Өөрийнхөө дуу хоолойг ОХУ-ын БОЛЬШОЕ ТЕАТР-ын алтан тайзнаа цуурайтуулж агуу яруу найрагч Пушкинтэй гадаад төрхөөрөө тун адилхан энэ дуучин үнэхээр их таалагдлаа хэмээн оросын үзэгчдээс өндөр үнэлгээг авч, магтуулж байсан дуучин Б.Гомбо-Очир Монголын дуурийн урлагийн залуу үеийн хүчтэй төлөөлөл юм.
Тэрээр 2011 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг МУГЖ Д.Банди, МУГЖ О.Ичинхорлоо нарын удирдлаган дор төгсөж дуурийн дуучин мэргэжлийг эзэмшсэн.
ДБЭТ-ын тайзнаа саяхан тавигдсан агуу хайрынхаа төлөө амиа зольж тэнгэрт халих залуу эрийн тухай өгүүлэх LУЧИА ДЕ ЛАМАРМУР дуурийн гол дүр болох Эдгардогийн дүр түүний дуу хоолойд зориулагдсан гэлтэй. Түүний сонгодог уран бүтээлийн урын санд:
• Ж.Верди АИДА-Радамес
• В.А.Моцарт УВИДАСТ ЛИМБЭ-Тамино
• Г.Доницетти ЛУЧИА ДЕ ЛАМАРМУР-Эдгардо
• Ж.Пуччини БОГЕМ-Рудольф
• Ж.Пуччини ЧИО ЧИО САН-Пинкертон гээд олон сонгодог дуурийн гол дүрийг амжилттай бүтээж сонгодог урлаг сонирхогчдын танил уран бүтээлч нь хэдийнээ болж чадсан. Алтайн сүрлэг уулс,тунгалаг Буянт голынхоо хөвөөнд төрж өссөн нутгийн хүүгийн хувьд ЗҮҮДНЭЭС САЛДАГГҮЙ ХОВД НУТАГ МИНЬ нэртэй анхны CD-ээ гаргаж Ховд аймгийнхаа 16 сумын уул ус,үндэстэн ястанг дуундаа шингээсэн байна. Дуучин Б.Гомбо-Очир нутгийнхаа эрхэм дуучин Хөдөлмөрийн баатар,МУАЖ Б.Зангадын дуулсан ТУНГАЛАГ БУЯНТ дууг хамтран дуулж цомогтоо оруулсандаа ихээхэн билэгшээж байгаа гэнэ.
Дуучин Б.Гомбо-Очир тун удахгүй ӨВӨРМӨЦ нэртэй анхны бие даасан сонгодог тоглолтоо хийхээр болсон байна.