Засгийн газрын ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр 16.00 цагаас Төрийн ордонд хуралдаж, нийт 12 асуудал хэлэлцэнэ.
Өнөөдрийн хуралдаанаарМонгол, Унгарын Засгийн газар хоорондын протоколын төсөл, Ази, Европын дээд түвшний уулзалтын аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөлд Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай, Киноны тухай хууль зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд өөрчлөлт оруулах асуудлыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оруулж хэлэлцүүлэх аж. Ингэснээр УИХ-аар баталсны дагуу хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох асуудлыг хэрэгжүүлж эхлэх юм.
Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсголыг зохион байгуулах тухай журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэхээр төлөвлөөд байна.