Comment.mn

С.Шүрэнцэцэг: Эмэгтэй хүний мөн чанар өөрөө хайрлахуй, энэрэхүй юм

Тосонцэнгэл сумын уугуул, залуу зураач С.Шүрэнцэцэг “Бүсгүй хүсэл” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ “Best art” галлерейд гаргаад байгаа юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Зурах хүсэл, сонирхол хэзээнээс эхлэв. Юу таныг уран зурагт хөтлөв?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд зурах хүсэл маань бүр хүүхэд байхаас эхэлсэн гэж болно. Гэр бүлийн хүрээнд зурах сонирхолтой нэг ч хүн байгаагүй ч надад зурах авьяасыг өгчээ гэж боддог.

-Мэргэжлийн зураач болох гарааг хаанаас эхэлсэн бэ?

-Би анх зургадугаар ангиасаа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн уран зургийн ангид суралцсан. Мөн 2007-2011 оны хооронд Соёл урлагийн их сургуулийн, Дүрслэх урлагийн их сургуульд суралцан зураач мэргэжлийг эзэмшсэн. Төгссөн цагаас хэсэг хугацаанд зураг зурахаа түр завсарлаад энэ жилээс эрчимтэйгээр уран бүтээлдээ орсон доо.

-Таны үзэсгэлэнг харахад бүсгүй хүнийг маш олон янзаар дүрсэлсэн байна. Яагаад бүсгүй хүнийг онцлов?

-Би ер нь эмэгтэй хүнийг зурах сонирхол илүү байдаг юм. Энэ ч утгаараа анхны үзэсгэлэнгээ “Бүсгүй хүсэл” хэмээн нэрлэж, гаргахыг зорьсон. Хүний хүсэл гэдэг бол хязгааргүй юм. Тэр дундаа эмэгтэй хүнийх бүр хязгааргүй юм болов уу гэж санадаг. Ерөөс эмэгтэй хүний мөн чанар өөрөө хайрлахуй, энэрэхүй юм. Эмэгтэй хүн зөвхөн гадаад гоо үзэсгэлэнтэй байх бус дотоод гоо үзэсгэлэнтэй байх ёстой. Үүнийг байгальтай зүйрлэвэл илүү дөхөж очих юм гэсэн тэр хүслээс эдгээр бүтээл маань төрөн гарсан.

-Тухайлбал?

-Ихэнх зургууд маань эмэгтэй хүний ичингүйрсэн, цэвэр ариун байдлыг байгалийн өнгөтэй хамтатган дүрслэхийг хичээсэн байгаа.

-Уран бүтээлч хүн, тэр дундаа уран зураач хүн нутгийхаа тухай бодохгүй, түүнийгээ дүрслэхгүй байна гэж байхгүй байх. Нутгийхаа тухай дурсвал?

-Завхан нутгаараа үргэлж бахархаж явдаг. Энд тэнд явж байхдаа Завханыхаа хүмүүстэй их таарна. Тэр болгонд элгэмсэг, дотно хүлээн авч, тусалж дэмждэг. Ялангуяа миний уран бүтээлд нутгийн маань зураачид тусалж, зөвлөгөө өгч, хамтран ажилладаг. Энэ утгаараа нутаг, ус гэдэг хүмүүсийг холбож өгөх гүүр юм гэж хардаг.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.