Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал энэ сарын 17,18-ны өдөр болж, тус хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцож байна. Намын ээлжит бус Их хурлаар хариуцлагын ерөнхий хороог таван гишүүнтэйгээр, намын Төв хороог дарга гишүүдийн хамтаар баталсанаар өчигдрийн Их Хурал завсарласан бөгөөд үдээс хойш намын төв хороо үргэлжлүүлэн хуралджээ.
Намын төв хорооны хурлын үеэр УИХ-д сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах журмын талаар нэлээд ярилцсан бололтой. Мөн хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрээр “Олон нийтэд илүү танигдсан, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагатай, улс төрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэжээ. Тэрээр хүсэлтээ ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандад өгөөд төв хорооны гишүүдэд хандан намын даргад С.Ганбаатарыг санал болгосон аж. Мөн танхимаас намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа болон Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын хороон дарга Т.Бат-Оргил нарыг нэр дэвшүүлсэн байна. Харин Б.Найдалаа, Т.Бат-Оргил нар С.Боргилын саналыг дэмжин нэрээ татаж авчээ. Санал хураалтаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намын даргаар 98 хувийн саналаар сонгогдсон байна.
Гарман дээр биш ч гэлээ сонгуулийн өмнө морио юүлсэн ХҮН намынхныг улс төрд хашир, тоосоо өргөөгүй соёолон үрээтэй зүйрлэж эхэллээ. Одоо хэрхэн тоосоо өргөхийг харах л үлдлээ гэж жиг жуг хийж байна.
Сонирхолтой нь шинэхэн дарга С.Ганбаатар намын дэд даргаар С.Боргил болон Б.Найдалаа нарыг санал болгож төв хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн сурагтай. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр бүтээсэн эрхэм зорилго, үйл хэргийг улам бэхжүүлэхэд энэ хоёр эрхмийн үүрэг оролцоо маш чухал байгаа аж. С.Боргилын дэвшүүлэн гаргаж ирсэн “Ёст Хүн”, “ Ёст чанарын үзэл санаа”-г С.Ганбаатар дарга үргэлжлүүлэн УИХ-д нэр дэвшигчидтэйгээ гэрээ байгуулж, эргүүлэн татах асуудлыг баталгаажуулж өөрсдөөр нь зөвшөөрүүлэх бодолтой байгаа аж.
ХҮН-ын ээлжит бус их хурлын хоёр дахь өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт үргэлжлэн хуралдах бөгөөд Ийгл, Танин мэдэхүйн телевиз шууд дамжуулна. Хурлын үеэр ХҮН намын шинэ дарга С.Ганбаатар “За” андгай өргөх юм байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Zaluu.com