Comment.mn

З.Баянсэлэнгийн будилаан

Орон сууцны зээлийн хүүг 8-аас 5 болгон бууруулж, урьдчилгаа ч багасгаж, метр квадратын хязгаарыг чөлөөлнө гэсэн төрийнхний үг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Хэзээ эхлэх, хаанаас санхүүжүүлэх зэргээр олон асуулт нь тодорхойгүй ч иргэд зээлийн хүү таван хувь болчихоосой гэсэн горьдлого тээсээр буй.

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ уржигдар яаман дээрээ сэтгүүлчдийг цуглуулж, “Зээлийн хүү 5 хувь болсон, эргэлзэх хэрэггүй” хэмээн том дуугарав. З.Баянсэлэнгэ “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан 8 хувийн зээл маань 5 хувь болсон. Ипотекийн журамдаа өөрчлөлт оруулаад 100 хүртэлх м.кв талбайтай орон сууцыг иргэд маань худалдан авах чадвар, эргэн төлөлт, эдийн засгийн тооцоо үндэслэлээ гаргаж тавиад 5 хувиар авах боломж нь нээгдсэн. Энэ тухай яриад хэрэггүй. Энэ асуудал Засгийн газрын хурлаар ороод ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулаад, энэ гарц үүд хаалга нээгдсэн” хэмээн ярив. Товчхондоо 5 хувийн хүүтэй зээлийг юу юугүй өгөөд эхэлсэн мэтээр ярьсан нь тодорхой мэдээлэлгүй хүмүүст баярт мэдээ болов.

Харин бүрэн мэдээлэлтэй хүмүүс З.Баянсэлэнгийн үгэнд учир дутагдал байгааг ойлгосон байх. Учир нь түүнийг мэдээлэл хийх үед тав байтугай найман хувийн хүүтэй зээл олгогдохгүй, зогссон хэвээр байсан. Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр З.Баянсэлэнгэ сайд УИХ-ын шийдвэрээс урьтаж, мэдээлэл хийж, иргэдийг төөрөгдүүлсэн гэсэн үг.

Цаашлаад 5 хувийн хүүтэй зээл олгох асуудлыг Засгийн газар буцаасан гэдгийг албаны хүн хэлжээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпилээс энэ талаар хэвлэлүүд тодруулга авчээ. Тэрбээр “Энэ асуудлыг маш нарийн судлах шаардлагатай учир буцаасан. Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах журам гаргахыг дэмжсэн. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд энэ асуудлыг оруулж ирсэн ч судлахаар буцаагаад байгаа” гэсэн хариултыг өгсөн байна. Тэгэхээр Засгийн газраас албан ёсны шийдвэр гараагүй гэсэн үг. Танхимын шийдвэр гараагүй байхад сайд нь юуны учир ийм мэдээлэл тараах болов гэсэн асуулт урган гарна.

АН-ын дарга З.Энхболдын автортай явж буй энэ ажилд З.Баянсэлэнгэ сайд нэрээ хавчуулахыг хүссэн байхыг үгүйсгэмгүй. Сайдынх нь гадуур асуудлыг ярьж, шийдээд буйд эмзэглэсэн тэрбээр түрүүлж дуугарч, өөрийгөө оролцоотой гэдгийг сануулж, харуулахыг хүссэн байж ч болох юм.

Ямар ч байсан орон сууцны зээлийн 8 хувийн хүүг 5 болгон бууруулсан албан ёсны шийдвэр гараагүй гэдгийг тэмдэглэе. Салбарын сайд төрийн ажлыг бус улс төрийн яриа, улстөрчийн карьертаа илүү анхаарал хандуулаад буй бололтой.

В.Хэрлэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.