Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийнэ. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуулт, асууж хариулт авч байна.
Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:-“Сар шинийн баяраас өмнө бүх төрлийн зээлийн хүүг бууруулахаар Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ. Хэрвээ зээлийн хүүг бууруулбал ард түмэнд сар шинийн бэлэг болно” асуулаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдөр бид бүхэн бэлэг барих гэдэг утгаараа биш ард түмний өмнө хүлээсэн үүргээрээ хийх ёстойгоо хийгээд явж байгаа. МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллаач ээ гэдэг шаардлага ирүүлсэн. Хэрэглээний зээлийг дэмжсэн хүүг бууруулах юм бол буруу сигналь өгнө, эдийн засгийн макро үзүүлэлт дээр буруу болно. Тийм учраас Засгийн газар экспортыг дэмжсэн, ажлын байр шинээр бий болгосон, импортыг орлосон зээл дээр үе шаттай арга хэмжээ авна. Нэр бүхий сайд нарт өгсөн үүргийн дагуу малчны зээлийн 30 хувийг үйлдвэрлэлийн зээл болгох ажлыг Засгийн газар хийгээд явж байна. Тодорхой шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цагаан сарын өмнө хойно дамжуулаад хийнэ. Төрийн банкийг энэ ажилд дайчлан ажиллаж байгаа. тус банкинд малчны 40 тэрбумын зээл байгаа. Түүнийг 18 хувийн хүү болгож буурахаар шийдвэрийг нь гаргаад явж байна. Цаашдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон малчны дансаа бүртгэж байгаа, эх орны үйлдвэрээ дэмжиж, малын гаралтай түүхий эдээ тушааж байгаа малчны зээлийн 18 хувийг 10 хувь руу оруулах бэлтгэл хангаад явж байна” гэсэн юм. a
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Увс аймгийн өвөлжилтийн байдалд Засгийн газар онцгойлон анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавих гэсэн юм. Засгийн газар тодорхой асуудлуудыг шийдэж байгаа ч тухайн өрх айлд очиж буй дэмжлэг нь бага байгаад байгаа юм. Өвс тэжээл, малчдын эрүүл мэнд гэх мэт шийдвэрлэвэл зохих асуудлууд тус бүс нутагт гарч байна. Зудыг хохирол багатай давахад онцгой анхаарал хандуулж өгнө үү. Түүнчлэн Улсын сайн малчдын шагнал гардуулах ажиллагааг улстөржүүлэлгүй Засгийн газрын гишүүдийн хамт тойргоос сонгогдсон гишүүд нь орон нутагт хамт очих боломжийг олгож өгөөч?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газар өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулж яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Аймгуудад урьд онуудын өвсийг үнэгүйгээр, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгох ажлыг зохион байгууллаа. Нэмж 2015 оны шинэ өвсийг хуваарилах гэх зэрэг ажил дээр зохион байгуулалт хийж байна. Сайн малчны шагналыг гардуулах ажиллагааг Сонгуулийн тухай хуультай хэрхэн нийцэж байгааг судалсан. Нам харгалзахгүйгээр Хүнс хөдөө аж ахуйн яамныхантай хамтарч зохион байгуулалтад орж ажиллаач ээ гэсэн хүсэлтийг миний бие та бүхэнд тавьж байна гэсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Т.Энхэлээ
Эх сурвалж: 24tsag.mn