Монгол Улсаас бүсгүйчүүдийг Малайзын Куала Лумпур хотод байрлах нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачин бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Хүний наймаа эрхэлж байж болзошгүй этгээдүүд нь хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж, улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан хохирогчдод өгдөг байсан.
Дээрх этгээдүүд 2015.03 сараас хойш нийт 3 удаагийн тээвэрлэлтээр Монгол улсын нийт 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулах” нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалан, зуучлалын хөлсөнд нь 500.000-2.000.000 сая орчим төгрөгийн урамшуулал бэлэн авдаг байсан байж болзошгүйг байдал тогтоогдож байна.
Одоогийн байдлаар 1983-1996 онд төрсөн нийт 12 хохирогчийг тогтоож гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцах үед нь баривчлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа