Comment.mn

Үхрийн өвчүү ууцнаас илүү эрэлттэй байна

Монгол зон олны уламжлалт сар шинийн баяр болоход цөөн хоног үлдлээ. Жавар тачигнах хүйтний энэ өдрүүдэд баярын бэлэг сэлт, идээ будаагаа бэлтгэхээр  нийслэлийн зах худалдааны төвийг зорих иргэдийн цуваа ихэсчээ. Энэ цуваанд нэгдэж ууцны, үнэ судлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Цагаан сар дөхөх тусам ууцны үнэ өсч, хүмүүсийг бухимдуулдаг тал бий.

Иргэдэд үнийн бодит мэдээлэл хүргэх, ууцны зураг дарах гэж тус худалдааны төвийн хамгаалагч нарын дургүйг хүргээд амжив. Учир нь “Хүчит Шонхор” захаас сурвалжлага бэлтгэхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой гэнэ. Хаанахын, хэний гаргасан журмын дагуу юм бол. Уг нь иргэд тус зах дээр эрүүл мэндийн шаардлага хангахуйц мах зарагдаж буй эсэхийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдэх эрхтэй. Улмаар тэдэнтэй тохиролцож дотогш орлоо. Ингээд хамгаалагчийн хараан дор ууц, өвчүүний үнэ судалснаа хүргэж байна.

Бусад худалдааны төв, захыг бодвол эндээс хүссэн ууцаа сонгох боломж бүрджээ. Хашаан дотор хоёр эгнээ болж зогссон машинуудын тэвшин дээр ууц зарах аж. Махны ченжүүдийн гар дамжуулалгүй хөдөөний малчид өөрсдөө ирж ууц, мах зарж байгаа нь энэ. Улс орон хямралтай энэ цаг үед махны үнэ буурсан нь нийслэлийн иргэдийн хувьд сайшаам явдал болж буй ч малчдад өгөөж муутай байгааг тэд хэлж байлаа. Учир нь, ченжийн гар дамнуулж махаа зарахаар хямдхан авдаг. Өөрсдөө оруулж ирээд зарахаар замын зардал болоод мал, махаа ачаад ирэхэд бог малын мах нь хурдан зарагдаад, бод малын мах борлуулалт муутай байгааг малчид учирлав.

 

Ууц том жижгээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй байх юм. Дунджаар 80-250 мянга. Том сүүлтэй, 40 гаруй килограмм жинтэй тарган ууц 250 мянган төгрөг,  дундаж нь 160 мянган төгрөг. Харин 20 килограммаас доош жинтэй туранхай гулууз махны үнэ 100-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эндхийн худалдаачдын ярьж буйгаар, иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн хэлбэр сайтай, том сүүлтэй ууцыг сонгож авдаг гэнэ. Харин энэ жилийн хувьд голдуу 160 мянган төгрөгийн үнэтэй буюу дундаж хэмжээтэй хонины ууц сонирхож харагдав.

Зарим айл ууцны оронд үхрийн өвчүүг тавьдаг. Энэ жилийн хувьд ууцны борлуулалт муудаж, харин үхрийн өвчүүний эрэлт нэмэгдэж байгааг  “Хүчит шонхор” захын худалдаачид хэлж байна. Үхрийн өвчүүний үнэ 150-200 мянган төгрөгийн хооронд байв. Өвчүү 20-26 кг татдаг бөгөөд  өвчүүний нэг килограмм махыг нь 6-7.5 мянган төгрөгөөр борлуулж буй аж. Мөн цагаан сараар бууз, банш хийх цул мах үнэд орох нь бий. Махны жижиглэнгийн лангуун дээр  хонины нэг килограмм цул мах 5000, ямаа 4000, үхэр 6600, адууных 3000-4800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хонины ястай мах нэг килограмм нь 4000-4200, үхрийнх  6000 төгрөг, ямааных 2000-2500, адууных 4800 төгрөгийн үнэтэй байлаа.

Бид үргэлжлүүлэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон үндэсний дээл, хувцасны үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэнэ.

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: shuud.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.