-НӨАТ: Номхон морь ноолход амар, Ноорхой ард түмэн дарлахад амар аа гэж!-
Нэмүү өртгийн албан татвар, НӨАТ-д ёстой “алуулж” байна хэмээн бизнесменүүд ярихыг олонтаа сонссон. НӨАТ нь зөвхөн тодорхой бизнест бус мөн эдийн засагт бүхэлд нь ихээхэн дарамт учруулдаг татварын төрөл гэдэг нь үнэн.
НӨАТ-д “алуулж” байгаа бизнесүүд нь өдгөө манайд үйл ажиллагаа явуулж буй 64 мянган аж ахуйн нэгжүүдийн 91 хувийг бүрдүүлж буй 19 буюу түүнээс доош тооны ажилтантай бизнесийн нэгжүүд юм.
НӨАТ нь орлогод бус хэрэглээний зардалд ногдуулдаг татвар гэдгээрээ онцлогтой бөгөөд өндөр хөгжилтэй баруун Европын орнуудын татварын орлогын гол эх үүсвэр болдог. Гэвч хэрэглээний өртөг өндөртэй барууны орнуудад тохирсон татвар манай улсад хэр тохиромжтой вэ.
Монголд ч ялгаагүй НӨАТ хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлээд манай Засгийн газрын орлогын хамгийн том эх үүсвэр болсоор ирсэн, өдгөө татварын орлогын 27-30 хүртэлх хувийг НӨАТ дангаараа бүрдүүлж байна.
НӨАТ нь бизнес хоорондын болоод эцсийн худалдан авагчийн харьцаан дээр үндэслэсэн байдаг учраас бизнесийн харилцаанд орж буй нэгжүүд бие биеэ хянах механизм шингэсэн байдаг гэдгээрээ бас нэгэн онцлогтой.
Энэ нь Засгийн газрын хувьд бүртгэлийн системийг цэгцлэх, бизнесүүдийг хянах нөхцөлийг дээшлүүлдэг сайн талтай. Чухам энэ л хяналтын механизм нь НӨАТ-ыг хэрэгжүүлэх нэг үндэслэл болдог.
НӨАТ-ЫН ШИНЭ СИСТЕМ МАНАЙД ХЭРЭГТЭЙ ЮУ?
Хятадууд ориг барааг дуурайлган хийдгээрээ алдартай бол монголчууд бид гадны бүтэц, тогтолцоог хуулбарлан хэрэгжүүлдгээрээ алдартай. Хятадуудаас ялгаатай нь бид гадны юмыг авчраад судалж шинжилж үзэлгүйгээр, өөрийн онцлогт тохируулалгүйгээр өөр дээрээ зүгээр л шууд наачихдаг, тэгээд ихэнхдээ бүтэлгүйтдэг.
НӨАТ бол түүний нэг жишиг шиг харагдаж байна. Үйлдвэрлэлийн дамжлага тус бүрд ногддог учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлдэг ба үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж буй улсад НӨАТ-д ихээхэн няхуур хандаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүдээ НӨАТ-өөс хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авдаг.
Эрх баригчдад бол энэ нэг их сонин биш. НӨАТ нь жижиг дунд бизнес, ядуу доод давхаргын иргэдэд ихээхэн дарамт болдог регрессив татвар учир жижиг дунд бизнесүүд тэднээс үйлчилгээ авдаг ядуу, бага орлоготой иргэд НӨАТ-өөс чөлөөлөгддөг.
НӨАТ-ын систем нь нийгэм, эдийн засгийн онцлогийг тусгаагүй тохиромж муутай байгаа юм.
Үгүй гэхэд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн, эм тариануудыг НӨАТ-өөс чөлөөлөх учиртай. Эрх баригчид үүнийг тоохгүй зүгээр л бүх юманд НӨАТ 10 хувь гээд л нялчихсан. Ийм л учраас өнөөдрийг хүртэл манайд хэрэгжиж ирсэн НӨАТ-ын систем нь нийгэм, эдийн засгийн онцлогийг тусгаагүй тохиромж муутай байгаа юм.
Гэтэл саяхнаас хэрэгжүүлж эхэлж байгаа НӨАТ-ийн шинэчилсэн систем нь байдлыг улам дордуулсан, ард иргэдээ, тэр дундаа ядуу, дунд орлоготой иргэдээ ясыг нь цайтал шулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна.
Он гараад шинээр хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын шинэчлэгдсэн хууль буюу урамшууллын систем нь Далд эдийн засгийг ил болгох, Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээс авах татварын орлогыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр зорилготой бөгөөд эцсийн дүндээ төсөвт татвараас орох орлогыг нэмэгдүүлэх замаар улсыг маань дампууралд хүргэж болзошгүй эрсдэлийг дагуулсан Засгийн газрын өрийг төлөх гэнэ.
МАНАЙД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
Уг нь бол гадаадад офшор дансанд мартсан, нуусан хөрөнгө, дотооддоо татвараас зайлсхийх зорилгоор нуусан, хадгалсан их хэмжээний хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгийг хэлэх ёстой. Гэтэл хэрэгжиж эхэлж буй татварын аргачлалыг харахад Нарантуул, Хархорин захын лангууны наймаачид, гар дээрээс ширхгийн бохь тамхи зардаг эмээ өвөө нар, гэр хорооллын граммын дэлгүүрүүд, оюутны хуушуурын газрууд, ТҮЦ-үүд, үсчний газрууд зэргийг онилсон бололтой харагдаж байна.
Ямартай ч энэ нь гадаадад, офшор дансанд нуугдсан далд эдийн засгийг ил болгохгүй, харин ядуу, бага орлоготой иргэдээ туйлдуулах нөлөө үзүүлэхээр байна. НӨАТ-ын шаардлагыг биелүүлэх процесс нь өөрөө өртөг өндөртэй бөгөөд бага орлоготой наймаачид, бизнесүүд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэх замаар өртөгөө нөхөх оролдлого хийх бөгөөд энэ нь орлогыг бууруулах нөлөөтэй төдийгүй, эцсийн дүндээ өртгийг тэдний үйлчлүүлэгч болох дунд, доод давхаргын иргэдэд үүрүүлнэ гэсэн үг.
Он гарснаас хойших байдлыг ажиглахад бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмсэн жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудын тоо нэмэгдсээр байна. НӨАТ бол нэг ёсны нуугдмал татвар. Ард иргэд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээг худалдан авсаар ирснээ тэр бүр мэддэггүй. Харин энэ удаа НӨАТ гэж юу вэ гэдгийг ойлгуулах үйл явдал өрнөж байна гэж үзэж болно.
Татварын албаныхны ярьж буйгаар “далд эдийн засаг” гэгчээсээ 200 тэрбумын татвар хуримтлуулахаар төлөвлөж буй нь үнэндээ эргэлзээ төрүүлж буй юм. Шинэ систем нь жижиг дунд бизнесийг дарамталсан нөлөөг үзүүлж буй бөгөөд энэ нь ил ажилл аж буй бизнесийн нэгжүүдийг далд болгох, үнийг өсгөх нөлөөгөөр борлуулалт, бизнесийн эргэлтийг сааруулах сөрөг үр дагаврыг эдийн засагт авчрах төлөвтэй байгаа юм.
Их хэмжээний татвараас бултсан, зугтсан гадаад, дотоодын компаниуд, хувь хүмүүсээс татвараа гүйцээж авахын оронд өршөөчихөөд харин жирийн иргэдээ шулан мөлжих замаар төсвийн орлогыг нөхнө гэж байгааг би яав ч зөв гэж хэлж чадахгүй.
НӨАТ НЬ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСҮҮДИЙГ ХЭРХЭН “АЛДАГ” ВЭ?
Борлуулалтад ногдож буй татварын дарамтаас гадна, cap болгон НӨАТ төлөх хугацааны асуудал байгаа юм. Жижиг дунд бизнесүүд нь ихэнхдээ эргэлтийн хөрөнгийн дутагдалтай байдаг бөгөөд худалдан авсан бараа, бүтээгдэхүүнээ борлуулсан эсэхээс үл хамааран cap болгон НӨАТ төлөх шаардлага гардаг нь эргэлтийн хөрөнгийн нэн хомсдолыг үүсгэдэг.
НӨАТ-ыг заавал бараагаа борлуулж байж гаргаж авна.
НӨАТ-ыг заавал бараагаа борлуулж байж гаргаж авна.
Борлогдсон барааны үнийн дүнгээс 10 хувь НӨАТ-аа cap болгон төлөх нь эргэлтийн хөрөнгийг төдий чинээ дундраана гэсэн үг.Энэ бол жижиг компаниудад ихээхэн дарамт юм. Мэдээж мөнгө ихтэй “бяртай” компаниудад бол энэ асуудал биш л дээ.
НӨАТ-ыг анхнаасаа л гадны жишгээс шууд хуулбарлан хэрэглэсэн, өөрийн нийгэм, эдийн засгийн онцлогийг тооцон үзээгүйгээс жижиг, дунд бизнесүүд, бага дунд орлоготой иргэддээ ачааны хүндийг үүрүүлсэн систем байсан бөгөөд шинээр хэрэгжүүлж байгаа хэлбэр нь байдлыг улам дордуулсан, улам бүр ядуурч буй иргэдээ туйлдтал нь шулан мөлжсөн шинжтэй байгаа юм.
НӨАТ-Д БУЙ БУСАД АСУУДЛУУД
НӨАТ-ыг яаран сандран дутуу дулимаг хэрэгжүүлсэн нь татварын орлогыг нэмэгдүүлэх гэсэн албан ёсны тайлбараас гадна эрхтэн дархтануудын хувийн бизнесийн эрх ашигтай холбоотой байж болох. Татварын ерөнхий газар дахь НӨАТ-ын хяналтын системийг хувьчилж буй гэсэн сураг анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Гэхдээ нэгэн зүйл тодорхой байгаа нь НӨАТ-ийн дэд бүтцийг бий болгох түүний үйлчилгээнд төвлөрч буй хөрөнгийн асуудал юм.
Албаны хүний үгээр бол 30 мянган аж ахуйн нэгж НӨАТ-ын шинэ системд холбогдох шаардлагатай байгаа. Хэрэв эдгээр аж ахуйн нэгжүүд бүгд тус бүр нь дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй НӨАТ-ын кассын машиныг худалдан авна гэвэл 45 тэрбум төгрөгийн бизнес байгаа юм.
Чухам юундаа тэгж яаран сандарсныг би мэдэхгүй, гэвч туйлын бэлтгэл муутай, хэрэгжүүлэх дэд бүтэц бүрэлдээгүй байснаас НӨАТ-ын шинэ систем гацаанд ороод байгаа юм.
Аж ахуйн нэгжүүдийг системд холбох эрх авсан цөөн хэдэн компаниуд тус бүрдээ өдөрт зөвхөн 4-5 компанийг л холбож чадах бөгөөд энэ хурдаар явбал НӨАТ-ын систем бүрэн хэмжээгээрээ ажиллатал хэдэн cap, жил ч болж магадгүй байгаа аж.
10 МЯНГЫГ НӨАТ-Д ТӨЛЧИХӨӨД ХОЁР МЯНГЫГ БУЦААЖ АВНА
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, хонжворт сугалаа зэрэг нь эцсийн хэрэглэгчээр жижиг, дунд бизнесүүдийг дарамтлуулах хөшүүрэг төдий явц муутай ажиллагаа юм. Та сар болгон үсээ 5,000 төгрөгөөр засуулдаг бол үсчнээсээ НӨАТ-ын дугаартай талон нэхсэнээр үсчин чинь 10 хувийн татвараа нэмэх, мөн НӨАТ-ын хэрэгжилтийн өртгийг нэмэх шаардлага гарах бөгөөд улмаар үнээ 6,000-10,000 болгон өсгөх шаардлага гарна. Мэдээж энэ бол таны төлөх үнэ.
Ядуу дунд орлоготой иргэдийг татах зорилготой хэрэгжүүлж буй хоёр хувийн буцаан олголт нь угтаа 100 мянган төгрөгний бараа худалдан авч 10 мянган төгрөгний НӨАТ төлчихөөд дөнгөж хоёр мянган төгрөг буцаан авна гэсэн үг. Тэгээд ч хоёр мянган төгрөгийг олж авахад гаргах зардал ихээхэн өндөр тусна. НӨАТ-ын хонжворт суга-лааны хувьд түр зууртаа хэрэгжих процесс бөгөөд хоёр хувийн буцаан олголт ч мөн хэрэгжих өртөг нь өндөр тул тууштай хэрэгжих төсөл биш гэж харагдаж байна.
Хэдийгээр 50 сая хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлнө хэмээн заасан боловч энэ нь хангалтгүй бөгөөд 200 сая хүртэл орлоготой жижиг, дунд бизнесийг татвараас чөлөөлөх нь илүү үр дүнтэй байх болно.
НӨАТ нь хэдийгээр хяналт, бүртгэлийн тогтолцоог сайжруулах үр дүнтэй боловч улсынхаа нийгэм эдийн засгийн онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэхгүй бол ихээхэн уршигт үр дагаврыг авчирдаг.НӨАТ-ын шинэ систем нь гадаад, дотоодын луйварчид, татвараас зугтагчдыг өршөөж тэдний төлөөсөнд дунд, доод давхаргын иргэдээ золионд гаргаж буй үйл явдал гэж харагдаж байна. Номхон морь ноолход амар, ноорхой ард түмэн дарлахад амар аа гэж!
Х.Батсуурь