Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 9 бүлэг, 53 зүйлтэй энэ хуулийн төслийг парламентад өргөн барихаас өмнө улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулахад ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Өнөөдрийн үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар 801 хүний гарын үсэг цуглуулснаар нам байгуулах эрхээ авдаг. Харин шинэ хуулийн төслөөр “31 хүний гарын үсэг бүрдсэнээр нам байгуулах эрх үүсч, намын гишүүдийн хэн нэг нь хариуцлага алдсан тохиолдолд шийтгүүлнэ, татан буулгана, 3000 хүн амтай нутаг дэвсгэрээс тухайн нам сонгуульд оролцох эрхээ бүрдүүлнэ” зэрэг заалт туссан байсан нь зарим улс төрийн хүчнийг бухимдуулаад авсан.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна гэж хууль санаачлагч үзжээ.
Судалгаагаар иргэдийн зүгээс улс төрийн намуудад итгэх итгэл нь 40.6 хувиас 20.2 хувь хүртэл буурсан, үл итгэх хандлага 59.4 байснаас 78.1 хувь болж өссөн байна.
“Улс төрийн намуудын тухай” хуулийг 1990 онд баталснаар улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд “Улс төрийн намын тухай” хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй аж. Тухайлбал, улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хатуу хуульчилж, төвлөрсөн, хэт нүсэр бүтэцтэй байхыг шаарддаг нь намын дотоод ардчилал бэхжихгүй байх нэг шалтгаан болдог байна.
Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд засгийн эрхийг авах болон сонгуулийн үеэр л идэвхиждэг байгууллага болон хувирсан аж. Мөн намын санхүүжилтийн эрх зүйн орчин тодорхой бус, цаг үеийн шаардлагыг хангаагүйгээс нам хандивлагчаас хараат, улс төр мөнгөнөөс хараат болох нөхцөлийг бүрдүүлж, намуудын санхүүгийн үйл ажиллагаанд төрийн болон олон нийтийн зүгээс тавих, хяналт зохицуулалт суларсан байна.
Тиймээс энэ хуулийн төслөөр иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг хангах зорилгоор улс төрийн нам үүсгэн байгуулах, үйл ажиллагааг зогсоох, тараах, улс төрийн намын зохион байгуулалт, санхүүжилт, намын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахыг зорьжээ.
Хуулийн төсөлд улс төрийн нам шийдвэр гаргахдаа намын гишүүдийн оролцоог өргөжүүлэх зохицуулалтыг шинээр тусгажээ. Намын бүтцэд дотоод маргаан шийдвэрлэх эрх бүхий харьцангуй хараат бус зарчмаар байгуулагдан ажиллах “бүтэц” байгуулахыг үүрэг болгох гэнэ. Ингэхдээ намын дэргэд бие даасан төрийн бус байгууллага байгуулахыг хориглож, намын дотоод бүтцийн нэгжийн хэлбэрээр тухайн намын гишүүд эвлэлдэн нэгдэх боломжтой байхаар зохицуулжээ.
Намын гишүүдийг хариуцлагажуулж, улс төрийн боловсрол олгох, төрийн бодлогыг тодорхойлох сургалтыг тогтмол явуулж байхыг хуульчлах юм байна. Үүнтэй зэрэгцүүлэн төрийн албан хаагчид, зарим хуульчийн улс төрийн оролцооны эрхийн эдүгээгийн хязгаарлалтыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ.
Намын санхүүжилтийг ил тод байдлыг хангах, түүнд тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд тайлагнах процессыг нарийвчлан зохицуулж, шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх заалтыг тусгасан нь намуудыг талцуулаад авсан.
Улс төрийн нам байгуулах болзол, шаардлагыг хөнгөвчилсөнтэй холбогдуулан тодорхой хугацаанд ямар нэг сонгуульд оролцоогүй улс төрийн намын статусыг хүчингүй болгодог аж. Харин улс төрийн намыг тараах асуудлыг эхлээд сонгуулийн төв байгууллага, улмаар түүний шийдвэрийг хянах байдлаар Үндсэн хуулийн цэц шийдвэрлэдэг зохицуулалтыг тусгажээ.
Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг эрх баригч хүчин АН-ын бүлгийн хуралдаанаар дэмжсэн бол бие даагчид ч толгой дохисон байна лээ. Харин УИХ дахь сөрөг хүчин энэ хуулийн төслийг дэмжих эсэхээ өнөөдөр бүлгийн хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч бүрэн эрхийн хугацаа нь хэдхэн сарын дараа дуусгавар болох энэ парламент үед хэрэгжих эсэх нь тодорхойгүй юм. Батлагдлаа гэхэд сонгуулийн өмнөхөн санхүүжилтээ шилэн болгон алх тогших улс төрийн зориг гаргана гэдэгт зарим ажиглагч эргэлзэж байна лээ.
Н.Энхбат
www.shuud.mn