УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн амандаа хүрэхээр ажиллаж эхлэв. Найман хувийн зээлийн хүү “буурах уу”.
Энэ сарын 06-нд орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж гацаад байгаа найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгоход хууль эрхзүйн ямар шийдэл эрэх вэ гэдэг асуудлаар банк санхүү, Төв банк, УИХ-ын шийдвэр гаргах төвшний улстөрчдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болсон юм.
Энэхүү хэлэлцүүлэгт, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат, Монголын ипотекийн корпорацийн захирал Д.Гантөгс нарын албан тушаалтнууд оролцлоо. Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг цаашид ямар байдлаар үргэлжлүүлэх, мөн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь банк болон иргэдэд ямар нөлөө үзүүлэх, инфляци долоон хувьтай байхад найман хувь олгож байсан. Гэтэл өнөөдөр инфляци гурван хувьд хүрчихээд байхад энэ зээлийг яагаад бууруулж болохгүй байна вэ гэдэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэл хотын хэмжээнд өнөөдөр 352 мянган өрх байгаагаас 204 мянга нь гэр хороололд, 148 мянга нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байна. Гэр хорооллын айл өрхүүдээс 189 мянга нь дэд бүтэц хөгжсөн тохилог сууцанд амьдрах хүсэлтэйгээ ирүүлжээ. Орон нутгийн иргэдээс ч 15 мянга нь Улаанбаатар хот руу шилжиж, орон сууцанд амьдрах сонирхолтойгоо уламжилсан аж. Үүнээс харахад ойрын хугацаанд 200 мянган айл өрхөд орон сууц шаардаж байгааг харуулж байна.
Харин өнөөдөр ашиглалтад орсон 17 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байгаа юм. Сүүлийн хоёр жил дараалан тус бүр 20 мянган айлын орон сууц баригдаж, ашиглалтад оржээ.
З.Энхболд “Урьдчилгааг 10 хувь болголоо гээд улс төрийн шоу хийгээд өнгөрч болно. Гэхдээ энэ хөтөлбөр өнөөдрийн хувьд хамгийн чухал хөтөлбөр. 10 хувь болгоод төр батлан даалт гаргаад явлаа ч иргэдэд төлөх мөнгө нь буурахгүй. Харин зээлийн хүүг бууруулснаар олон ч иргэдийн нуруунаас ачаа багасна. Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар найман хувийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох тухай асуудлыг ярьсан. Иргэдийн хувьд сонсоход сайхан мэдээ юм шиг боловч нарийн тооцоолоод үзвэл энэ нь эрсдэлтэй хувилбар юм. Учир нь иргэн 10 хувийн урдчилгаа нь бага юм шиг боловч 90 хувийн зээлтэй үлдчихээр сарын орлого нь 1.4-1.8 сая төгрөг болж өсөх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, сард 600 мянган төгрөг төлдөг байсан бол сард 800 гаруй мянган төгрөг төлдөг болно. Иймээс 30 хувийн урьдчилгаагаар оролдох нь өөрөө иргэдэд хүртээмжтэй байсан боломжийг буцаагаад хумиж эхэлнэ гэсэн үг. Тэгвэл хүүг бууруулснаар 60 сая төгрөгийн зээлтэй иргэн сард 530 мянган төгрөг төлдөг байлаа гэж бодъё. Хэрвээ таван хувь болсон тохиолдолд энэ мөнгөнөөс 110 мянган төгрөг хасагдана. Байрны зээлтэй залуу сарын цалингаасаа 110 мянган төгрөг хэмнэж эхнэртэйгээ ядахдаа ресторанд үйлчлүүлэх боломжтой болно. Бид өнөөдөр энд яг тэд эд гэж тоо ярихгүй. Хэрвээ тэгж ярьвал улс төрийн тоглолт хийгээд мушгих боломж бий болно.
Буурах боломж байна. Хэрвээ таван хувь болговол ийм боломжтой гэдгийг л ярьж байна. Ирэх долоо хоногт банкуудтай болон ипотекийн корпораци зэрэг байгууллагаас санал аваад хуулийн төслөө оруулж ирнэ. Мөн Зээлийн батлан даалтын сангийн асуудал ч ирэх долоо хоногийн хэлэлцэх сэдвийн нэг байх болно. Хэн нэг нам, улстөрчийн эсэргүүцлээс үл хамаарч энэ хоёр чухал асуудал хэлэлцээд явах ёстой” хэмээн өөрийн байр сууриа тус хэлэлцүүлэгт оролцогчдод дуулгалаа.
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах зэргээр шилжүүлж болох нөхцөл үүссэн юм. Үүгээр зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх нэмэгдэж байгаа мэт боловч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдсан аж. Өөрөөр хэлбэл, зээлийн эрсдэл өсч, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн барьцааны үүргийг алдагдуулахад хүрсэн учраас арилжааны банкууд зээл олголтоо зогсоосон. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн зүгээс Үндсэн хуулиа барьж, иргэнийхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан, мөн зээлийн хүүг хөндөөгүй болохоо тайлбарласан.
Тэгвэл Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх гарц нь Иргэний хуульд өөрчлөлт оруулах гэж үзэв. Иргэний хуульд “Барьцааны хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлдэг зохицуулалтыг байхгүй болгох” өөрчлөлтийг оруулахаар санал нэгдэж байгаа гэдгийг энэ үеэр Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат онцлов.