Comment.mn

АХМАДУУДДАА ХҮРГЭХ CАР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

12655944_1290899600936826_1614294737_o

Эрх чөлөөт Монголын өрхийг татсан азай буурлууд аа Та бүхэндээ эргэлзээ тээнэгэлзлийн өтгөн мананд умбасан Монголын мянга мянган залуусын нэрийн өмнөөс сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.

Сар шинийн билэгт сайн өдөр алдсан оносноо дүгнэн цэгнэж, ахиулах ажлаа төлөвлөн хангай дэлхийдээ хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийн ажлаа даатган, бүтэн дэлгэрэхийн итгэлийг авч, сэтгэлийн хүч, ухаарлын гэгээгээр өөрийгөө ариусгадаг нь Монгол хүний гайхамшигт заншил билээ. Энэхүү мэргэн зөн билэг, уужим саруул ухаан нь Монгол үндэстнийг үеийн үед зориг төгөлдөр, омог бардам байлгаж, аливаа бэрхшээлийг өөрчлөлт шинэчлэл, өөдлөн дэвжих боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ, оюуны ундарга болж ирсэн гэдэгт залуус бид итгэдэг ээ.

Чухам ийм л ерөөлт цагт хүмүүсийн хэлдгээр хийдгээ хийсэн, ухаарлаа олсон эрхэм буурлууд, удмын ахлаачид, ургийн гагнаачид та бүхнээс тусламж эрж, түүхэн цагийн өрхийг татаж, шударга үнэний шинэ цагийн үүдийг нээх их ажилд тусламж хүсэн мэндчилж байна.

Танилгүй хүн алгын чинээ харин танилтай бол талын чинээ гэсэн зүйр үг бодит болжээ. Таньдаг даргагүй бол таны ажил, төлөвлөсөн бүхэн чинь хана мөргөдөг. Даргын дүү, танил тал хажуугаар чинь өнгөрч, нүдэн дээр хөлжиж, нүүрэн дээр гялалзаж байна.

Баян хоосны ялгаа тэнгэр газар шиг боллоо. Энэ бол боломжийг шударга хуваарилахгүй, бүтээсэн ажлынхаа 10 хувийг авдаг хулгайч нарын амьдардаг системийн төлөөс юм.

Энэ бүхний шалтгаан нь 25 жил эрх барьж, олонд олдсон боломжийг өөрсдөдөө зориулсан эрх баригчид, төрд шургалсан хулгайчдын тонуул гэдгийг шууд хэлж, ард түмэн илүү дээр амьдарч болох байсан биз дээ гэж ам асууж байна.

 2016 он бол Монголын төрийн өндөр босгыг улам өндөрсгөх, түүхэн хариуцлагатай сонголтын жил байгаасай гэж Монгол хүн бүр хүсэж байгаа. Монгол хүн бүх хоолоо төрөөр бэлдүүлэх гэсэнгүй. Ердөө шүүх бүгдийн өмнө тэгш үйлчилж, төрийн үйлчилгээг хахууль төлөхгүй авдаг байхыг, хөдөлмөрлөсөн хүн хөгждөг, болчимгүй нэгэнд нь боломж олдохооргүй, хулгайчид тохомоо дэвсэх зайгүй тийм Монголыг хүсэж байгаа.

Тиймээс Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг залуус бид зориглон санаачилж, түүчээлэн зүтгэж байна аа. Хар мөртэй хар үйл явдалд холбогдсон хүмүүсийг хар жагсаалтанд оруулж, төрийн босгыг алхуулахгүй байхыг залуус уриалж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай, шинэ үеийнхнийг цагаан жагсаалтанд оруулан дэмжиж, эх орноо хөгжүүлэх ачааг нуруунд нь үүрүүлэх цаг нэгэнт болжээ.  Сар шинийн баярын ширээний тэргүүнд суугаа эрхэм ахмад хүн Та ам бүл, ахан дүүс, анд нөхдөө тойруулж суулгаад, зоог шүүсээ амталж, зорьсон гийчнээ дайлж, билэгтэй сайхныг хөөрөлдөхдөө хулгайч тохмоо дэвсэх зайгүй, тийм Монгол Улсыг байгуулах цагийг эхлүүлэх Монголын Залуучуудын Холбооны энэхүү санаачлагыг дэмжиж, удам нэгтнүүд, үр хүүхдүүдээ энэ үйлсэд нэгдэхийг сануулж, ариун хэргийг дэвжээхэд дэм болно уу хэмээн итгэж энэхүү мэндчилгээг хүргэж байна.

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн ардын мэргэн үг бий. Залуус бидэнд зориг байна. Хэлэх үг, захих захиасыг тань Элгэн садангууд Танаас хүлээж байна.

Муу нүүрт хэмээх бичин жилдээ

Муу хулгайчдыг төрөөс зайлуулж

Сайн цагийг авч ирэх болно

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

МонголынЗалуучуудын Холбооны Ерөнхийлөгч,

Дэлхийн Залуучуудын АссамблейнДэд Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат

Төр Төмбөгөр

5 сэтгэгдэл

  • Залуусын төлөөлөл болж буй байгууллагыг удирдаж, олон залуусын дуу хоолойг нэгтгэж байгаа таньд амжилт хүсье!

  • Муу нүүрт хэмээх бичин жилдээ
    Муу хулгайчдыг төрөөс зайлуулж
    Сайн цагийг авч ирэх болно
    Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

  • Шудрага үнэний их ажилд хүн бүр оролцоно гэдэгт итгэж бна залуу хүнийхээ хувьд Монголын залуучуудын холбоог дэмжиж байна!

  • ТӨРД бүгсэн хулгайчдыг хайр найргүй няслаад гаргах нь зүйтэй! гэдгийг ойлгох цаг нэгэнт ирж!! Амжилт хүсье! Залуу үеээ үргэлж дэмжинэ!

  • Төрийн үйлчилгээг хахуул авахааргүй л болгох хэрэгтэй шүү, Шинэ үеийг дэмжинэ, Төрийн хулгайчид халаагаа өгөх цаг болсон. Сайхан монгол улсыг байгуулах үйл хэрэгт сэтгэл зүрхээрээ нэгдэж гар бие оролцоноо, үр минь үлдэх хорвоо шүү дээ гэдгийг бодож яваарай! Сар шинэдээ сайхан шинэлээрэй хотол олон минь…

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.