Comment.mn

Улаанбаатар Төмөр зам иргэдийг “Ноцтой төөрөгдөл”-д оруулжээ

-УБТЗ-ыг хууль бусаар газар түрээсэлж төлбөр авч байсныг тогтоох нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ-

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

Нийтийн эрхийг хамгаалах холбоо, өмгөөлөгчид хамтран автомашины худалдаа эрхлэгч нарын талд нэхэмжлэл гарган шүүхэд хандсан. Тодруулбал, “1000 машины зогсоол” гэх Улаанбаатар төмөр замын /УБТЗ/ баруун талд байрлах уг авто худалдааны талбай эцэс сүүлдээ эзэнгүй болж хувирах дохио анивчиж эхэллээ. Учир нь энэхүү 6000 метр квадрат талбайг тус замын дарга Л.Пүрэвбаатар “Бүгд манай мэдлийн талбай” гэж 10 орчим жил түрээс авсан боловч УБТЗ-ын өмч гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй юм байна. Нөгөөтэйгүүр энэ талбайгаас 1000 метр квадрат газрыг “ЭС ЖИ БИ ЮУ” гэх компани “цоорхой” ашиглан өнгөрсөн 2010 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр эзэмших гэрчилгээ авчээ.

“Минийх” хэмээж буй эзэд нь болох УБТЗ, уг байгууллагын дарга Л.Пүрэвбаатар өнгөрсөн оны сүүлээр №ТЛ/08/001, 2014 оны аравдугаар сарын 6-ны өдрийн №ТГ/14/093 тоот хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээг зөрчиж дээрх автомашины зогсоолын түрээслэгчдийг хүч хэрэглэн хөөх аргуудыг хэрэглэж байв. Үүнээс үүдэж түрээслэгчид, Л.Пүрэвбаатар дарга нарын дунд маргаан үүсэж эцэстээ хууль, шүүхийн байгууллагад хандахад хүргэсэн.

“Газрын луйвар” гэж үзэв

Энд том эргэлзээ үүсч буй нь “УБТЗ хууль ёсны биднийх” гээд байдаг, гэтэл үнэхээр эдний мэдэл юм бол дундуур нь “ЭС ЖИ БИ ЮУ” гэх компани 1000 метр квадрат талбайг өөрийн эзэмшилд яаж авав гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь хууль иргэн бүрт тэгш үйлчлэх учиртай. Хэрэв УБТЗ-ын өмчлөл мөн байгаад бусдад худалдаалахаар байсан бол Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаанд оруулах ёстой байжээ. Гэвч “ЭС ЖИ БИ ЮУ” компани давуу эрхээр өнгөрсөн 2010 онд Баянгол дүүргийн Засаг даргын гарын үсгээр баталгуужуулж тус газрыг эзэмшихээр гэрчилгээ авсан аж.

Ингэж дуудлага худалдаанд оруулахгүйгээр ганц компанид шууд эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг өмгөөлөгчид нь онцолж байна. Үүнийг бүр Авлигатай тэмцэх газраас хүртэл нэхэн шалгах хэрэгтэйг тэд хэллээ. Нөгөөтэйгүүр “ЭС ЖИ БИ ЮУ” компани 2010 онд тус газрыг эзэмших эрх авсан хэрнээ 2012 оныг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Улмаар 2012 оноос эхэлж үйл ажиллагааныхаа төрлийг өөрчлөн нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж үргэлжлүүлэн эзэмшихээр болжээ. Гэхдээ тус компанийн энэ хувиргалтыг хуульчид “газрын луйвар” гэж үзэв.

Газрын тухай хуулийн 40.1.6-т “Зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй бол тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгоно” гэж заажээ. Энэ заалтаар бол “ЭС ЖИ БИ ЮУ” компани давуу эрхээр олж авсан 1000 метр квадрат талбайг ашиглах боломжгүй болох юм.

1949 оны гэрээ гэж УБТЗ-аас яриад буй. Уг гэрээний талаар иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярын хэлсэн тайлбараар “1949 оны гэрээгээр газар эзэмших эрх яагаад ч бүрдэхгүй. Газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрх гэрчилгээ, гэрээгээр баталгааждаг. Гэтэл УБТЗ-ын талаас үзүүлэх, батлах ямар нэг нотолгоо байхгүй байгаа. Мөн уг байгууллага газрын төлбөрийг хэрхэн, яаж төлдөг байсан баримт ч алга.

Яах вэ, тэрхүү 1949 оны Зөвлөлт Социалитс Бүгд найрамдах Холбоот улс, БНМАУ хоорондын гэрээ гэж хуучин монгол үсгээр бичсэн гэрээ бий. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн улс орнуудынх нь нэр, бодлого, тогтолцоо нь өөрчлөгдчихсөн. Манай улсын хувьд Газрын тухай хууль, холбогдох журам нь хүртэл батлагдчихсан байна. Энэ мэт өөрчлөлтийг дагаж гэрээг заавал шинэчлэн, өөрчлөх ёстой байсан.

Наанадаж нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээгээ шинэчлэх тухай ямар нэгэн бичиг хүргүүлж, хоёр талын ажлын хэсэг байгуулан ажилласан зүйл огт байхгүй. Дашрамд нэг зүйл дурьдахад тухайн үед буюу 1949 онд Газрын тухай хууль, журам, захирамж гаргадаг нийслэлийн Засаг дарга гэж байгаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, өдгөө тэс өөр нийгэм, хууль эрхзүйн орчин бүрдчихсэн байхад тэр үеийн эрхзүйн бичиг баримтууд нь өнөөдөр үйлчлэх боломжгүй болж байгааг дурьдах хэрэгтэй. Түүнчлэн социалист, ардчилсан нийгэм байгууламжын хувьд ч таарах боломжгүй. 1949 оны гэрээг дурьдаж бидний өмчлөл гэж УБТЗ түрээслэгчдийг “ноцтой төөрөгдөл”-д оруулсан. Иргэний хуулийн 57.3.3-т “Эрхийн талаар ноцтой төөрөгдөлд орж хийсэн бол тухайн гэрээ хууль бус гэрээнд тооцогдоно” гэж заасан байдаг.” гэлээ.

“1000 машины зогсоол”-ыг гэрээгээр түрээслэгч “Даяар хас” компанид одоо тус 6000 метр квадрат талбай хууль ёсоор шилжих боломж үүссэн аж. Тодруулбал, Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар “Ил тод, шударга аргаар эзэнгүй эд юмсыг эзэмшиж байсан этгээд таван жилээс дээш болсон тохиолдолд шууд эзэмших, өмчлөх давуу эрх үүснэ” гэсний дагуу давуу эрх тус компанийн талд үүсжээ. Энэ компанийн хувьд 1000 машины зогсоол гэх энэ талбайг өнгөрсөн 2005 оноос хог, шороотой байхад нь өөрийн хөрөнгөөр цэвэрлээд ашиглаж эхэлсэн байдаг. Харин 2007 оноос өнөөдрийг хүртэл тус газрыг УБТЗ-ын өмч гэж андуурч гэрээ хийж, түрээсийн төлбөрөө төлж иржээ.

Иргэний хуулийн 104.1-т “Эзэнгүй эд юмсыг илээр шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил таван жил тасаралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна” гэсэн бол 105.1. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах” гэх заалт бий.

Мөн хуульд “Эзэнгүй эд юм гэдэгт өмчлөлгүй, өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ” хэмээсэн байдаг.

Эдгээр заалт ёсоор нэхэмжлэх “Даяар хас” компанийн өмчлөлд бүрэн шилжих давуу эрх үүссэн гэж өмгөөлөгчид нь онцлов.

Дашрамд дурьдархад Улаанбаатар төмөр зам хөдөө орон нутагт буй ойролцоох газруудаа бүгдийг нь өмчилж авчээ. Гэвч нийслэл дахь дээрх газрыг өмчлөх болон эзэмших эрхээр баталгаажуулаагүй байдаг аж.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй байж “Даяар хас” компаниас мөнгө авч байсан нь шүүхээр тогтоодох юм бол 100 гаруй сая төгрөг нэхэмжлэх боломжтой болох юм байна.

tugeene.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.