Манай намын санхүүжилт бол нөгөө хоёр том намын дэргэд далайд дусал шиг л зүйл шүү дээ.
“Нар дагавал даарахгүй, нам дагавал өлсөхгүй” гэж өвгөдийн ярихыг сонсоод нам их л “нүнжиг”-тэй байгууллага байх нь гэж бодоход хүрч билээ. Гэтэл сүүлийн үед нам дагасан хүн “өргөстэй” байшинд сууж, өлсч цангадгийг олон баривчилгаанаас харж байна. Бүр намын дарга нь “цэрэг”-ээ хэрэгт унагаж, хуулийнхны гарт атгуулчихаад өөрөө улс төрийн наймаанд үнэ хаялцаж, улайрахыг харахад нам бол эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл болохыг анзаарлаа.
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бичсэн захидлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурамч захидал гэж мэлзсэн. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбыг “Ийм захидал бичих хүн биш. Би түүнийг сайдын суудалд чирч авчирсан” гэж гомдол мэдүүлэхийн сацуу төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх хэрэгтэй гэж дуугарсан нь Г.Шийлэгдамбыг мөнгөний эрэлд мордуулсан байхыг үгүйсгэхгүй байгаа юм.
Хэрэв Н.Энхбаяр намын Ерөнхий нарийн бичгийн даргаа мөнгө олохыг үүрэгдэж, 50 мянган ам.доллар авчихаад авлигын хэргээр “хар гэр”-т орчихоор нь хөсөр хаяж, өөрөө эрх мэдлийн хөзөр сөхөж суугаа бол монголчууд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгож байсандаа гутаж, сэтгэл гонсгор байгаа. Хуулийнхан ч нүд, чихгүй л биш бол Н.Энхбаяр даргад Г.Шийлэгдамбын өгсөн гээд байгаа 50 мянган ам.долларын асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтооно биз ээ.
Мөн Н.Энхбаяр даргын “шадар” цэрэг Ц.Оюунбаатарт эгдүүцэх хүн ч олон байна. Г.Шийлэгдамбын хэлснээр Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын албанаас өөрийн хүсэлтээрээ татгалзаж байгаа тухай өмнөөс бэлтгэсэн албан захидлыг түүнд аваачиж өгч гарын үсэг зурахыг шаардсан гэж байгаа. Ц.Оюунбаатарыг ГЕГ-ын дарга асан Х.Баатарын цагдан хоригдож байхдаа намын нөхдөдөө хүргүүлэхээр өгч явуулсан захидлыг эзэнд нь аваачиж өгөхгүй олон нийтэд мэдээлж, будилаан хутгаж байсан нэгэн гэдгийг ч тунхаглаж буй. Иймд Г.Шийлэгдамбын байр суурийн талаар намын нөхөд нь хэрхэн тайлбар хийснийг хүргэе.
Н.Энхбаяр: Ямар ч мөнгө аваагүй
-Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичихгүй. Ний нуугүй хэлэхэд би намын дарга нь. Манай Г.Шийлэгдамба намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Бас миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосон гээд яриад байвал их юм байна.
Чадалтай, хүн чанартай гэж бодож хамгийн итгэлтэй хүмүүсийнхээ нэгээр боддог. Захиаг нь би хуурамч гэж бодож байна. Би гарын үсгийг нь шинждэг хүн биш. Зарим нэг хэллэг нь Г.Шийлэгдамбынх биш байна. Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтад ороод бичсэн байж магадгүй. Би түүнээс ямар ч мөнгө аваагүй. Уг нь Г.Шийлэгдамба намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ.
Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргад 50 МЯНГАН ам.доллар өгсөн
-Би намын байранд Н.Энхбаяр даргад 50 мянган ам.доллар аваачиж өгсөн. Намын дарга санхүүжилт олж ирэхгүй бол намын үйл хэрэгт оролцуулахгүй гэсэн учраас өөрийн танил О.Даваасүрэнгээс 120 сая ам.доллар авч, албан өрөөндөө хадгалж байгаад АТГ-ынханд баригдсан. Ц.Оюунбаатар миний өмнөөс өргөдөл бичиж, тухайн мөнгөний асуудлыг тайлбарлаж бичсэнийг анзааралгүй гарын үсгээ зурсан.
Сайхан сэтгэл гаргаж ирсэн ч түүний цаана тийм юм болно гэж бодоогүй. Миний өмнөөс хэвлэлийн хурал хүртэл хийсэн. Би хоригдож байсан учраас өмгөөлөгчөөрөө дамжуулж тайлбар хийхийг хүссэн. Гэтэл Ц.Оюунбаатарын олж өгсөн өмгөөлөгч “Та одоо тайлбар хийгээд нэмэргүй” гэсэн. Өмгөөлөгчийг ч намын шугамаар томилсон. Мөн “Мөрдөн байцаалтын явцад тэд намын даалгавраар бүгдийг хянаж байсан. Тухайн яриад байсан мөнгөний асуудлыг хүртэл өөрсдийнхөөрөө тайлбарласан. Би намынхаа нэр хүндийг бодож байсан ч үнэн бодит зүйлийг ярихгүй бол цаашид олон Г.Шийлэгдамбыг хохироох болно.
Ц.Оюунбаатар: Би хууль зөрчихгүй
-Би төрд 40 жил зүтгэж яваагийн хувьд хууль зөрчихгүй. Сайд нарын томилгоог Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Би хэн нэгнийг сайдын суудлаас чөлөөлүүлэх талаар ямар ч гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа, боломж ч байгаагүй. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байх үед Г.Шийлэгдамбатай нэг удаа уулзаж, ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Би цалингаараа амьдардаг. Хэн нэгэн хүнээс мөнгө гуйж яваагүй, хэн нэгэнд өгч ч байгаагүй. Намын санхүүжилттэй холбоотой асуудлыг намын санхүү хариуцсан хүн биш болохоор мэдэхгүй байна.
З.Баянсэлэнгэ: Захидлаас Г.Шийлэгдамбыг олж харахгүй байна
-Тодорхой хугацаанд Г.Шийлэгдамбатай хамтран ажиллаж байгаагийн хувьд бичсэн гэх ил захидлаас нь түүнийг олж харахгүй байна. Ерөнхий нарийн бичгийн дарга намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг, намын санхүүжилтийг захиран зарцуулах эрх мэдэлтэй. Аль ч нам гишүүдийнхээ татвар, хандив тусламжаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай намын санхүүжилт бол нөгөө хоёр том намын дэргэд далайд дусал шиг л зүйл шүү дээ.
Б.Цэцэгдэлгэр