Comment.mn

Эдийн засгийн дампуурлаас банкны дампуурал руу

Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсад түүхэндээ байгаагүй томоохон хөрөнгө оруулалт орж ирж байсан цаг саяхан. Эдийн засаг нь жилийн 14 хувийн өсөлттэй байж, уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр тэнгэрт тулж байсан тэр өдрүүд түүх болон үлдсэн. Харин өнөөдөр монголчууд нийтээрээ ядуу хоосон амьдрал руу алхам алхамаар урагшилж байна. Өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтийг ердөө 2.3 хувь байсан хэмээн дүгнэлээ. Чингис, Самурай тэргүүтэй бондыг олон улсын зах зээлд гаргаж Монгол Улс өрийн үзүүлэлтээрээ Грекийн урд гишгэлээ.

Тэгвэл энэ таагүй нөхцөл байдал цаашид улам бүр муудна гэдгийг гадны дотны эдийн засагчид, судлаачид удаа дараалан хэлж, ярьж, бичсээр байна. Тодруулбал, Гадаадаас валют орж ирэх нөхцөл, боломж хомс, экспорт нэмэгдэхээргүй байгаа энэ үед Засгийн газар өрийн хязгаарыг 70 хувьд хүргэх асуудлыг өнгөрсөн жилийн өдийд УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч дэмжлэг авч чадаагүй. Хамгийн сүүлд дахин өрийн хязгаарыг 60 хувьд хүргэхээр асуудлаа оруулаад, арай гэж 58.3 хувиар батлуулсан. Уг үйл явдлын дараа Хятадын “Синхуа” агентлаг “Монгол 2017 онд дампуурах эрсдэлтэй боллоо” хэмээн мэдээлэв. Тэдний тооцоолж буйгаар Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сар гэхэд дампуурна гэсэн. Энэ тооцоо тийм ч дэмий, хоосон тооцоо биш. Бид ирэх жилээс эхэлж бондуудын эргэн төлөлтийг эхлүүлнэ. Харамсалтай нь өнөөдөр Засгийн газарт бондын эргэн төлөлтөд гаргачих хөрөнгө мөнгө гээд байх зүйл алга.

Өнгөрсөн оны сүүлээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө шийдэгдэж, дэлхийн хэмжээний 20 банк 14 тэрбумын ам.долларын зээл олгохоор болсон. Энэ бол өнөө цагийн хамгийн гэгээлэг ганц мэдээ. Гэвч бидэнд ашгаа өгч эхлэх хүртлээ өдий байна. Бүтээн байгуулалтын ажил долоон жилийн дараа дуусна. Харин энэ хугацаанд цөөнгүй тооны монгол иргэд ажилтай, орлоготой байна гэдэг л чухал.

Монгол улс хямрал руу улам бүр гүнзий орж байгааг Засгийн газрынхан ч хүлээн зөвшөөрч эхэллээ. Мега төсөл хариуцаж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан өчигдөр нэгэн хэвлэлд манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйд бидний эдийн засгийн ямар байдал хүлээж буй талаар ярьжээ. Тэрбээр, “Манай эдийн засаг маш муу байгаа. Хямрал цаашид гүнзгийрэхээр байна. 2015 онд манай эдийн засгийн өсөлт 2.3 хувь байсан бол 2016 онд нэг хувь ч хүрэхгүй байх. Засгийн газар гадаад зах зээл дээр мөнгөний эрэлд мордсон гэдгээ хэлье. Хэрвээ мөнгө олж чадахгүй бол таг сууна. Мөнгө олох магадлал тун бага. Миний бодоход Олон улсын валютын санд хандаж тусламжийн хөтөлбөрт орох шаардлагатай байгаа. Асуудал хариуцсан хүмүүс нь ингэж бодохгүй байгаа тул цаг алдаж байгаа байх аа. Манай санхүүгийн систем хямарч банк дампуурах бүхий л нөхцөлүүд бий болж байгаа. Муу зээл өссөн. Банкууд чадамжаасаа 20-30 хувиар илүү зээл өгч ирсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж байгаа. Эргэн төлөлт удааширсан. Ер нь Америкт болсон субпрайм моргэйжийн зээлтэй холбоотой хямралын өмнөх дүр зургууд Монголд цогцолсон байгаа” гэв.

Түүний хэлж буйгаар бид дахин бонд гаргаж, өр зээл тавьж асуудлыг шийдэх. Эсвэл Тавантолгой, Оюутолгой гэх зэрэг мега төслүүдээ зоригтой хөдөлгөж байж бондын эргэн төлөлтөө төлж, улс орны эдийн засгаа эргэн хэвийн байдалд оруулах гэнэ. Засгийн газар ч дараагийн өр зээлээ авахаар гадаад зах зээл рүү мөнгөний эрэлд гарчээ. Харамсалтай нь одоо бидэнд итгэж мөнгө өгөх улс туйлын ховордсон.

Мөн сайдын ойрын өдрүүдэд ярьж буй нэг ноцтой асуудал бол банкны дампуурал юм. Өмнө нь манай хэд хэдэн банкууд дампуурч, нэр хаягаа хольж, сольж хоорондоо нэгдэж байсан. Тэр бүгдэд төр буюу Засгийн газар хохирлыг өөртөө үүрч, дахин хөрөнгөжүүлсээр ирсэн. Товчоор хэлбэл банк жинхэнэ утгаараа дампуурч байгаагүй аж. Харин өнөөдөр нөхцөл байдал эсэргээрээ. Чанаргүй зээл хувь өссөн. Банкууд чадамжаасаа 20-30 хувиар илүү зээл өгч ирсэн нь дампуурах нөхцөлийн үндэс суурь болжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын Монголбанкны судалгаанаас үзвэл арилжааны банкуудын олгосон зээл 12.4 их наяд төгрөг байна. Энэ нь улсын төсвөөс бараг хоёр дахин өндөр тоо юм. Энэ оны эхний улиралд банкууд 834 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тэгвэл 985 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 196 тэрбум төгрөг болжээ. Зээл эргэн төлөгдөхгүй байгаа нь нөгөө л хувийн хэвшил төдийгүй төрийн байгууллагууд цалингаа хугацаанд нь тавьж чадахгүй байгаатай холбоотой. Энэ нь эргээд хэмжээнээсээ хэтэрсэн их зээл олгочихсон банкнуудыг эрсдэлд оруулж эхэлж буй хэрэг. Яг л 2008 онд АНУ-д болсон моргэйжийн хямрал шиг. М.Энхсайхан сайд ч АНУ-д болсон энэ хямралын урьдач нөхцөл байдал өнөөдөр манайд үүслээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. АНУ-д 1990-ээд онд төлбөрийн чадваргүй сая сая хүнд орон сууцны зээл олгосон. Тэр нь орон сууцны үнийн хөөрөгдөл бий болгож, иргэд үнийн “хайчинд” орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Олон сая хүн орон сууцнаасаа хөөгдөж гарсан. Америкийн эдийн засгийн хямрал эцсийн дүндээ дэлхийн эдийн засгийн хямрал болсныг бид мартаж болохгүй.

Тиймээс банкууд дампуурах дээрээ тулаад буй энэ үед улстөрчид арилжааны банкуудад хамгийн их хортой нөлөө үзүүлж буй найман хувийн зээлийн асуудлаар улс төр хийхээ болох хэрэгтэй. Найман хувийн зээлийн хүүг багасгана, зогсооно, зогсоохгүй гэх зэргээр улс төрийн “тоглолт” хийх нь эмзэг болоод буй арилжааны банкуудад сөргөөр нөлөөлөх талтай. Тийм болоод л М.Энхсайхан сайд 2016 онд “Банк битгий дампуураасай” гэж хэлсэн байх.

Ер нь бидэнд энэ хямралаас гарах хоёр хувилбар л байгаа. Эхнийх нь өрийн таазыг байхгүй болгоод дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ их хэмжээний өр тавих. Магадгүй 2017 онд тулгарч болзошгүй өрийн их хямралаас урьдчилан сэргийлэх арга нь өрийн таазыг нэмэгдүүлэх байсан ч юм билүү. Гэхдээ энэ нь араасаа том эрсдлийг дагуулах болно. Өрөө төлж чадахгүй бол улсынхаа нутаг дэвсгэрийн тодорхой хувийг зарж худалдахаас өөр арга замгүй. Хоёр дахь арга нь Олон Улсын валютын санд хандаж тусламжийн хөтөлбөрт хамрагдах. “Стэнд бай”-д хамрагдах нь бас эрсдэлтэй гэж олон судлаачид үзэж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд санхүүгийн эрх чөлөө хязгаарлагдмал болно гэсэн үг. Манайх урд нь уг хөтөлбөрт их бага хэмжээгээр хэд хэдэн удаа хамрагдаж байсан түүхтэй. Нэгэнт л мега төслүүдээ хөдөлгөж чадахгүйгээс хойш хүндрэлээс гарах ийм л хоёр зам бидэнд үлдлээ. Харин алийг нь сонгох вэ гэдэг Засгийн газрын шийдэх асуудал.

Ямартаа ч М.Энхсайхан сайдын хэлсэн шиг 2016 онд банк дампуурахгүй байгаасай л гэж залбирах, мөн Засгийн газрыг гадаад зах зээлээс мөнгө босгоосой л гэж залбирах үлдлээ.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.