Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
“Нийтийн эрхийг хамгаалах холбоон”-ны үүсгэн байгуулагч Ц.Цэндсүрэнтэй эрх ашиг нь хөндөгдсөн, хохирсон иргэдийн талаар цөөн хором ярилцлаа.
-“Нийтийн эрхийг хамгаалах холбоо” байгуулагдаад удаагүй байгаа. Гэтэл танай холбоогоор дамжуулж эрхээ хамгаалуулах, гомдол, саналаа хэлэхээр олон хүн ирж буй бололтой /ярилцлага авах үеэр үүдэнд нь 10 гаруй хүн ирсэн байв/. Ер нь ямар зорилготой холбоо вэ?
-“Нийтийн эрхийг хамгаалах холбоо” таны сая асууснаар байгуулагдаад удаагүй хэдий ч маш олон иргэн бидэнд хандлаа. Одоо ч гэсэн ийм олон хүн ирчихснийг та харж байна. Бидэнд ямар асуудал тулгарч, бидний эрх хаана, юунд зөрчигдөж, хөндөгдөөд байгаа вэ нөгөөтэйгүүр, нийслэл, улсын хэмжээнд иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг нь хамгаалахаар иргэдийн санаачлагаар байгуулагдсан холбоо. Би ч гэсэн тэдний нэг төлөөлөл.
-Иргэд ямар асуудлаар танайд хамгийн их хандаж байгаа вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлт болон СӨХ-ийн асуудлаар эрх нь хөндөгдөж, цаашлаад хохирсон иргэд хамгийн их хандаж байна. Ер нь “Нийслэлийн удирдлагуудын тооцоо, судалгаа муутай, улс төрийн оноо авах гэсэн дулимаг шийдвэрт өртсөн” гэж иргэд хэлдэг. Тухайлбал, Авто худалдааны цогцолборыг хотын баруун захад нэг цэгт төвлөрүүлэхээр болсон. Энэ нь нэг талаараа хотын хөгжилд зөв санаа хэдий ч өчнөөн асуудал гарч ирж байна. Наанадаж 20 жилийн түүхтэй “Да хүрээ” автомашины захыг түшиглэж хэдэн зуун айл амьдралаа залгуулж яваа. Гэвч харамсалтай нь ТҮЦ-ээ ажиллуулдаг, халуун савтай цайгаа зарж өдрийн бор хоолоо залгуулдаг хүмүүс хүртэл орлогогүй болох эрсдэлд хүрчихээд байна. Мөн эргэлтийн хөрөнгөө зээлээр бүрдүүлдэг сэлбэг хэрэгсэл, машин худалдаалдаг иргэд “Хотын баруун захад оччихвол бидний орлого бүр хаагдана. Цаашлаад олон хүн зээлээ төлж чадахгүй шоронгийн хаалга татахад хүрнэ. Зүүн захаас 5000 төгрөгийн боолт авах гэж 50 км зам туулна гэдэг иргэдэд ч хэцүү. Үүнийгээ эргэж нэг тооцож үзээсэй” гэж сэтгэл эмзэглэн хэлж байна билээ.
Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт гэхэд дэд бүтцээ сайтар шийдээгүй, тооцоо, судалгаа нь муу, иргэдийнхээ саналыг сайн сонсоогүйгээс болж эцэст нь тэд хохироход хүргэж байгаа юм. Тодруулбал, иргэдээсээ илүүтэйгээр хэдэн компаниудыг өрсөлдүүлэх журмаар шийдчихсэн. Компаниуд нь “Одоо бид барилгаа барилаа” гээд айлуудыг нүүлгэчихсэн. Зарим нь барилгаа бариад дууссан ч олон барилга хөрөнгө, мөнгөгүйгээс болж нийслэлийн дүүрэг бүрт царцсан барилгын араг яс болж үлдлээ. Хашаанаасаа нүүсэн иргэд түрээсийн байранд амьдарч байгаад адаг сүүлдээ төлбөрөө төлж дийлэхгүй болж гудамжинд гарах эрсдэлд ирчихжээ. Барилга барьж, гэр хорооллыг орон сууцжуулахад хэн ч дургүйцэхгүй. Гагцхүү хавтгайруулаад эрсдлээ тооцохгүйгээр хийсэн нь том асуудал үүсгэж буй нь энэ.
–Түрээсээ төлж чадаагүй, орон гэргүй болсон иргэд танайд хэр хандав?
-Дүүрэг бүрээс ирж байна. Компаниудыг нь дурьдахад “Бэрэн” констракшн, “Моннис”-ын барилгуудтай холбоотой санал, гомдол их ирж байгаа. Барилга нь ашиглалтад орсон боловч оршин суугчийн тав тухыг хангаагүй, зарим барилгын компаниудаас иргэд түрээсийн мөнгөө авч чадаагүй гэх мэтчилэн гомдол ирсээр байна.
Манай холбоонд хандсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Гэхдээ тэдгээр иргэдийн үнэн, бодит байдлыг нь сайтар судалж байж бид эрхийг нь хамгаалахаар ажилладаг. Манай холбооны нэрийг барьж худлаа сенсиаци хийж мөнгө олох гэсэн зорилготой хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
–Танай холбоонд хандсан иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ. Ямар нэгэн төлбөр хураамж бий юу?
-Манайх мэргэжлийн хуульчдын багтай хамтран ажилладаг. Биднийг зориод ирсэн иргэдэд хуульчид үнэгүй зөвлөгөө өгч байгаа. Нөгөөтэйгүүр хүргүүлсэн хүсэлтийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг дэмжин иргэдийнхээ дуу хоолойг олон нийт, төр засагт хүргэдэг. Үүнд нь ч бид талархаж байна. Үнэхээр эрх ашиг нь зөрчигдөөд байгаа тэр иргэдээ хэвлэлээр дуу хоолойг нь илэрхийлэхээс өөр аргагүйд хүрдэг. Төлбөрийн асуудал одоохондоо яригдаагүй байгаа. Зайлшгүй зардал шаардах бол иргэнтэй хамтран болох бүтэхээрээ шийддэг.
–СӨХ-ийн асуудлаар олон хүн хандаж байна гэлээ. Жишээлбэл, ямар хотхон, байрнаас гомдол, санал ирж байгаа вэ?
–СӨХ-ийн мөнгийг их хэмжээгээр авах, тэгсэн атлаа авсан төлбөртөө дүйцүүлж үйлчилгээ үзүүлж чаддаггүй байдал газар авчээ. “Энканто товн” гэхэд СӨХ-ийн мөнгө гэж 80.000 төгрөг авдаг байна. Бүр 310.000 төгрөгийн төлбөр ч авдаг СӨХ бий. Манай өмгөөлөгчид хандсан иргэдэд хууль зүйн зөвлөгөөгөө үнэгүй өгч байгаа. Нэг зүйл дашрамд дурьдахад манай холбоонд элссэн гишүүдэд бид цаашлаад өмгөөллийн үнэ өртөг дээр ярилцах боломж бүрднэ. Хуулийн талын бүх гаргалгааг хийж өгдөг.
Тус холбоонд хандахыг хүсвэл Нийтийн эрхийг хамгаалах холбоо фэйсбүүк пэйже хуудас болон77497739дугаараар холбогдогдож болох юм байна.