АН-ынхан ойрын хугацаанд нэлээд “бажгидах” нь. Бүлгийнхээ 35 гишүүн, ИЗЗН-ын 2, “Шударга ёс” эвслийн урьхан хонгоруудыг нэгдсэн чуулганд урин байж, ерөнхий сайдаа авч үлдсэн. Одоо залгаад “Шударга ёс” эвсэл тарахгүй байх асуудалд давхар анхаарч, хариуцлага хүлээх нь ээ. Сараал ордонд яригдаж буйгаар бол ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Н.Энхбаяраас хатуухан сануулга авсан О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нарт одоо алтан боломж бий.
Тодруулбал,О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар бүлгээсээ гарч, бүлгийг тараах асуудлыг хөндөж байгаа гэх. Хууль ёсоороо бол О.Баасанхүү тус эвслээс жагсаалтаар орж ирсэн гэдэг утгаараа бүлгээс гарсан тохиолдолд УИХ-ын гишүүний эрх нь давхар түдгэлзэх учиртай. Тэр ч үүднээс Н.Энхбаяр том толгойт гурваа бүлгээсээ хөөнө гэж бардам дуугарсан бололтой. О.Баасанхүүг бүлгээс гарсан тохиолдолд орных нь хүнийг жагсаалтаар дахин оруулж ирнэ. Ингэснээр 10 гишүүнтэй “Шударга ёс” эвсэл найман гишүүнтэй болсон ч хууль ёсоор бүлгээ хадгалж үлдэнэ. Харин гишүүний тоо долоо болж буурвал бүлэг тарах эрхзүйн орчин үүснэ гэсэн үг юм.
Яг ийм эрсдэл байгаа учир О.Баасанхүү ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсныхаа дараа эргэлзэж, саналаа татах асуудал сөхсөн гэх мэдээ түгэж байсан. Харин өөрөө уг мэдээллийг эсэргүүцэж, “Энэ бол ноцтой асуудал, гэхдээ би саналаасаа урвахгүй” хэмээн мэдэгдэж байв. Яг одоогийн улстөрийн нөхцөл байдлаас үзэхэд О.Баасанхүү бүлгээсээ гарч, “АРДЫН БААТАР” болоод, ирэх сонгуулиар дахин УИХ-д гараад ирэх магадлалтай. Энэ ч үүднээс бас чиг итгэлтэйгээр бүлгийг сарниах ажилд оролцохоор ярилцаж яваа гэх.
Нөгөө талаас “Шударга ёс” эвсэл тарах дээрээ тулах, хэдхэн сарын хугацаанд шинэ хүн оруулж ирэх зэрэг хувилбаруудын аль аль нь засгийн газар болоод эвсэлд сайн үр дагавар авчрахгүй.
Цаашлаад Г.Шийлэгдамбын захидал сонгууль хүртэл ямар ч үр хөврөлийг дагуулаа билээ. Одоо тэд үлдсэн хугацаанд аль болох тогтвортой, эв найрамдалтай байхгүй бол АН, МАН-аар тоглоод байдаг хүч нь сарних аюултай гэсэн үг.
Энэ асуудалд засгийн газрын тэргүүн анхаарч, Н.Энхбаярт Шадар сайдын суудлыг өгөх, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох, өөр бас бус боломжуудыг олгохоос аргагүй болж буй юм. Учир нь, “Шударга ёс” эвсэл тарснаар засгийн газрын танхимын бүрэлдэхүүний асуудал дахиад хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, засаг тарах эрсдэл үүснэ гэсэн үг. Тиймээс эвсэл дотор буй “сөрөг хүчин”-д Н.Энхбаяраар дамжуулан дахин тал засах хорчин бодлого хэрэгжүүлэх шаардлага Ч.Сайханбилэгт тулгарч буй юм.
Одоогоор Н.Энхбаярын байдал тогтворгүй болж ирлээ. Тэрээр Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарт саналаа эргүүлэн тарах шахалт үзүүлж байхдаа Г.Шийлэгдамбыг ийм ноцтой захидал бичнэ чинээ санаагүй нь тодорхой. Тэгээд ч бүлгээсээ хөөх шийдвэрээр айлган, О.Баасанхүүтэй учраа олно гэх найдлага тавьсныг үгүйсгэх аргагүй. Гэвч энэ удаа Н.Энхбаярын “изм” зөрж, дахин шинэ хор найруулан засгийн газрыг тойглож, бүлгийн гишүүдээ тогтоох ажил хийхээр өөр аргагүй болов.
Улстөрийн хожлын хөзрийг гартаа атгасаар ирсэн эл эрхэм энэ удаа ямар төрлийн шинэ “изм”-ыг гаргаж ирэх нь тодорхойгүй ч нэлээд хүч тамир шаардсан гаргалгаа хэрэгтэй болж байна.
Түүнчлэн яван явсаар АН-ын толгойны өвчин “Шударга ёс” эвсэл болох нь. Юун нөгөө сөрөг хүчин. Сөрөг хүчинтэй хүчингүй ажлаа хийж болох ч “Шударга ёс” эвсэл тарчихбал АН-ын засгийн газар баларна. Одоо АН-д О.Баасанхүүг уурлуулан байж, Өргөдлийн байнгын хорооны даргыг нь авах хэрэг байж уу гэх хожимдсон ухаарал ч толгой руу тог хийтэл орж буй юм. Гэвч өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Сонгууль хүртэл засгаа тарамдуулахгүй байх ажлыг АН дахиад чухлаар авч үзэх нь ээ.
Ж.Мядагбадам