Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх сонгуулийн тойрог, мандатын тоог шийдвэрлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр тэрбээр “Санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ний дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа хүргүүлсэн. Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль байгаа. Сонгуулийн сурталчилгаа тов тогтоосон өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэх тул зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлнэ. Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07-22 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09-22 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07-22 цаг хүртэл тус тус авахаар болоод байна. Сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цагт явагдана. Урьдчилсан байдлаар 2 сая иргэн санал өгөх тооцоо гарсан байна” гэлээ.
Улсын их хурал, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 29-ний лхагва гарагт байхаар тогтсон тул сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацааг ийнхүү тогтооно. Өмнө нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш сонгуулийн сурталчилгааг эхлүүлдэг байсныг шинэ хуулиар энэ хугацааг багасгажээ.
Мөн нэр дэвшигчдийг СЕХ бүртгэн нийт нэр дэвшигчдэд нэгэн зэрэг үнэмлэхийг гардуулах зургадугаар сарын 7-нд гардуулах юм байна.
Түүнчлэн, нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сард тогтоохоор болсон байна. Өмнө нь энэ хэмжээг СЕХ тогтоодог байсан бол Үндэсний аудитын газар тогтоохоор шинэ хуулинд заажээ.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn