МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба хэвлэлд ярилцлага өглөө. Мөн олон нийтэд хандаж, ил захидал бичлээ. Захидалдаа өөрийг нь хэрэгт “орооцолдуулсан” гэх 120 мянган ам.долларын талаар ойлгомжтой, тодорхой бичсэн. Үүнийгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв. Тодруулбал, энэ мөнгийг намын санхүүжилтэд зориулж, намын даргадаа өгөхөөр бэлдэж байсан гэжээ. Түүнчлэн 120 мянган ам.доллараас гадна өмнө нь намын санхүүжилтдээ зориулж, даргадаа 50 мянган ам.доллар өгсөн гэж байгаа.
Энэ бага мөнгө биш. Хамгийн гол нь энэ хэмжээний мөнгийг нам чухам юунд, хэрхэн зарцуулсан бэ гэдэг нь тодорхойгүй, ил тод бус байна. Мөн намын гишүүд хандивын мөнгөө хэрхэн, хаанаас бүрдүүлсэн бэ гэдэг нь “хананы цаана” байгаа юм. Чухамдаа улс төрийн намын санхүүжилтийн цаана өндөр төвшний авлига байх эрсдэл үргэлж байдгийг Г.Шийлэгдамбын “кэйс” тодорхой харууллаа. Үндсэндээ улс төрийн намууд санхүүжилтээ хандиваас гадна авлига, шантаажаар босгодог гэж дүгнэхэд хилсдэхгүй аж.
Г.Шийлэгдамбын хэлснээр бол МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнд хандан “Намын санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол сайдын суудалтай чинь ярина шүү” хэмээн сүрдүүлдэг байж
Жишээ нь Г.Шийлэгдамбын хэлснээр бол МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнд хандан “Намын санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол сайдын суудалтай чинь ярина шүү” хэмээн сүрдүүлдэг байж. Эхний ээлжинд намын Ерөнхий нарийн бичгийн дарга, бүр цаашилбал, сайдын суудалтай чинь ч ярьж чадна шүү гэх хандлагатай. Тэр сүрдүүлэг ёсоор Г.Шийлэгдамба мөнгө босгох гэж яваад АТГ-т баривчлагдсан, эсвэл намын нөхөд нь АТГ-аар баривчлуулсан гэх дүр зураг харагдаад байгаа юм. МАХН-ынхан Г.Шийлэгдамбаар яагаад “туг тахив” гэдэг нь тусдаа асуудал.
Гагцхүү энэ үйл явдалтай холбогдуулан “Намын санхүүжилтийг яаралтай ил тод, нээлттэй болгож, намын төлөвшлийг сайжруулах хэрэгтэй” гэдгийг судлаачид онцолж байна.
Өнөөгийн хуулиар улс төрийн намууд сонгуулийн үеэр зарцуулсан хөрөнгө, аж ахуйн нэгж болон иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө нийтэд мэдээлдэг. Тухайлбал, 2012 оны сонгуулиар парламентад суудал авсан таван нам нийтдээ 37 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн таван нам нийлээд иргэд, аж ахуйн нэгжүүдээс найман тэрбум 630 сая төгрөгийн хандив босгосон байна. Гэхдээ энэхүү тайланд 100 хувь итгэхэд хэцүү. Яагаад гэвэл тухайн үед намуудын тайланг Сонгуулийн ерөнхий хороон дээр бүртгэдэг, хянадаг байсан. Шинэ хуулиар сонгуулийн үйл ажиллагааны зардлыг Үндэсний аудитын газар хянахаар болсон.
Харин сонгуулийн бус үед намуудын үйл ажиллагаа хаалттай хаалганы цаана байна.
Улс төрийн намууд ийнхүү сонгуулийн үеийн үйл ажиллагааны зардал болон татан төвлөрүүлсэн хөрөнгөө ийнхүү нийтэд мэдээлж буй. Харин сонгуулийн бус үед намуудын үйл ажиллагаа хаалттай хаалганы цаана байна. Энэхүү хаалттай хаалгыг нээх түлхүүр нь шинээр батлахыг зорьж буй Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болох учиртай. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг парламент өнөөг хүртэл хэлэлцэж эхлээгүй байна.
Шинэ хуулийг баталснаар улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны зардал ил тод, нээлттэй болох учиртай. Мөн санхүүжилтийг ангилж, сонгуулийн болон өдөр тутмын үйл ажиллагаа, дээр нь бодлогын санхүүжилт байна. Түүнчлэн улс төрийн намд төрөөс олгох санхүүжилт, түүний зарцуулалтыг ч ойлгомжтой, тодорхой болгох юм.
Эх сурвалж: Eagle.mn