Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус сонсогч фенүүддээ “Надад үлдсэн найз” мюзиклээрээ бэлэг барина гэдгээ зарласан.
Тэгвэл тэд ийнхүү хүлээлт үүсгэсний эцэст бэлгээ задалж өчигдөр тус мюзиклийн эхний өдрийн тоглолтоо амжилттай тоглолоо. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг огшоож танхим дүүрэн алга ташилтан дунд өндөрлөсөн юм. Тэдний дуулалт хүчтэй хоолойноос гадна жүжиглэлт нь үзэгчдэд урлагийн сайхныг мэдрүүлж чадаж байсныг энд дурдахгүй байж болохгүй биз ээ.
Тус мюзиклийн зохиолчоор “Милл” кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд “Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцсон юм.
Монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн олон гайхалтай хүмүүсийн хамтаар бүтсэн уг мюзиклийн дараа дараагийн өдрийн тоглолтонд амжилт хүсээд тоглолтноос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.