Comment.mn

Хүлээж буй мэдээ буюу ипотекийн зээлийн уян шийдэл

18 мянган өрх гэдэг дунджаар 90 мянган хүн дулаан орон сууцанд орж тав тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ тоо бол өнөөдөр зах зээл дээр бэлэн байгаа орон сууцных гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлж байсан. Үнэндээ нийлүүлэлт дэндүү хангалттай байгаа боловч өнөөдөр ипотекийн зээл зогссон, урьдчилгаа 30 хувиа төлөөд найман хувийн хүүтэй зээл авах өрхийг тоо хязгаарлагдмал гэдэг шалтгааны улмаас барилгын салбарынхан үндсэндээ тэг зогсчихоод байгаа юм.

Тэг зогсолт гэдэг тухайн салбарт ямар үр дүн авчрах нь тодорхой. Мэдээж дулааны хоолой засах гэж тэг зогсолт хийж буй тухай зарладгаас эдийн засгийн нэгэн хөдөлгүүр болсон салбарын хувьд энэ ойлголт байж боломгүй үзэгдэл нь тодорхой. Зөвхөн барилгынхан гэлтгүй иргэд ч ипотекийн зээл хөөцөлдөх, бүүр бодох ч эрхгүй болоод байна. УИХ-ын дарга З.Энхболд Барилгын коллежийн оюутнуудтай уулзах үеэрээ 69 жилийн хугацаанд 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 76 мянган өрх орон сууцанд орсон тухай баримт дурдсан. Мэдээж барилгын салбарын үсрэнгүй хөгжлийн ачаар орон сууцны барилга гэдэг нэг зуны ажил болсон хэдий ч хэрэглэгч байхгүй бол нийлүүлэлт хийнэ гэсэн ухагдахуун үгүй.

Эрэлт нэмэгдэхийн хэрээр ажлын байр ч гэрлийн хурдаар өссөөр барилгын салбарт өнөөдөр 95600 гаруй хүн ажиллаж, тэдний цаана хэдэн зуун мянган хүний амьдрал өрнөж буй.

Монгол Улсын хөдөлмөр эрхлэх насны идэвхтэй хүний тоог сая хэмээн тооцдог. Тэгэхээр барилгын салбар тэдний 10 хувийг шингээдэг гэсэн үг. Цаашдаа ч энэ салбарт арав арван мянгаараа боловсон хүчин бэлтгэгдэж буй. Тиймээс төр энэ салбарыг тэг зогсолтод оруулчихаад зүгээр нэг хараад суух эрхгүй.

Тиймээс бичин жилийг угтсан хамгийн таатай мэдээ бол ипотекийн зээлийг цаашид олгоно. Олгох олгохдоо зээлийн хүүг жилийн найман хувьтай байсныг тав болгон бууруулах боломжтой гэдгийг илэрхийлсэн нь олон хүний сэтгэлийг тэнийлгэсэн үйл явдал болов. Ердөө хэдэн жилийн өмнө арилжааны банкуудын зарчмаар жилд 14-16 хувийн хүүтэй зээл авч байранд орж байсан өрхүүд зээлийн хүүг найм болоход магнай тэнийн баярлаж, үүний ачаар хоёр жилийн дотор 1322 мянган ам.метр орон сууц шинээр ашиглалтанд орж, 76 мянган өрх орон сууцанд тухалж чадсан. Тэгвэл судалгаагаар жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл авч сард 520 гаруй мянган төгрөг төлж байсан иргэн хэрвээ жилийн таван хувьтай хүүгээр тооцож зээлээ төлбөл 400 мянган төгрөг төлнө гэсэн байв. Өрхийн төсөвт 100 гаруй мянган төгрөг хэмнэгдэхээр байрныхаа урсгал зардал, цөөн ам бүлтэй бол 10 хоногийн хоолны зардалдаа санаа зовохооргүй болно гэсэн үг.

Монголбанкны тооцоогоор ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож чадвал өрхийн орлого нэг сая орчим төгрөг байхад зээлэнд хамрагдах боломжтой юм. Өмнө нь найман хувийн хүүтэй зээл олгож байхад өрхийн орлого дунджаар 2-3 сая төгрөг байсан гэнэ. Гэхдээ энд олон хүний анхаарлыг татаж байгаа асуудал бол урьдчилгаа төлбөр хэдэн хувь байх вэ гэдэг. Монголбанкны зүгээс урьдчилгаа төлбөр 10 хувь байгаа тохиолдолд өрхийн орлогын дундаж хэмжээ буурахгүй учраас иргэдэд төдийлэн боломж нэмэгдэхгүй гэж үзэж байгаа юм. Харин зээлийн хүүг бууруулчихвал иргэдэд ч банкуудад ч эерэг үр дагавар авчирна гэж тооцоолсон гэнэ.

Гэвч иргэдийн зүгээс байрны урьдчилгаа төлбөр болгон 30 хувиа төлөөд орох хэмжээний чадвартай хэсэг аль хэдийнэ байраа авчихсан. Одоо 30 хувиа хуримтлал болгон хадгалж байгаа нь цөөн гэдэг үүднээс зээлийн урьдчилгаан дээр уян хатан хандахыг төр засаг болоод банкуудаас хүсч байгаа юм. Харамсалтай нь, Засгийн газрын зүгээс зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор тогтоол шийдвэр гаргасан боловч шийдлийг олж чадаагүй байхад нь ипоте­кийн зээл Үндсэн хуулийн цэцийн “ачаар” зогссон.

Тэгэхээр Ипотекийн зээл цаашид үргэлжлэх ёстой учраас Үл хөдлөх хөрөнгийн барь­цааны тухай хууль болон Иргэний хуульд өөрч­лөлт оруулж, УИХ үүнийг яаравчлах батлах нь тодорхой. Батлахдаа зээлийн хүүг тав болгож чадвал мэдээж иргэдийн нуруун дээрээс мөн ч том ачаа авч хаяна. Дээрээс нь урьдчилгаа төлбөрийг 10 байдаггүй юмаа гэхэд 20 болгож бууруулж чадвал дараагийн хоёр жилд ахиад 100 мянган өрх орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэх биз.

Урьдчилгаа төлбөрийг бууруулахын тулд Засгийн газар 200 тэрбум төгрөг төсөвтөө суулгах шаардлагатай гэж байсан ч энэ жил бол чадаагүй. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө бүхий сан байгуулах, энэ сангаа Засгийн газар өөрөө хариуцаж, харьяа агентлаг, газартаа хамааруулах, үүндээ хууль эрхзүйн орчин бүрдүүлэх гээд олон арга зам байгаа талаар мэргэжлийнхэн ярьж байсан учраас “боломжгүй зүйл үгүй зөвхөн зөв гарцаа л олох ёстой” гэх бодолд ээрэгдсээр, өнөөдөр хуралдах УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон хэрхэн шийдэл гаргахыг хэдэн мянган чих чимээ тавин хүлээж сууна.
Эх сурвалж: www.assa.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.