УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногийн Баасан гарагт өндөрлөнө. Одоогоор намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж байсан 39 асуудал үлдээд байгаа аж. Эдгээр асуудлын 37 нь хэлэлцүүлгийн шатанд орж, ерөнхийдөө жигдэрсэн хэдий ч энэ долоо хоногт багтаж, батлагдахааргүй харагдаж буй юм.
Өнгөрсөн долоо хоногуудад ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэлээд цаг авч, цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд бүлгийн хуралдаан дээрээ ээлжит бус чуулганыг нөхөн хуралдуулж, хэлэлцэх асуудлуудаа эцэслэн батлах асуудлыг сөхсөн аж.
Бүлгийн зүгээс ээлжит бус чуулганыг зарлахыг дэмжиж байгаагаа уламжилсан бөгөөд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганы товыг зарлан хуралдуулах учиртай билээ. Гэхдээ намрын чуулганаар баталбал зохих 39 асуудлаа хэлэлцэж амжвал чуулган ээлжит бусаар хуралдах шаардлагагүйталаар тодотгож буй юм.
Парламент Үндэсний их баяр наадам, сар шинийн баяр дамнуулан Монгол Улсад онц их хохиролтой, эрх баригч цөөн хэдэн хүн, нам эвсэлд ашигтай хуулиа баталдаг жишгээр Гацууртын асуудалд энэ долоо хоногт эцэслэгдэнэ.
Эцсийн хэлэлцүүлэг дээрээ ирчихээд байгаа уг хуулийн төсөл ерөнхийдөө олонхын санал авах нь тодорхой болчихоод байна. Олны анхаарал сарниулж, дундуур нь баахан улстөр хийж байгаад одоо АН, МАН хоёр гар барилцан, энэ хуулийг батлах дээрээ тулчихаад байгаа юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудал энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэнэ. Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиудыг зөрчин, гэнэт тооноор байнгын хороонд орж ирсэн уг асуудал эцэстээ АН-ын хүлсээр биелэх нь ээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дарга, Монголын толгой хуульчдын тэргүүлэгч Ж.Амарсанаа Р.Гончигдоржид суудлаа тавьж өгөх тохироо бүрдэнэ гэх.
Улмаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хууль, АСЕМ-ийн зочдод үйлчлэх 350 машиныг Гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлөх, “долоон тэрбум төгрөгийн хууль”, органик хүнсний тухай хууль, ард нийтийн санал асуулгын хууль, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байнга төвийг сахих тухай хуулиудыг хэлэлцэхээр зоосон.
Шат шатны хэлэлцүүлэг нь үргэлжилж буй эдгээр хуулиудыг ганц долоо хоногийн дотор баталж амжихгүй нь тодорхой. Тиймээс ч УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг цагаан сарын дараа зарлахаар ярилцаж байгаа гэх. Сонгууль дөхөж буй тул гишүүд тойрог руугаа яарна. Ээлжит бус чуулган 14 хоногийн хугацаанд хуралдаж, эдгээр хуулиудын хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлсэн болж, батлахчаа аядах нь. Ээлжит бус чуулганы ирцийг төсөөлөхөд нь ч амархан. Тойрог гэхгүй болохоор жагсаалтаар сонгогдсон хэдэн гишүүн дээр дөнгөж ирц бүрдэх төдий гишүүд саарал ордонд цуглана.
Ж.Мядагбадам