Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь байгуулагдаад аравхан жилийн нүүр үзэж буй шинэхэн байгууллага хэдий ч нийгэмд хэдийн танил болсон гэдгийг та бид сайн мэднэ. Ингээд ажлаа аваад сар гаруйн нүүр үзэж буй ч хэдийн олны танил болоод буй Д.Мөнхтөр даргатай холбогдож тодруулга авсанаа та бүхэндээ хүргэж байна.
-Хэдхэн хоногийн дараа сар шинэ болох гэж байна. Иймд Хэрэглэгчийн төлөө газрынхан сар шинээ угтаад ямар ажлыг хийж байна даа?
-ШӨХТГ нь гурван сая хэрэглэгч, олон түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг. Сүүлийн үед НӨАТ-ын асуудлаас болж жижиг дунд аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үнээ өсгөж байгаа явдал нь ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байна. Хэдийгээр манай байцаагч нар энэ тал дээр анхаарал тавин ажиллаж байгаа ч хэдэн мянган аж ахуйн нэгж дээр хүрч очиж хяналт тавихад долоо найман байцаагч маань хаанаа ч хүрэхгүй байна.
-Танайхаас хамгийн сүүлд Юнивишн, Мобиком компаниуд технологийн шинэчлэл нэрээр иргэдийг төөрөгдүүлж хохироож байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд хүргэсэн. Энэ тал дээр танай агентлагаас ямар арга хэмжээ авах гэж байна?
-Мобиком үүрэн холбооны хамгийн том оператор компанийн хувьд энэ команийн үйл ажиллагаа бусад аж ахуйн нэгжийн болон гар утас хэрэглэгчдийн хувьд маш их хамааралтай байдаг. Өнөөдөр тус аж ахуйн нэгжүүд үнээ буулган урамшуулал зарлаж байгаа нь сайн хэдий ч энэ зах зээл дээр дахин өөр аж ахуйн нэгжүүд гарч ирэхгүй болсон үед үнээ өсгөх магадлал гаргах вий гэдгээс сэрэмжилж байнга хянаж байдаг. Манай дээр Мобиком, Юнивишн, Скаймедитай холбоотой гомдлууд маш ихээр ирдэг. Тиймээс тус компаниудыг алдаагаа засаад яваачээ гэдэг байдлаар хандаж байгаа болохоос Скаймедиагийн гомдлоор Юнивишнийг шалгаад, торгоод байгаа асуудал огт байхгүй. Тэгээд ч манайх энэ жил торгох, шийтгэх гэхээсээ илүүтэй соён гэрээрүүлэх, хуулийг сурталчлах тал дээр илүүтэй ажиллана гэж бодож байгаа.
-Хэвлэл мэдээллийн байгууллагаад бараг бүх том компаниудтай хамтын гэрээтэй ажилладаг. Юнивишн компани хэрэглэгчдийг хохироож байна гэсний төлөө таныг “намнах” асуудал үүссэн юм биш биз?
-Тухайн өдөр 40 гаруй хэвлэл мэдээллийнхэн ирсэн боловч орой нь мониторинг хийхэд тал нь гаргаж байх жишээний. Мөн ШӨХТГ бол эгэл жирийн иргэдийн эрхийг хамгаалахын төлөө хамгийн их хөрөнгө мөнгөтэй, томоохон компаниудын үйл ажиллагааг хянаж, хязгаарлаж байдаг байгууллага. Энэ утгаараа өмнө нь ШӨХТГ-ын дарга нар хэл амд өртөж байсныг хэвлэл мэдээллээр харж байсан. Гэхдээ над дээр ийм асуудал тулгарана чинээ санасангүй. Мөнхтөрийн эмээ өвөө, аав ээж, хань ижил, бизнес ер нь хэнд хэрэгтэй юм бэ. Магадгүй манай байгууллага нэр бүхий томоохон компаниудыг шалгаж, хянаж байгаатай холбоотойгоор гүтгэх, дарах арга хэмжээ авч байж магадгүй гэсэн хардлага төрж байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг хэзээ нэгэн цагт энэ албан тушаалыг өгөх байх. Гэхдээ өгөхөөсөө өмнө нэг ч гэсэн иргэний асуудлыг шийдээд, эрх ашгийг хамгаалаад ажиллах нь чухал байна. Миний хувьд би залуу хүн, надад өнөөдрийн байгаагаас илүү боломж, цаг хугацаа байгаа учраас энэ олдож байгаа цаг хугацаандаа ажлаа хиймээр байна.
-Таны хэлсэнчлэн нефтийн компаниудад олон тэрбумын торгууль ногдуулснаараа нэг дарга, дараа нь Миний сүлжээний захирал болон Асашёрю Дагвадоржид, дараа нь нэр бүхий хүмүүст дарамтлуулж байгаа тухайгаа Аюурсайхан дарга хэвлэл мэдээллээр ярьсан байдаг?
-Миний хувьд энэ жил олон нийт иргэдийн эрх ашгийг хохироож байгаа аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох, соён гэгээрүүлэх тал дээр илүүтэй ажиллана гэж бодож байгаагаас хэн нэгнийг торгоод, айлгаад байх бодлого баримтлахгүй. Манай хэвлэлийнхэн ч гэсэн ярьж, бичихдээ жаахан анхааралтай баймаар юм. Мөнхтөрийн нэр алдар, гэр бүлийн харилцаанаас илүү төрийн байгууллагын бодлогын асуудал чухал баймаар юм уг нь. Миний хувьд багаасаа олон нийт, улаан загалмайн ажил хийж байсны хувьд хүнтэй аль болох элэгсэг хандаж, харьцах, хүний саналыг сонсохыг хичээдэг. Өнгөрсөн сарын хугацаанд намайг “хэвлэлийн баатар” болголоо. Энэ нь хэнд хэрэгтэй юм бэ. Намайг ингэж баалсанаараа таньд ямар хэрэгтэй юм бэ, таны амьдралд юу дээшлэв. Ер нь Ингэж шал дэмий юман дээр цаг хугацаа алдаж байхаар эв нэгдэлтэй байж өмнөх ажлаа хиймээр байна.
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид оноо хасахаас гадна торгох шийдвэр гаргасан нь жолооч нарын эрхийг зөрчиж байна гэсэн асуудал сүүлийн үед яригдаж байна. Мөн танай байгууллагыг жолооч нарын эрх ашгийг хамгаалахгүй байна гэсэн асуудал сөхөгдөөд эхэллээ?
-Цагдаагийн байгууллага нь замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноог хасах эрх нь хуулиараа зохицуулагдсан байдаг. Сүүлийн үед манай дээр зөрчлийн оноог хасахаас гадна торгож байгаа явдал нь захиргааны хариуцлагыг хоёр оногдуулж байна гэсэн гомдол ирүүлж байна. ШӨХТГ нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг л зохицуулдаг. Бид чих дүлий биш, энэ асуудлыг судалж үзсэн, хуулиараа оролцож, зохицуулах эрхгүй ээ гэдгийг хэлмээр байна.
Таньд баярлалаа