Comment.mn

Монгол охид, бүсгүйчүүд Солонгос эрийн өвөрт орохын тулд ийм гэрээ байгуулж байна!

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрсэн иргэний гаднын хүнтэй гэр бүл болох эрхийг хуульчлан заасан байдаг. Гэвч  хуулийг батлах үед зуучлалын гэрлэлт гэсэн ойлголт байгаагүй юм. Орчин үед бол зуучлалын гэрлэлт газар авсан. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр 2000 оноос хойш манай 3355 иргэн гадаадынхантай амьдарлаа холбосон байдаг гэнэ. Эндээс 2238 нь Солонгос хүнтэй гэрлэсэн байдаг. Гадаад хүнтэй гэж бүл болж байгаа хүмүүсийн 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Эндээс 65 хувь нь Солонгос эрчүүдийг сонгосон байдаг гэх тоо баримт байгаа юм.  Албан бус тоогоор жилдээ  800 гаруй Монголын охид бүсгүйчүүд Солонгос улсад бэр очдог гэсэн мэдээлэл бий. Сүүлийн таван жилд манай 200 орчим иргэн Монголын харъяатаас гарч БНСУ-ын харъяат болсон байдаг байна. Манай улсад зуучлалын гэрлэлт цэцэглэх өнгө аястай байгаа. Ядуу буурай улсад энэ гэрлэлт нь хөгждөг гэж хэлж болно. Хяналтгүй байдгаас болоод Солонгосчуудтай гэр бүл болсон Монгол охид бүсгүйчүүдийн олонх нь зовж , шаналдаг байх нь. Харин БНСУ-ын Гэр бүлийн тухай хуульд зуучлалын гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёр улсын хоорондын хуулийн зөрүүтэй  байдлаас болоод  тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол бэрүүдийн эрх ашиг хохироход хүрч байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагууд хамтран `Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг` судалгаа хийсэн байдаг.  Энэ судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн ихэнх нь Солонгос хүнтэй гэрлэсэндээ харамсаж байгаагаа, зовж шаналж явдагаа илэрхийлсэн байдаг юм.

Монгол охид, бүсгүйчүүд Солонгос эртэй гэрлэхдээ ямар гэрээ байгуулж байна вэ?

Өнөөдрийг хүртэл манай нийгэмд харийн хүнтэй, тэр дундаа Солонгосчуудтай гэр бүл болохыг хүссэн охид бүсгүйчүүд байсаар л байна. Тэд Солонгосчуудтай гэр бүл болохын тулд зуучлалаар зураг хөрөгөө авахуулж, бичлэг хийлгэж харийнханы өмнө нүцгэлсээр л байна. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ Солонгос эртэй гэр бүл болсон , Солонгосоос зугтаж, оргож байж эх орондоо ирсэн хэд хэдэн охид, бүсгүйүчүүдийн эрхийг хамгаалан ажилласан байдаг. Гэтэл тэд Солонгос эрийг сонгож тус улс руу явахдаа ямар гэрээ байгуулдагаа тус төвийнхөнд үзүүлсэн байгаа юм. Гэрээг уншихад ямар ч эрүүл ухаантай хүн зөвшөөрч гарын үсэг зурахааргүй юм билээ. Харин манай Монгол бүсгүйчүүд тус гэрээг уншихгүйгээр гарын үсгээ зурж Солонгос эрийн өвөрт орсон нь элбэг байдаг байх нь. Өөрөөр хэлбэл харийн хүний эхнэр болж, улс орон, ах дүү хамаатан садан, найз нөхөд, элэг нэгт Монголчуудаа орхиод явж байгаа хэрнээ, яг ямар гэрээн дээр , ямар зүйл заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгаагаа “анзаарахгүй”, “тоохгүй” гарын үсэг зурж байгаа нь арай л дэндүү гэнэн хатуухан хэлэхэд “ТЭНЭГ” байгааг нь баталж байна. Уншигч та Монгол охид , хүүхнүүдийн Солонгос эрийн гэргий болохдоо ямар гэрээ байгуулж, ямар гэрээг хүлээн зөвшөөрч явдгийг уншаад өөрийн эрхгүй дээрх дүгнэлтийг хийх байх.

Гэрээг бүрэн эхээр нь нийтэллээ

ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

20… оны … сарын … өдөрЭнэхүү гэрээг нэг талаас …………………….. төлөөлөн …………. нөгөө талаас ……………….. оршин суух ………………. иргэний үнэмлэхтэй ………………….. регистрийн дугаартай ……………………… нар нь 200… оны … сарын …-ны өдөр харилцан тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна. Монгол улсын иргэн ……… овогтой ……………. нь БНСУ-ын иргэн …………………..-тэй өөрийн хүсэлтээр гэрлэж буй тул доорх заалтуудыг зөвшөөрсөн болно.

Үүнд: 1. БНСУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч эхэлсэн өдрөөс БНСУ-ын хууль үйлчилнэ.

      2. БНСУ-ын иргэн …………………….-тэй гэрлэсэн тохиолдолд солонгос эмэгтэйн ёс жаягийг дагаж, БНСУ-ын зан заншлыг хүндэтгэн сахин биелүүлнэ.

   3. Гэр бүлийнхээ өмнө гэргийн ёсоор гэр бүл, гэр орноо авч явж үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлнэ.

   4. Зочин гийчин угтаж, шашны болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцох болно

    5. Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ.

    6. Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ.

    7. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/

    8. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно.

   9. Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна.

  10. Монгол дахь гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх болно. /Утсаар ярих гэх мэт/

  11. Монголд байгаа гэр бүлийн хүмүүсээс Солонгост урих эрхтэй.

  12. Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.

  13. Гэр бүл болсны дараа нөхрийн буруутай үйлдлээс гэр бүл салахад хүрвэл нөхрийн зүгээс тодорхой хэмжээний төлбөр гаргуулж төлүүлнэ.Гэрээг хүлээн зөвшөөрсөн.1. Монгол улсын иргэн ……………………… /эхнэр/2. ………………………………….. /эхнэрийн талаас, эхнэрийн юу болох/

ОЛОН УЛСЫН ХУРИМЫН ГЭРЭЭ  Нөхөр: ………………………Хаяг: ……………………..Эхнэр: ……………………..Хаяг: ………………………..Дээрх хоёр хүний Олон улсын хуримын дагуу доорх гэрээг хийж байна.

      1. Нөхөр …………… , эхнэр ……………….. нь гэр бүл болох хүсэлтийн үндсэн дээр худал зүйлгүйгээр мэдэгдэх, хэрэв аль нэг тал нь худал хэлэх, санаатайгаар нуух, онцлох шалтгаангүйгээр салах хүсэлт гаргавал нөгөө талдаа 10.000 ам.доллар төлнө.

    2. Эхнэр нь нөхөртөө үнэнч бус байдал гарган нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэхээс татгалзаж болохгүй ба хэрэв ийм тохиолдол гарвал гэрлэлтийг цуцална.

   3. Нөхөр ……………, эхнэр ………………. нь хурим хийхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж хуримыг зуучилж буй байгууллага нь гэрлэлт бүртгэлийн албанд өгч гэрлэлтийг бүртгүүлнэ.

   4. Эхнэр болон нөхөр нь эрүүл мэндийн талаар нуух, хоорондоо хуурмаг зүйл байхгүй байх.

  5. Сүй тавьсны дараа цуцлах боломж байхгүй. Хэрэв цуцлах тохиолдолд сүйг цуцлах хүсэлт гаргаж буй тал нь сүйн зардалд 2000 ам.долларыг зуучилж буй байгууллагад нөхөн төлнө.

   6. Нөхөр болон эхнэр нь Монголд гэрлэлт баталсны дараа аль нэг тал нь салах хүсэлт гаргах тохиолдолд зуучилж байгаа байгууллагад 4000 ам.доллар нөхөн төлнө.

    7. Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.

    8. Нөхөр нь хуримласны дараа архи хэтрүүлэн хэрэглэх ба эхнэртэйгээ зүй бусаар харьцах, гар хүрэхийг хориглоно.

    9. Нөхөр нь эхнэрээ гэрийн хорионд байлгахыг хориглоно.

   10. Эхнэр нь архи хэтрүүлэн хэрэглэх ба тамхи татаж болохгүй.

   11. Уг гэрээ нь хийсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

    12. Эхнэр болон нөхөр, Солонгосын зуучилж буй байгууллага нь уг гэрээг тус тус нэг хувь үйлдэн авна. Нөхрийн нэр: …………..Эхнэрийн нэр: ………………..1. Эхнэрийн батлан даагч: …………………Хаяг: Утас: Үнэмлэхний дугаар:2. Нөхрийн батлан даагч: …………………..Хаяг: Утас:Үнэмлэхний дугаар:200… оны … сарын …. өдөр

ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ Нөхрийн нэр: Эхнэрийн нэр:Эхнэр нь Солонгост ирсний дараа хууль бусаар ажилд орох, оргон зугтах, салах, салахыг шаардах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Сэтгүүлчийн үг:

Солонгосчууд манай Монгол охид , хүүхнүүдтэй ийм гэрээ байгуулж байж өвөртөө оруулж байна. Ийм зүйл заалттай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад Солонгосыг зорьж байгаа охид, эмэгтэйчүүдийг яалтай ч билээ.  Уучлаарай, явж явж энэ бол Монгол төрийн эмгэнэл. Энэ бол Монгол Улсын эрх баригчид, эрхэм төрийн түшээд арчаагүй, амин хувиа тэргүүн эгнээнд тавьж, ардаа дараа дараагийн эгнээнд байрлуулдагийн баталгаа.  Ядуу буурай улс оронд, төр нь түмнээ тоодоггүй улс оронд зуучлалын гэрлэлт цэцэглэн хөгждөг юм. Хүнээ баялаг гэж харж чаддаггүй, хүн ардаа хамгаалж, хайрлаж чаддаггүй төртэй улс орны иргэд ийм замаар бусдын тоглоом, бас золиос болдог юм. Монголчууд бид цөөхүүлхэнээ, хэзээ бид төр засгийнхаа хайр ивээлд багтаж, Монгол хүн үнэ цэнэтэй, улс орондоо хэрэгтэй болох юм бэ? Яг үнэндээ хичнээн сайхан Монгол охид, хүүхнүүд, залуус харийн улсад ийм бас өөр байдлаар шаналж зовж яваа бол? Мэдэх хүн байхгүй гэдгийг мэргэн түргэнээс асуултгүй ээ, бид өөрсдөө мэдэрч байна… Хайран МОНГОЛЧУУД…

Ж.Батхишиг

Эх сурвалж: Hunnu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.