Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн монгол залуус цөөхөн болов уу.
Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаггийн учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.
Тэгвэл тус хамтлагийн залуус гадаадад ажиллаж амьдарч байгаа тэр дундаа Солонгосд байгаа Монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр боллоо. Тоглолтонд мөн “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ оролцоно гэдгийг мэдэгдсэн юм. Тоглолт ирэх хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд буюу сар шинийн баярын өдрүүдэд болох юм байна. Эх орон элгэн саднаасаа алс холын нутагт ажиллаж амьдарч байгаа элэг нэгтэн та бүхнийг Монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн Хурд хамтлагийн тоглолтыг үзэж эх орон, элгэн саднаа санан дурсаж нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.