Comment.mn

М.ЗОРИГТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХОЙД, УРД ХӨРШТЭЙГӨӨ ХЭРХЭН ХАРИЛЦСАНААС ШАЛТГААЛЖ ХӨГЖИХ ЁСТОЙ

Зам, тээврийн салбарынхан өнгөрөгч онд юу хийж бүтээв, энэ онд юу хийж бүтээн байгуулахаар төлөвлөөд байгаа талаар сайд М.Зоригттой уулзаж ярилцлаа.

-Зам, тээврийн яам бусад яамдыг бодвол нэлээд өргөн далайцтай бүтээн байгуулалтын ажлаараа ялгардаг. Яамны ажлын онцлогийг цөөхөн үгээр илэрхийлээч?

-Зам, тээврийн салбар бол үндсэн дөрвөн том функцтэй. Агаарын тээврийн бодлого зохицуулалт, агаарын тээвэртэй холбоотой бизнесийн үйл ажиллагааны хөгжил дэвшил, төмөр зам, авто тээвэр, авто замтай холбоотой асуудлууд багтдаг. Санхүүгийн хувьд төсөв, хувийн санхүүжилт, гадаадын зээл тусламжаар гэсэн ангилалтай. Харилцааны хувьд дотоод болон гадаад гэсэн чиглэлтэй. Энэ салбарын үйл ажиллагаа хууль тогтоомжийнхоо хүрээнд явж байна.

-Дөрвөн үндсэн функцийнхээ ажлыг товчхон дүгнээч гэвэл та юу хэлэх вэ. Эхлээд иргэний агаарын тээврийн салбарт өнгөрөгч онд ямар үр дүнтэй ажил хийв?  

-Иргэний агаарын тээврийн салбарт боловсон хүчний хувьд ч тэр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хувьд ч тэр томоохон ахиц дэвшил гарсан, бодлогын чиглэл тодорхой болсон тийм цаг хугацаа өнгөрлөө. Иргэний агаарын тээвэрт хэрэгжүүлж байгаа нэг томоохон төсөл бол Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал. Зөвхөн иргэний агаарын тээврийг хамрах төсөл биш авто зам, тээвэр, төмөр замтай ч холбогдоно. Энэ төсөлтэй уялдуулаад тухайн шинэ нисэх буудлын ойр орчимд төмөр зам, хурдны зам, тээвэр логистикийн асуудлыг хэрхэн шийдэх нь цогцоороо бодлого шийдвэр болж одорхойлогдсон. Хурдны замыг нь ирэх гуравдугаар сараас тавьж эхэлнэ. Энэ замын хажуугаар зорчигч тээврийн болон тээвэр логистикийн төмөр зам барихаар судалгааны ажлаа хийж байна. Шинэ нисэх буудлын энэ бүх үйл ажиллагаа тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа юм. Энэ санхүүжилтийн болон нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд менежментийг нь концессын жагсаалтад багтааж, гадны туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түншлэлийг бий болгож, өгөхөөр ажиллаж байна. Энэ төсөлд зарцуулагдсан санхүүжилтийг тодорхой цаг хугацааны дараа, магадгүй 30-40 жилийн дараа бүрэн хэмжээгээр эргэн төлөх чадвартай болгох, олон улсад нэр хүндтэй нисэх буудалтай болох, аялал жуулчлал, зорчигч тээвэр, тэдгээртэй холбоотой үйлдвэр үйлчилгээний ажиллагааг сайжруулах зорилгыг агуулж байгаа юм. Энэ долоо хоногтоо багтаж концессын хэлэлцээрт Японы талтай сууна.  Урилгыг концесс эзэмшигч талд хүргүүлсэн. Хэлэлцээр энэ оны гуравдугаар сарын сүүл гэхэд эцэслэн шийдэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Шинэ нисэх буудлын хүн хүч, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй холбоотой бүх ажлууд тусгай зориулалтын компани дээр хийгдээд явна.

-Саяхан танай яамны Төрийн нарийн бичгийн дарга ОХУ, Хятадад айлчлаад ирсэн. Агаарын тээврийн салбарт үр өгөөжтэй ямар асуудлуудыг хөндсөн бэ?

-Иргэний нисэхийн салбарын бас нэг чухал зүйл бол гадаад харилцаа. Энэ тал дээр Монгол Улс хоёр зүйлд гол анхаарлаа хандуулж байгаа. Эхнийх нь агаарын тээвэрлэгчдэд үзүүлдэг навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах, Монголын нутаг дэвсгэр дээгүүр нислэг хийж буй авиакомпаниудын аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх нөхцлийг хангах зэрэгт хөрөнгө оруулалт шаардагддаг. Одоогоор Монгол Улсын хэмжээнд 30 км-ийн радиуст хяналтын горим барьж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нөгөө талаар хойд урд хоёр хөрштэйгөө агаарын замын харилцаан дээр үйл ажиллагаагаа өргөтгөж, хамтран ажиллаж байна. Өнгөрөгч 11 дүгээр сард манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ОХУ-д айлчилж, тус улсын иргэний нисэхийнхэнтэй уулзаж, Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрдөг Европын нислэгүүдийг тодорхой нэг системд хамтрах хэлбэрийг сонгохоор протоколд тусгаад ирсэн. ОХУ-аас Монголоор дамжин өнгөрөх онгоцны урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хамтдаа зохион байгуулна гэсэн үг. Энэ уулзалтаас гарсан санал санаачилгаа ажил хэрэг болгохын тулд ирэх хоёрдугаар сард ОХУ, Хятадын талтай дахин уулзалт хэлэлцээр зохион байгуулна. Дараа нь хоёр улсын холбогдох экспертүүд ирж, өнөөдрийн аюулгүй байдлыг хангах ажилд дүгнэлт хийнэ.

-Агаарын шинэ хаалгууд нэмж нээхээр тохирсон гэсэн?

-Хятад улстай манай улс нэлээд их нутаг дэвсгэрээр хиллэдэг. Зүүн өмнөд Азиас Европ руу чиглэдэг нислэгүүдийг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх, тоог нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хамтарсан дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллана. Хятадын талын ажлын хэсэг энэ долоо хоногт Монголд ирж ИНЕГ-т ажиллах юм. Мөн Хятадын баруунаас зүүн чиглэлд нисдэг нислэгүүд, зүүнээс баруун тийш чиглэлийн онгоцууд Монголын нутгаар тойрч нисдэг.  Энэ нислэгүүдийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэх, ингэснээр зай, цаг хугацаа, хөрөнгө хэмнэх, аюулгүй байдлын төвшиндөө боломжийн гэж үзсэн учраас хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн бизнесээ үргэлжлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлээд, хамтраад ажиллаж болох юм байна гэж үзсэн. Хятадын талтай дотоодын чиглэлийн хоёр ч нислэгийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлж болох юм гэж харж байна. Нөгөө талаар Хятадын талтай манай улс агаарын коридорын 6 хаалгатай. Сая Хятадад болсон уулзалтаараа нэмэлт нэг хаалга нээе, энэ хаалгаар Зүүн Өмнөд Азиас Европ руу нисэж байгаа онгоцуудыг оруулъя гэж ярилцсан. Ер нь бол жил бүр ОХУ болон Хятадын талынхантай уулзаж, асуудлаа ярьж, шийдсээр ирсэн. Энэ хоёрдугаар сарын уулзалтаар нэлээд үр дүнтэй, нааштай шийдвэр гарна гэж бодож байна.

-Та сайд болсныхоо дараахан МИАТ-д томоохон өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ өөрчлөлт шинэчлэлтүүдээ хийж эхэлсэн үү?

-МИАТ компанийн хувьд ерөнхий нислэг нь зуны улиралд зорчигчийн тоо нэмэгддэг. Өвлийн улиралд онгоцны сул зогсолт нэмэгдэж, бизнест тааруухан үзүүлэлт гарч ирдэг. Тиймээс онгоцны ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг  сайжруулах, иргэний нисэхийн салбарт агаарын харилцаанд оруулах өөрчлөлтүүдийн талаар бид нэлээд эрчимтэй ярьж байна.  МИАТ компани өнөөдөр дандаа мухар нислэгүүд хийж байгаа. Бусад авиакомпаниудтай кодшэйр хийх замаар нислэгийн замыг уртасгах, тарифаа уян хатан болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах шаардлагатай байна. Зарим чиглэлүүдээр агаарын харилцааны хэлэлцээртээ өөрчлөлтүүд хийж эхлээд байна. Олон жил ярьж байгаа Туркийн “Туркиш эйрланс”, ОХУ-ын  “Аэрофлот”-той хэлэлцээр хийж байна. ОХУ-ын зарим хотуудтай кодшейр хийж, хамтарч ажиллахаар “Аэрофлот” компанитай баримт бичигт гарын үсэг зурсан. ИНЕГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудал маань транзит заалтай боллоо. Энэ ондоо анх удаа транзит зорчигчид хүлээж авна гэж бодож байгаа. Энэ он МИАТ-ийн алдагдлыг бууруулах, үйлчилгээг сайжруулах, нислэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах жил болно. МИАТ-ийн хувьчлалыг олон жил ярилаа. Засгийн газар, УИХ олон удаа хэлэлцлээ. Тодорхой шийдэлд хүрсэнгүй. Ийм учраас яамны бодлогын төвшинд МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг концессын зүйлийн жагсаалтад менежментээр өгөх асуудлыг шийдүүлнэ. Стратегийн хөрөнгө оруулагч, стратегийн түншлэлийг бий болгох зорилгоор энэ асуудлыг энэ ондоо багтаагаад шийдэхийг зорьж байна. Энэ бол МИАТ олон улсад өрсөлдөх чадвартай болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нь чухал нөлөө болох ёстой. Олон улсын ноухау дэвшилтэт технологи, хүний нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болох ёстой.

-Төмөр замын салбарт ямар ахиц дэвшил гарсан бэ?

-Төмөр замын хувьд бид ганцхан төмөр замтай, УБТЗ түүнийг эзэмшиж байна. Ачаа эргэлтийнх нь 80 хувийг дотоодын тээвэр эзэлж байна. Санхүүгийн үүднээс аваад үзвэл төдийлөн ашигтай бус, зөвхөн амиа аргацаасан байдалтай явж байна. Төмөр замын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, үр ашигтай ачаа тээврийг нэмэгдүүлэхийн тулд ОХУ, Хятадын талтайгаа ажиллаж байна. Транзит тээврийг Монголын нутгаар нэвтрүүлэх тал дээр хоёр талтай зарчмын тохиролцоонд хүрч байна. 2015 оны сүүлээс эхлээд “Роснефть” кампанийн түүхий нефтийн транзит тээвэр эхэллээ. Ер нь жилдээ 3.2-оос 4 сая тонн түүхий нефть нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа. Цаашид транзит тээврээ бууруулахгүй улам бүр нэмэгдүүлэх ёстой.  Ингэхийн тулд Монгол Улс, ОХУ, Хятад улсын транзит тээврийн хамтарсан компани байгуулъя гэдэг санаачилгыг бид гаргасан. Бичиг баримтаа боловсруулж, хоёр талд саналаа тавиад явж байна. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан хамтарсан компанийн асуудал дээрээ зөвшилцөнө. Хамтарсан компаниа байгуулж чадвал төмөр замын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүгийн чадамжийг өсгөхөд маш чухал алхам болно. Ачаа тээврийг нэмэгдүүлэхээс гадна УБТЗ-ын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадамжийг нэмэгдүүлнэ. Ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэхийг зорьж байна. Ингэхийн тулд олон жил яригдаж байгаа дохиолол холбооны системийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ төсөл хэрэгжвэл нэвтрүүлэх чадамж доод тал нь 30 хувиар нэмэгдэх юм.  Жилд нэвтрүүлдэг ачааны хэмжээ 36 сая тоннд хүрэх боломжтой. Одоо бол жилд 22-24 сая тонн ачаа нэвтрүүлж байгаа. Энэ хөрөнгө оруулалт хэрэгжчихвэл Улаанбаатар төмөр замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар нэмэгдэнэ. Нөгөө талаар бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих бодлого барьж байна. Төмөр замын салбарт, Эрдэнэт Овоотын чиглэлийн 575 орчим км замын суурь бүтцийг барих ажлыг хувийн хэвшилд концессоор өгсөн. Уул уурхайн баялаг дээр түшиглэсэн, уул уурхайн нөөц баялгийг экспортлох, тээх зориулалтаар хийж байгаа ажил.  Энэ концессын замаа цааш үргэлжлүүлээд ОХУ-ын Кызылтэй холбосон төмөр замыг бий болгоод хамтарсан байдлаар эзэмшиж ачаа тээврийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой болох юм. Энэ төмөр замыг барьж байгуулбал жилдээ 30 орчим сая тонн нөөц баялгийг тээвэрлэнэ гэж харж байна. Өмнөд хөрш рүү болон ОХУ-аар дамжин далайн боомт руу тээвэрлэх боломжтой. Мөн бага хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажил Сэлэнгэд хийгдэж байна. Операторынх нь ажлыг ч хамтад нь шийдээд явна гэсэн чиглэл барьж байгаа.

-Улстөр, бизнесийн хүрээнийхний дунд нэлээд асуудал дагуулаад байгаа Гашуунсухайтын төмөр замын ажил юу болсон бэ. Энэ ондоо багтаад төмөр замаа гүйцээж тавьж чадах уу?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам олон жил яригдаж байна. Одоо зогсонги байдалд орчихоод байна. Энэ ажлыг ч бид энэ ондоо эхлүүлэхээр Засгийн газрын хэмжээнд ярьж байна. Үүнийг хамгийн түрүүнд уул уурхайтай холбох биш, төмөр замын бүтээн байгуулалтын ажил талаас нь харж, хөрөнгө оруулалтыг нь олох замаар хийж бүтээе гэж ярьж байна.

-Зам, тээврийн салбарынхны ажлын гол үзүүлэлт нь авто замын бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалдаг. Эдийн засгийн хямралтай байсан өнгөрөгч онд авто замын бүтээн байгуулалт хэр урагшлав?

-Өнгөрөгч он санхүүгийн хувьд амаржгүй жил байлаа. Гэхдээ авто замд хийсэн тооцоолол, өгсөн гүйцэтгэлээр өнгөрөгч онд Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 1000 гаруй км авто зам барьсан байна. Гүйцэтгэлээр нь тооцоход ийм. Зам барьж байгуулах ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хийгдээд явна. Энэ онд хэд хэдэн томоохон замын ажил эхэлнэ. Концессийн гэрээгээр эхэлсэн замууд байна. Ховд-Увсын замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай явж байгаа гэсэн мэдээллийг сая өгч байна. Энэ онд Нисэхийн хурдны зам, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км, Тосонцэнгэл-Завхан чиглэлийн 114 км, Дорнодын 143 км замын ажлууд энэ ондоо багтаад дуусна. Мэдээж ийм том хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа болохоор хүн хүч, хөрөнгө мөнгө, техник төхөөрөмж шаардагдана. Үүнийг бид зохион байгуулж чадна.

-Авто замчид, замын компаниуд гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг бүрэн авч чадсан уу?

-Гүйцэтгэл маш их хэмжээгээр дутуу байгаа.  Ер нь бол Монголын авто зам барилгын салбарт ажиллаж байгаа мэргэжлийнхэн маш их сэтгэл зүтгэл гаргаж ажилласныг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгөөр дутуу байна. Энэ юуг харуулж байна гэхээр, манай зам барилгын компаниуд өөрсдийн боломж бололцоогоор  ажлаа гүйцэтгэж, замаа тавьсан гэсэн үг.  Тийм учраас хувийн хэвшлийнхнээ дэмжих, хийсэн ажлынх нь гүйцэтгэлийг олгуулахын тулд салбарын яам шаргуу ажиллаж байна.

-Энэ онд хаана, ямар зам барих вэ?

-Энэ онд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах замын ажлууд байна. Баруун-Урт-Бичигт чиглэлд зам тавина. Энэ нь зөвхөн аймаг, хот хоорондын зам бус улс хоорондын зам болон хөгжих боломжтой. Энэ замыг хойшоо ОХУ-тай босоо тэнхлэгээр холбох зүүн чиглэлийн авто замыг барьж байгуулахыг зорьж байна. Энэ замаа дагасан Хөөтийн нүүрсний уурхайг түшиглэн Хөөт-Бичигт-Чойбалсан-Эрээнцав-Соловьевск гэсэн чиглэлийн төмөр замыг барьж байгуулах бодлогод анхаарлаа хандуулж ажиллана. Баруун босоо тэнхлэгийн тухайд Ховд-Өлгийн чиглэлийн 189 км замыг барьж байгуулах ажил эхэлж байна. Энэ ондоо багтаад ашиглалтад өгөх юм. Баруун босоо тэнхлэгийн зам олон улсын маршрутынх гэж нэрлэгдсэн ганц зам. Монголын нутгаар дамжуулаад хойд урд хөршийг холбосон стратегийн чухал зам юм. Мөн Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны замыг олон улсын маршрутад оруулахаар ярьж байна.

-Авто замаа дагаад тээврээ ч бас хөгжүүлэх ёстой. Авто тээврийн тухайд

-Авто тээврийн тухай гурван улсын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг энэ онд байгуулна. Өнгөрөгч оны сүүлчээр манай яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны холбогдох газрын дарга нар Хятад, ОХУ-д нэлээд ажилласан гэж би дээр хэлсэн. Хэлэлцээрүүд ч хийсэн. Тэрэн дотроос гурван улсын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр их чухалд тооцогдох юм. Оны эхний хагаст гэрээгээ албажуулахаар тохиролцсон. Хятадын тал дэмжсэн, ОХУ ч нааштай хандана гэдгээ илэрхийлсэн. Улаан-Үдээс Тяньжин боомт хүртэл туршилтын тээвэр хийж эхлэх гэж байна. Гуравдугаар сараас эхэлнэ. Ажлын хэсгүүд ажиллахад тулгарч байгаа нэг бэрхшээл байна. ОХУ-ын тээврийн хэрэгсэл Монголын нутаг дэвсгэр дээр явах, Монголын тээврийн хэрэгсэл, жолооч нар Хятадын нутаг дээгүүр явахад төвөгтэй байгаа. Саяын уулзалт хэлэлцээрийн үеэр чиргүүлийн дамжин өнгөрөх тээврийг эхлээд хийе гэж ярилцсан. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын машин Улаан Үдээс ачаагаа Улаанбаатарт авчирч, эндээс Монголын тээврийн хэрэгслүүд Эрээнд хүргэж өгөх, Хятадын тал Эрээнээс ачаагаа авах байдлаар тээвэрлэлт хийж туршъя гэж ярьж байна. Гэрээ албажсаны дараа ямар журмаар тээвэрлэх нь тодорхой болох юм.

-Далайд гарцгүй Монгол Улсын хувьд далайн тээврийг хөгжүүлнэ гэдэг бас л чухал асуудал. Сингапурт Монголын хөлөг онгоцны бүртгэл компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Далайн тээвэр гэдэг бол олон улсын бизнес болчихсон. Тээвэр гэхээсээ илүү харилцаа юм. Сингапурт манай улсын хамтарсан компанийн хэлбэрээр далайн тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд Солонгосын далайд, тус улстай хамтарч далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр хамтарсан компани байгуулаад байна.  Америк болон бусад улстай далайн тээвэрт хамтрахаар ярьж байна.

-Эцэст нь, танай яаманд төрийн өмчит, төсөвт үйлдвэрийн хэд хэдэн томоохон газар, агентлагууд харьялагддаг. МИАТ, Авто тээврийн үндэсний төв гэхчлэн байгууллагууд байна. Одоо Өмчийн хууль УИХ-аар орох гэж байна. Салбарын яам энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Зам, тээврийн яамны онцлог гэж байна. Нэгдүгээрт, маш том салбар. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний тоо маш их. Зохицуулалтын шинжтэй үйл ажиллагаа давамгайлдаг. Хууль дүрэм журмыг чамбайруулж, чанаржуулах шаардлага их байна. Манай салбарын үйл ажиллагаа хойд урд хөрштэй ямар нэгэн байдлаар холбогдож хөгжих учиртай. Хоёр хөрштэйгөө хэдийчинээ улстөр, санхүү, бизнесийн харилцаа сайн байна, төдий чинээ энэ салбарын үйл ажиллагаа сайжирч, үр өгөөж нь нэмэгдэнэ гэж үзэж байна. Харилцааг сайн байлгах үүрэг ч биднийх. Бодлогын хувьд шинэчлэл хийх цаг үе нь ирсэн байна. Монгол Улсын Их Хурал Өмчийн хууль гаргах гэж байна. Өмчийн хуулийн ерөнхий үзэл баримтлал бол Төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт үйлдвэрийн газар гэж байхгүй болно. Нэг бол төрийн байгууллага, эсвэл компанийн хэлбэр гэсэн үндсэн хоёр салбар байх юм байна. Тэгэхээр бид энэ өөрчлөлт, шинэчлэлийг хууль журамд нийцүүлж, өөрийн салбарын онцлогт тохируулан хэрэгжүүлэх ёстой. Олон улсын харилцаа бүх салбарт эрчимтэй өрнөж байна. Ялангуяа иргэний агаарын тээвэрт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, агаарын харилцааны олон хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхийн тулд яах вэ, нэмж ямар хэлэлцээр хийх вэ, агаарын тээвэрлэгчдийн хооронд ямар харилцааг бий болгох вэ гэдэгт чиглэсэн шинэчилсэн бодлогын баримт бичгүүдийг гаргах, өөрчлөх шаардлага тулгарч байна. Зам, тээврийн яамнаас авто тээвэр, авто зам, иргэний нисэхийн салбарын хууль дүрэм журмын өөрчлөлтүүдийг УИХ-д яаралтай оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах нь чухал байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.