эх хэл бичгийн дээд зэргийн мэдлэг, ном судар уншиж тунгаах чадвар л байсан юм билээ.
-Таны яриа нэг л тийм хуурай, амьдралаас хол юм шиг санагдаад байна. Уг нь энгийн яриа руу л таныг оруулах гэсэн юм?
-Харамсалтай нь, би багаасаа л номноос салдаггүй хүүхэд байсан. Номноос салангид юм ярьж угаасаа сураагүй юм. Тийм болохоор ном уншдаггүй хүмүүсийн дунд юу ярихаа ч мэдэхээ байчихдаг. Ер нь би овжин, сүйхээтэй хүмүүсээс илүү амьдралаас тасархай, гэгээн шударга юм мөрөөддөг хүмүүсийг хайрладаг.
-Архины талаар юу хэлмээр байна вэ?
-Би архинд дуртай. Архи надад олон зүйлийг ойлгуулсан, бас олон хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэхэд минь ч тусалсан л байх. Хэтрүүлчихгүй бол ер нь сайхан идээ. Харамсалтай нь, сайхан зүйлийн хэмжээг барьж, шуналаа хязгаарлаж тэр бүр хүн чаддаггүй.
-Надад хамаатай юм уу, үгүй юу, би сайн мэдэхгүй байна. Зүгээр л бодлоо хэлэхэд, хэн нэгний эрх ашиг хөнддөгддөг тийм тогтолцоотой оронд амьдарч яваагаа дахиад давтаж хэлмээр байна. Нэгэнт л газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч гэдэг нь худлаа “хошгируулсан” заалт л биш юм бол, монгол хүн бүр Оюутолгойгоос ч, Тавантолгойгоос ч хувь хүртэх ёстой гэж уг нь боддог л юм. Даанч тэр заалт худлаа тал руугаа л хэлбийчихээд байх шиг байна. Уг нь эдгээр том ордоос овоохон ашиг орж ирээд, монголчууд баян чинээлэг, хамгийн гол нь ухаалаг боловсролтой болцгоовол мөн ч сайн сан. Гэвч тийм болно гэж найдахад хэцүү шүү дээ. Жишээ нь, сүүлийн үед надад хамгийн утгагүй санагдаж байгаа зүйл бол энэ ашиглалтын лицензүүд. Утга учиргүй тэр лицензүүдээ цөмийг нь шууд хүчингүй болгочихож яагаад болдоггүй юм бол гэж гайхаад учрыг нь ч олохгүй байна. Тэр лицензтэй хэдэн дарга, хэдэн баяжсан нөхөд байдаг л юм биз, тэдний талаар Ерөнхий сайд “Хувийн өмчид нь халдаж болохгүй тул гацаад байна” гэж зурагтаар ярьж байна лээ. Тавантолгойг хувийн өмч болгочихсон лиценз гэж байдаг юм уу, хаашаа юм бэ?-Иргэншил гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Монголчууд боломжийн түвшинд иргэншчихсэн ард түмэн. Гэхдээ одоо иргэншлээ буцаагаад алдаж эхэлж байна. Иргэншлийн сайн сайхныг гээгээд, муу муухайд нь дарлуулж эхэлж байгаа болохоор иргэншлээ алдчихлаа л гэхээс яах вэ. Миний ойлгодог соёлт иргэншил бол эрүүл саруул цэвэр орчин, эмх цэгц, ухаалаг ёс журам, орчин үеийн боловсрол, тэгээд хүн ёсны харьцаа. Манайд энэ бүхэн байна уу? Ядахнаа бидэнд жирийн дундаж жишгийн ганц хот үлдэв үү? Жинхэнэ хөдөө ч, жинхэнэ хот ч байхгүй болчихлоо.
-Нүүдлийн соёл иргэншил гэж бид ярьдаг шүү дээ?
-Харин тэр соёлоо бид алдчихаад байна л даа. Яг ний нуугүй хэлэх юм бол, өнөөдөр жинхэнэ монгол ёс жудаг хөдөөний малчдад байхгүй болсон шүү дээ. Айлд ороход чинь ямаршуу машин унаж вэ, ямар ажил хийдэг гэнэ вэ л гэж сонирхоно уу гэхээс, яажшуухан мэнд мэдэж байна вэ гэдгийг хөдөөний ноолуурчид, уяачид харахаа болиод бараг 10 жил болж байна. Хотын ганц хоёр сэхээтэнд л харин наанатай цаанатай монгол ухааны шавхруу үлдсэн.
-Ц.Элбэгдорж “Эзэн монгол” гэж яриад байгаа. Үүний талаар юу гэж бодож байна?
-Би хүмүүсийг үзэн яддаггүй л дээ. Гэхдээ л надад “Энэ нь бусдаасаа дээр юм даа” гэж дотроо дэмждэг улс төрч нэг ч байхгүй. Харин Элбэгдоржийн яг тэр яриад байгаа зүйл дээр нь бол олзуурхаж, ингэж ярих хүн байх ёстой гэж талархаж байгаа. Зөв юм хийдэггүй юм аа гэхэд, ядахнаа зөв юм ярьдаг хүн байгаа нь сайхан санагдаж байна. Хэдийгээр бид улс төрчдөд молигодуулахаараа л нэг болсон хүмүүс ч гэсэн дээ.