АН, ИЗНН-ууд нэгдэхээр болжээ. Тэд өнөөдөр нэгдэх санамж бичигт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д зурах юм байна. Гарын үсэг зурах ажиллагаа 11.40 буюу морин цагт болохоор болжээ.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд өчигдөр Р.Амаржаргал гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “АН-ИЗНН-ыг нэгтгэх асуудлаар Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө” гэж мэдэгдээд байсан юм.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаар хоёр намын төлөөллүүд тохиролцоонд хүрч чадсан байна. Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалж, А.Гансүх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бол гишүүдээр нь УИХ-ын гишүүн Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар ажилласан бол ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтаж байсан юм.