Гурав хоногийн өмнөөс жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолоочийн үнэмлэхтэй хүн бүр автоматаар арван оноотой болсон гэсэн үг.
Гэтэл үүнийг жолооч нар эсэргүүцэх болов. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг чангатгаж, шийтгэл торгуулийг багагүй нэмсэн атлаа дахин зөрчлийн онооны системийг нэвтрүүлж байгааг жолооч нар буруу гэж үзэж байв. Жолооч нар хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд санал бодлоо ийнхүү илэрхийллээ.
Б.Батсайхан: АЛИВАА ШИНЭЧЛЭЛ, ӨӨРЧЛӨЛТӨД ЭНГИЙН ИРГЭД ИЛҮҮ ХОХИРДОГ
-Төв замаар зорчих зөвшөөрөл дууссан гээд 8000 төгрөгөөр торголоо. Хугацаа нь дууссаныг би өөрөө ч мэдсэнгүй. Сая Замын цагдаагаас асуулаа. Энэ нь арван оноонд хамаарахгүй юм байна. Гэвч замын хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан жолооч нараас оноо хасахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бидэнд торгууль бичиж байгаа. Гэтэл давхар оноо хасах нь утгагүй юм. Монгол Улсын аль ч хуульд давхар шийтгэл ногдуулахыг хориглосон байдаг. Ямар нэгэн шинэчлэл, өөрчлөлтөд энгийн иргэд бид л илүү их хохирдог. Баячуудын хүүхэд мөнгө өгөөд л үнэмлэхээ авчихдаг. Бидний хувьд санаандгүй байдлаар зөрчил гаргасан үед оноо хасаад бас давхар мөнгөн торгууль ногдуулбал энэ талаар хэлэх газар нь хэлж, эцсийг нь хүртэл явна.
Н.Бат-Эрдэнэ: НЭГ ЗӨРЧИЛД ХОЁР АРГА ХЭМЖЭЭ АВДАГ НЬ ТУЙЛЫН БУРУУ
-Нэг бодлын зөв ч юм шиг, нөгөө талаараа бас буруу байж болох талтай. Энэ шийдвэрийн цаад утгыг сайн ойлгохгүй байна. Миний бодлоор нэг зөрчилд хоёр арга хэмжээ авдаг нь туйлын буруу. Жишээлбэл, согтууруулах ундаа хэрэглэсэн атлаа жолоо барьж, замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог. Ингээд зогсохгүй арван оноо нь шууд хүчингүй болох юм билээ. Өмнө нь жолоочийн үнэмлэхийг цоолдог байхад торгууль ногдуулдаггүй байсан. Гурван удаа цоолуулсан тохиолдолд дахин шалгалт өгч, жолоо барих эрхээ сэргээдэг байсан. Тиймээс үүнтэй адил аль нэгийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй.
А.Ганзориг: ЦАХИМААР ДҮРМИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ НЬ ТИЙМ Ч АМАР ЗҮЙЛ БИШ БАЙХ
-Журмыг хэрэг жүүлж эхлээд нэг л өдөр болж байна. Одоохондоо жолооч нар оноо хасахад ач холбогдол өгөхгүй байна. Удаа дараа зөрчил гаргаад оноогоо хасуулж дуусаад эрхийг нь цуцлах үед л нэлээд хэл ам болох болов уу. Сургалтад сууж, цахимаар дүрмийн шалгалт өгнө гэдэг тийм ч амар зүйл биш байх. Интернэт орчинд ажиллаж чадахгүй хүн ч бий. Мэдээж сургалт үнэ төлбөргүй байхгүй нь ойлгомжтой.
М.Дамдинжав: ОНОО ХАСАХ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН НЬ ЗӨВ
-Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлж эхэлс нийг зөв гэж бодож байна. Яагаад гэвэл шийтгэл нь чанга, торгуулийн арга хэмжээ өндөр байх тусмаа жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зөрчил гаргах нь багасна. Тэгэхгүйгээс сүүлийн үед зам тээврийн осол нэлээд гардаг. Үүний дийлэнх нь хүн ам олноор суурьшсан нийслэлд их гарч байна. Тийм болохоор согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барих ч юм уу ямар нэгэн байдлаар зөрчил гаргахыг асар богино хугацаанд зогсоох ёстой.
Д.Дашням: УИХ-ЫН ГИШҮҮД ӨӨРСДИЙНХӨӨ ДУНД ОНОО ХАСАХ АРГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ
-Үүнийг ямар ч утга гүй зүйл гэж бодож байна. Хэрэв хариуцлагын талаар ярих гэж бай гаа бол зөвхөн жолооч нар гэлтгүй аль ч шатад арван онооны системийг нэвтрүүлэх нь зөв. Ялангуяа УИХ-ын гишүүд өөрсдийнхөө дунд оноо хасах аргыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Би арав гаруй жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Өнгөрсөн жилүүдэд дүрэм зөрчсөнөө тооцоход жилд дунджаар 3-4 удаа зөрчил гаргасан байна лээ. Ингээд бодохоор миний хувьд арван оноо тийм ч хурдан дуусчихгүй л байх. Таван жолоочийн дөрөв нь ийнхүү гаргасан зөрчлийг бүртгэж, оноо хасах нь буруу гэж үзэв.
Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцох үедээ ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан тохиолдолд заавал давхар шийтгэл ногдуулах нь буруу гэдгийг чухалчлав. Түүнчлэн сургалтад суулгаж, шалгалт авч байгаагийн цаана хэн нэгэн хүний бизнесийн эрх ашиг байх магадлал өндөр гэж тэд битүүхэн хардаж байгаагаа ч нуусангүй. Харин дээрх зөрчлийн оноо тооцох журмыг зөв гэж хүлээн зөвшөөрсөн жолооч бол орон нутгийнх. Учир нь, орон нутагт хүн ам цөөн, замын хөдөлгөөнд оролцох автомашин ховор тул жолооч нар зөрчил гаргах нь бага гэдгийг онцлов.
ЖОЛООЧИЙН 10 ОНОО ДУУССАН ТОХИОЛДОЛД ШАЛГАЛТ ӨГЧ ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭНЭ
Хэн нэгэн жолооч тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох явцдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд арван онооноос заасан хэмжээгээр хасах юм. Энэ мэтчилэн жолооч замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчвөл, үнэмлэх дэх оноо дуусгавар болж жолооны үнэмлэх хүчингүй болно. Ингэсэн тохиолдолд тэд дахин хоёр цаг жолооны сургалтад суугаад, шалгалт өгч үнэмлэхээ шинээр авах эрхтэй. Замын хөдөлгөөний дүрэмд 80 гаруй зөрчлийг тусгасан байдаг. Эдгээрээс 18 зөрчилд оноо хасах систем үйлчилнэ.
Ингэж жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, тэдний хариуцлагыг дээшлүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт ч оруулж өгчээ. Тодруулбал, зөрчлийн оноогоо хасуулснаас хойш нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчөөгүй бол хамгийн сүүлд хасуулсан оноог нь эргүүлэн өгөх бөгөөд хоёр жил дүрмээ сайн баримталж чадвал арван оноог сэргээх юм байна. Гаднын өндөр жөгжилтэй оронд ийм аргыг хэрэгжүүлдэг талаар албаныхан ярьж байсан. Гэхдээ энэ нь манай улсын хөрсөнд зөв бууж чадах эсэхийг бодолцож үзэх нь зүйтэй болов уу.
Замын хөдөлгөөний дүрмийг сахиулах үүрэгтэй цагдаа нэгэн саналыг хэлсэн юм. Тэрбээр “Бид дүрэм зөрчсөн жолооч нарыг зогсоож, хуулийн дагуу зохих торгуулийг ногдуулахад тухайн жолоочийн арван онооноос автоматаар хасагддаг. Үүнийг торгуулийн хуудсан дээр ойлгомжтой бичвэл жолооч нар “Би дөрвөн оноо хасуулчихжээ. Одоо болгоомжтой байх хэрэгтэй” гэдэг ч юм уу илүү хариуцлагатай хандаж эхэлнэ. Торгуулийн хуудаст оноо хассаныг бичээгүй болохоор одоохондоо тэд оноо хасахад нэг их ач холбогдол өгөхгүй байна. Гэнэт нэг өдөр арван оноо нь дууссан гэдгийг сонсоод бухимдах асуудал гарч магадгүй.
Торгууль биччихээр зарим жолооч “Энэ арван оноотой хамааралтай юу” гэж асуудаг. Энэ нь тэд оноогоо хасуулахгүй л бол торгуулахыг тийм ч чухалд үздэггүйнх юм. Өөрөөр хэлбэл, тухайн жолооч мөнгөтэй бол хэдэн ч удаа торгуулсан хамаагүй гэсэн ойлголтой явдаг. Тиймээс хариуцлагыг өндөржүүлэх үүднээс ийм системийг нэвтрүүлсэн” гэв.
Зөрчлийн оноо тооцож журмыг хэрэгжүүлж эхэлснээс жолооч нар маргаантай олон асуудалтай нүүр тулж байна. Энд нэгэн жишээг дурдъя. Нэгэн хүн машинаа зогсоолоос гаргахдаа хажуу талд зогсож байсан машиныг шүргэжээ. Энэ тохиолдолд цагдаа осол гэж үзэн оноо хасна гэж үзжээ. Харин тухайн жолооч “Би замын хөдөлгөөнд оролцоогүй” гэсэн тайлбарыг өгсөн байна. Иймэрхүү үл ойлголцол цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллага нь зам тээврийн осол, хэрэг зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэлд үндэслэн зөрчлийн оноог тооцно. Жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхийн дугаараар авах боломжтой юм байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин