Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал энэ сарын 17 -ноос буюу өчигдөрөөс эхлэн хуралдаж эхэллээ. Уг хуралд 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. ХҮН-ы ээлжит бус их хурал өчигдөр намынхаа хариуцлагын ерөнхий хороог таван гишүүнтэйгээр, намын Төв хороог дарга ба гишүүдийн хамтаар батлан завсарласан бөгөөд үдээс хойш ХҮН-ын төв хорооны анхны хурал болжээ.
Хөдөлмөрийн Үндэсний Намын төв хорооны хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрээр хүсэлтэндээ : “Олон нийтэд илүү танигдсан, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагатай, улс төрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэж бичсэн бөгөөд намын даргад С.Ганбаатарыг өөрөө санал болгожээ.
Мөн намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа болон Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил нарыг танхимаас намын даргад нэр дэвшүүлсэн ч Б.Найдалаа, Т.Бат-Оргил нар С.Ганбаатарыг дэмжин нэрээ татаж авчээ. Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН намын даргаар сонгохыг ХҮН-ий төв хорооны гишүүдийн 98 хувь нь дэмжжээ. Харин ХҮН-ын дэд даргаар С.Боргил, Б.Найдалаа нарыг сонгосон байна. Өнөөдөр уг асуудлыг Хөдөлмөрийн Үндэсний Намын их хурлаар хэлэлцэн шийдэж, албан ёсны шийдвэр болгон, баталгаажууллаа. Мөн ХҮН-ын дарга С.Ганбаатар намын их хурлынхаа үеэр “ЗА” андгай өргөсөн юм. Их хурлын үеэр ХҮН-ын дарга С.Ганбаатар илтгэл тавьсан бөгөөд энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ, энэ бол бидний хоёр дахь ялалт байх болно хэмээн албан ёсоор зарлав.
Э.Мягмар