Аливаа юм савнаасаа халих тэр мөчид утгаа алддаг жамтай. Үүний нэгэн адил улс төр хийж, популизмыг дэврээхэд ч гэсэн хэмжээ хязгаар хэрэгтэй. Хэн нэгэн нам, хүний эрх ашиг, өөрийнхөө карьерт нийцүүлж улс орны эрх ашиг хөндөгдсөн чухал асуудлаар улс төр хийх нь төдийлөн зохимжгүй байлтай. Түүнийхээ оронд өнөөх мөнхийн сэдэв болсон Оюутолгой, Тавантолгойгоор сенсааци хийх хэрэгтэй байлаа даа.
Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайдад хандаж Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн “УБТЗ” ХНН-ийн даргын үйлдлын талаар нэгэн ноцтой байж болохуйц албан тоотыг явуулж, үүнийгээ олон нийтэд зарлалаа. Тодруулбал, “Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг 2014 оноос эхэлсэн. Хоёр тал тус хөтөлбөрийн төслийн ихэнх заалтуудыг тохирсон хэдий ч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-ын үл хөдлөх өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эдгээр хоёр асуудлууд Оросын талтай саналын зөрүүтэй байгаагийн улмаас хөтөлбөр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна. Тухайлбал, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна. Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна. Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье. Хувийг зам, тээврийн сайд М.Зоригт танаа” гэсэн юм.
Уг ил захидал тухайн өдөртөө Монголд ихээхэн дуулиан тарьсан. Тэрхүү шуугиан нь хойд хөрш болон Хятадын талыг ихээхэн гайхшралд автуулсан гэхэд болно. Хэрэв Л.Пүрэвсүрэн сайдын хэлсэн зүйл үнэн бол байдал эвгүйтэх байв. Гэвч УБТЗ-ын дарга Пүрэвбаатар мэдээлэл хийж “Энэ яриа гарсан эх сурвалж нь Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх, нөгөө талаас Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунины гарын үсэг зурсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” юм. Хэлэлцээрийн 4.2-т “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр логистикийн компани байгуулахаар тохиролцов” гэжээ. Энэ талаар гадаад яамны шугамаар хэрэгжиж байгаа Хятад, Монгол, Орос гурван улсын яриа хэлэлцээр явагдаж байгаа. Тиймээс би талуудад санал тавьсан” гэв.
Харамсалтай нь Гадаад харилцааны сайд маань андуурчихсан бололтой. Энэ талаар сэтгүүлчид түүнээс тодруулга авах гэсэн боловч огт халгаахгүй яваа. Яаж ч бодсон “УБТЗ”-ын дарга хоёр улсын гэрээ хэлэлцээрт оролцох боломжгүй шүү дээ. Тийм эрх ч байхгүй.
Хэрэв муугаар бодож оролцож, ийм санал тавьсан байлаа ч гэсэн олон улсын төвшинд хамаарах уг асуудлыг танхим дотроо ярилцах ёстой байсан болов уу. Ингэж олон нийтэд нээлттэй мэдээлэх нь оновчгүй сонголт байлаа. Угтаа бол Гадаад харилцааны сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа хүн хамийн дипломатч байх ёстой. Асуудлыг эвийн байдлаар, эвлэрэл ашиглаж шийдэж байх үүрэгтэй байдаг. Гэтэл манай Ерөнхий сайдын томилсон Гадаад харилцааны сайд дотоодын зөрчлөө олон нийтэд хамгийн түрүүнд зарлаж, “хов” зөөж явна. Энэ бол энэ цагийн улс төрийн хамгийн түгээмэл “би баатар” болох гэсэн парадокс юм.
Ерөнхий сайдын тэргүүлж буй Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадахгүй болсон нь эндээс ажиглагдаж байна. Аливаа асуудал, тэр дундаа хоёр улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой чухал нууц асуудлын талаар олон нийтийн өмнө бичиг бичилцгээж байгаа нь туйлын зохисгүй. Үүгээр Монгол л муухай харагдлаа. Уутанд хийсэн үхрийн эвэр шиг болсон нь ахин батлагдлаа. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт Л.Пүрэвсүрэн сайдыг дуудаж ёстой л “буулгаж” өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Арга ч үгүй биз. Танхимын сайд нь өөрийг нь муу харагдуулчихлаа шүү дээ.
Ер нь Монгол Улсын гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан үе үеийн сайдууд хэзээ ч гэрээ хэлэлцээрээр улс төр хийж явсан удаагүй. Түүхэндээ анх удаа л ийм хэрэг болж байна. Оросын тал манай улстай хамтарч явуулж буй үйлдвэр, хамтын нийгэмлэгүүддээ туйлын болгоомжтой хандаж эхэлсэн. Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалын үеэр Эрдэнэтийн талаар хатуухан байр суурь илэрхийлсэн удаатай.
Ямартаа ч олон улс хороондын нэн чухал асуудлыг биечлэн гүйцэтгэж буй Гадаад хэргийн сайдын уг болчимгүй үйлдэлд Ерөнхий сайд хариуцлага тооцох хэрэгтэй.
Г.Лхагваа
Эх сурвалж: www.zaluu.com