– Жилийн хугацаатай төсвийн тухай хуулийг жилдээ хэдэнтээ тодотгол хийн өөрчилдөг болохоор
– Жилийн хугацаатай төсвийн тухай хуулийг жилдээ хэдэнтээ тодотгол хийн өөрчилдөг болохоор хамгийн богино настай, хамгийн олон засагддаг онцлогтой хууль. Энэ удаад бол бүр хэрэгжиж эхлээд сар ч хүрээгүй байхад нь завсар хийх шинжтэй боллоо-
Монгол Улсын 2016 оны төвлөрсөн төсвийн тухай хууль УИХ-аар батлагдаад сар гаруйхан хугацаа, харин хүчин төгөлдөр үйлчилж эхлээд ердөө долоо хоног өнгөрч байна. Төсөв бол зүгээр нэг тоо биш бодлого, бодлого төдийгүй хууль гэж эрх баригчид, хууль тогтоогчид байнга хэлдэг. Жилийн хугацаатай төсвийн тухай хуулийг жилдээ хэдэнтээ тодотгол хийн өөрчилдөг болохоор хамгийн богино настай, хамгийн олон засагддаг онцлогтой хууль. Энэ удаад бол бүр хэрэгжиж эхлээд сар ч хүрээгүй байхад нь завсар хийх шинжтэй боллоо.
Учир нь төсвөөс халамжийн хэлбэрээр хүүхдэд өгдөг сар бүрийн 20 мянган төгрөгийг 2016 онд ялгавартай олгохоор төсвийн хуульд тусган баталсныг Ерөнхийлөгчийн чармайлтаар өөрчилж, хүүхэд нэг бүрт алагчлалгүй түгээхээр болж байх шиг. Төсвийн хуульд тодотгол хийж, зөрүү мөнгийг дахин тодотгон тусгах шаардлага үүслээ гэсэн үг.
Төсвийн хуулийг хэлэлцэж байх үед айлын хүүхдүүдийг алагчилж байгааг нь анзаараагүй өнгөрөөсөн атлаа бүх зүйл “бандан тас” болсны дараа батлагдсан хуулийг өөрчлөх тухай санаачилга дэвшүүлж буй нь энэ юм. Хэлэлцүүлэгт орох гэж буй төсөлд Ерөнхийлөгч санал өгөх эрхзүйн бололцоо нээлттэй. Бүр үүрэгтэй ч байх. Тэр үед сэхээрч, ухаарч болох л байв. Үгүй юм гэхэд хэрэгжүүлж эхлэхийнх нь өмнө хориг хаалт тавих бололцоо ч байв. Аль аль бололцоог анзааралгүй өнгөрөөсөн Ерөнхийлөгч маань энэ удаад иргэдийн шахалт, шаардлагаар энэ асуудлыг сөхөж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёртой ярилцан шийдүүлэх болсноо твитер хуудсаараа зарласан юм.
Алагчлалгүй олгодог байх үед жилд 246 тэрбум /2015 онд/ төгрөгийг үүнд зарцуулж байсан бол 2016 оны төсөвт амьжиргааны түвшинг харгалзан ялгавартайгаар олгоход 144 тэрбум төгрөг зарцуулна гэж хуульчилжээ. Үүний зөрүү лав 100 тэрбум төгрөгөөр яригдах бололтой.
Хөөрхөн хүүхдүүдээ ангилж, сортлохгүйгээр адилхан авч үзэж байгаа нь мэдээж сайн хэрэг, сайхан санаачилга. Гэхдээ энэ асуудал тодотгол болон орж ирлээ ч эцсийн шийдвэрийг УИХ дээр 76 гишүүний олонхийн саналаар л батална. УИХ хэлэлцэж эхлээ ч үгүй, хэлэлцүүлгийн явцад хэрхэн шийдэгдэх нь таавар байх атал Ерөнхийлөгч “хоёр даргатай ярилцаад шийдвэрлэсэн” мэтээр мэдэгдэж болох л юм байх даа. Хэдийгээр том гурван дарга эрх мэдэлтэй ч 76-ын өмнөөс хууль гаргадаг болоогүй баймаар.
Ардчилсан намын анх өөрийнх нь дэвшүүлсэн амлалт, хэрэгжүүлсэн бодлогын нэг нь яах аргагүй Хүүхдийн мөнгө хөтөлбөр. Хэрэв хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох санаачилгыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр Ерөнхийлөгчийн нүүрэн дээр шийднэ гээд тохирчихсон нь үнэн юм бол Ардчилсан нам өөрсдийнхөө бодлогоос ухарч нэг үзээд “буруу юм болжээ” гээд буцааж нэг үзэх нь ээ. Яасан ч хурдан эргэж няцдаг шийдвэр вэ? Ямар ч хялбархан засч өөрчилдөг хууль вэ?
Энэ удаад хүүхдийн мөнгө, төсвийн хууль жишээ болон яригдаж байгаа болохоос биш сүүлийн үед төрийн бодлого, шийдвэр яг иймэрхүү зарчмаар батлагдах, цуцлагдах нь хялбархан болжээ.
Хэдэн жилийн өмнө алтны гэнэтийн ашгийн татвар бий болгох шийдвэрийг УИХ-аас баталж, татварын хувь хэмжээг Фортуун гишүүний бараг л зүүдэлж сэрсний дагуу 68 хувь хэмээн тогтоосон тухай онигоо ярьдаг байв. Ямар ч эдийн засгийн үндэслэл тооцоогүйгээр, зүгээр л бэлгэдлийн утгаар /сумогийн 68 дахь их аварга Монголоос төрсний бэлгэдэл/ татварын хэмжээг тогтоосон нь бас ч гэж тэр үедээ онигоо болж байсан бол одоо иймэрхүү зүйл энгийн логик мэт болтлоо ээнэгшиж байх шиг. Эцэс сүүлдээ твиттерийн жиргээгээр төрийн бодлогыг өөрчилж, баталж, цуцалж болдогтоо тулав уу?
Саяхан л төсвийн хэмнэлт гээд хуруу, хумсаа хуйхлах шахаж байсан Засгийн газрын тэргүүн хэн хүний үгэнд хялбархан автдаг, хаашаа ч хөрвөж чаддаг “уян хатан” хүн бололтой. Харин одоо зөрүү мөнгийг хэрхэн яаж олж, төсөвт суулгах юм бол доо гэдэг л анхаарал татаж байна. Хажуугаар нь бас ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож, урьдчилгааны мөнгийг төрөөс даах, үүнд шаардагдах 20 тэрбум төгрөгийг хаанаас ч бол олох тухай УИХ-ын дарга буюу намынх нь дарга амлаж байна. З.Энхболд дарга ч яахав, энэ амлалтынхаа хэрэгжилтэд Монголбанкийг ашиглах бололтой байна. Дээд удирдлагууд нь элдэв санаачилга, идэвхтэй амлалтаар дүүрэн юм гэхэд удирдлагын шийдвэрээр хөдөлдөг утсан хүүхэлдэйнүүд нь хоосон явааг хааяа ч болов ойлгож баймаар юм даа.